Ц.Сандаг-Очир: Уул уурхайн лиценз олноор олгогдсон аймгууд дээр хяналт шалгалт хийнэ

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 28 минутын өмнө

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн олборолтоос үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх төлөвлөгөөг хэлэлцүүлэн хуралдааны тэмдэглэлээ батлууллаа. Зургаадугаар сарын 3-нд Монгол улсын Ерөнхий сайдын албан даалгавар гарч уул уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаанаас болж эвдэрсэн газар хүний амь нас эрсдэх нөхцөл бүхий газруудыг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар албан даалгавар байсан. Одоогийн байдлаар албан даалгаврын хэрэгжилтүүд хэрэгжээд явж байна. Манай яам болоод ЭБАҮЯ, Экологийн цагдаатай хамтарсан шалгалтууд Сэлэнгэ аймагт үргэлжилж байна.

Эхний шалгалтын үр дүнгүүдийг энэ долоо хоногтоо багтааж Шадар сайдад танилцуулахаар бэлтгэл ажилаа хангаж байна. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг энэ хүрээнд танилцуулна. Дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 54000 га газар нутаг уул уурхай болон зам тээвэр, барилга байгууламжаас мөн хууль бус ашигт малтмалын олборолттой холбоотойгоор эвдэрсэн гэх судалгаа гарсан байна. Өнөөдрийн ажлын төлөвлөгөө бол 2026-2030 оны хугацаанд 54000 га газар нутгийг нөхөн сэргээхээр 27 заалт бүхий ажлын төлөвлөгөөг боловсруулан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүргэжүүлэн ажиллаж байна. 

Ингэснээр цаашдаа Шадар сайд, ОБЕГ, Экологийн цагдаа, ЭБАҮЯ болон манай яам хамтраад уул уурхайн лиценз олноор олгогдсон аймгууд дээр хяналт шалгалтыг ажлыг үе шаттайгаар хийж ажиллана. Эвдэрсэн газар нутгуудыг нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг бий болгон зарим хариуцлагагүй уул уурхайн асуудлаас болж нийт Монголын компаниуд хариуцлагагүй мэт байдлыг үүсгэж, энэ нь эргээд Монгол улсын эдийн засаг, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Г.Дамдинням сайд Улсын төсөв гурав дөрөвдүгээр улиралд хүндэрнэ, төсөв санхүүгийн хэрэгцээт шаардлага бий, цалин мөнгөө нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий, дэлхийн зах зээлд алтны үнэ 4000 төгрөг гарчихсан. Энэ бол байнга тогтвортой байх боломж биш. Тийм учраас энэ боломжийг ашиглаад уул уурхайн олборолтыг нэмэгдүүлье гэсэн байр суурьтай байна. 

Гэхдээ өмнөхөөсөө суралцаж байх хэрэгтэй. Алтны хичнээн үнэд хүрсэн ч хариуцлагагүй уул уурхайтай тэмцэж, хууль хянартын байгууллагыг эрчимжүүлэх, хуулийн хэргэжилтыг хянах ажлуудыг сулруулахгүй явуулна. Энэ 8 сард болох НҮБ-ын цөлжилттэй тэмцэх хурлыг хийх гэж байна. Бид 2030 он гэхэд нийт тусгай хамгаалалттай газар нутгаа 30 хувьд хүргэнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Энэ хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгаа өргөжүүлж, амлалтаа биелүүлэх зорилттой байна. Хяналт шалгалтын ажиллууд нь зохих хүрээнд хийгдээд явна гэдгийг хэлмээр байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна