Шадар сайд Ж.Энхбаяр Сангийн сайдад тамхины хуулийн талаар санал хүргүүлжээ

Х.Есү
1 цаг 44 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины хяналтын тухай хуулийн талаар мэдээлэл хийхдээ Шадар сайд Ж.Энхбаярыг хуульд өөрчлөлт оруул гээд Сангийн сайддаа үүрэг даалгавар өгсөн хэмээн мэдээлсэн.

Тэгвэл Ж.Энхбаяр өнөөдөр Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөлтэй танилцаж дараах хүсэлтийг Сангийн сайдад хүргүүлжээ. 

Бид тус саналыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Санал хүргүүлэх тухай

Танаас 2026 оны 01/7115 дугаар албан бичгээр санал авахаар ирүүлсэн "Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл болон “"Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөлтэй танилцаж дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:

Нэг. Онцгой албан татварын тухай хуулийн төсөлд:

1.1. Хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл болон биет нэгжийг дараах байдлаар тодорхойлж нэмэх:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл:

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж:

1

Бүх төрлийн тамхины шингэн

10 миллилитр

2

Татаж хэрэглэх зориулалттай навчин, шүүлтүүртэй, шүүлтүүргүй янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3

Халаадаг тамхин бүтээгдэхүүн 

100 ширхэг

4

 

Ууталсан никотин (nicotine pouch)

1 килограмм

 

1.2. Төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан онцгой албан татварын хэмжээг (төгрөгөөр) тогтоохдоо зах зээлийн өсөлт, хэрэглээний чиг хандлагатай уялдуулан 2026 онд 50 хувиар, цаашид 2027-2030 он хүртэл жил бүр 10 хувиар шаталж өсгөх замаар дараах байдлаар тусгайлан тогтоох. Үүнд:

1.2.1. Татаж хэрэглэх зориулалттай навчин, халаадаг, шүүлтүүртэй, шүүлтүүргүй янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхины (100 ширхэг тутамд) татварыг одоогийн 4,180 төгрөгөөс 2026 онд 6,270 төгрөг, 2027 онд 6,897 төгрөг, 2028 онд 7,587 төгрөг, 2029 онд 8,345 төгрөг, 2030 онд 9,180 төгрөг;

1.2.2. Халаадаг тамхин бүтээгдэхүүнийг бие даасан төрлөөр нэмж татварын хэмжээг (100 ширхэг тутамд) 2026 онд 3,135 төгрөг, 2027 онд 3,449 төгрөг, 2028 онд 3,793 төгрөг, 2029 онд 4,173 төгрөг, 2030 онд 4,590 төгрөг;

1.2.3. Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины (200 грамм тутамд) татварыг одоогийн 626 төгрөгөөс 2026 онд 939 төгрөг, 2027 онд 1,033 төгрөг, 2028 онд 1,136 төгрөг, 2029 онд 1,250 төгрөг, 2030 онд 1,375 төгрөг гэж тус тус өгсөх;

1.2.4. Бүх төрлийн тамхины шингэн болон Электрон тамхи төхөөрөмжийн хамт (10 миллилитр тутамд) авах татварыг 2026 онд 3,135 төгрөг, 2027 онд 3,449 төгрөг, 2028 онд 3,793 төгрөг, 2029 онд 4,173 төгрөг, 2030 онд 4,590 төгрөг болгон тус тус шинээр тогтоох;

1.2.5. Түүнчлэн ууталсан никотинд (nicotine pouch) онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй бөгөөд татварын хэмжээг (1 килограмм тутамд) 2026 онд 20,900 төгрөг, 2027 онд 29,275 төгрөг, 2028 онд 35,125 төгрөг, 2029 онд 42,150 төгрөг, 2030 онд 46,365 төгрөг байхаар  нэмж тусгах;   

1.3. Хуулийн төслийн 2 дугаар зүйлд Онцгой албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн хүснэгтийн 2 дахь мөрийн “Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи” гэснийг “Татаж хэрэглэх зориулалттай навчин, шүүлтүүртэй, шүүлтүүргүй янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи” гэж өөрчлөн найруулах;

1.4. Төслийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан "хосолсон хэлбэрээр татвар ногдуулах" зохицуулалтын хувьд Евразийн эдийн засгийн холбооны гэрээтэй холбоотойгоор үүсэж буй энэхүү үнийн дүнгээс хувиар тооцох татварыг зөвхөн янжуур болон дүнсэн тамхи дээр тусгайлан тооцохоор тайлбарт тусгах нь зүйтэй.  

Хоёр. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд:

2.1. “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтын 24 дүгээр бүлэгт өөрчлөлт оруулахдаа барааны ангиллын кодуудыг нарийвчлан тусгах шаардлагатай. Тухайлбал, 24.04 дэх заалтын доор дараах дэд кодуудыг нэмж, гаалийн татварын хувийг уялдуулах. Үүнд:

2.1.1. 24.01 (Түүхий тамхи; тамхины хаягдал) – "30" хувь;  

2.1.2. 24.02 (Тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, үзүүрийг нь тайрсан сигар (cheroots) болон нарийн ороосон сигар (сигарилл) болон янжуур) – "0" хувь;

2.1.3. 24.03 (Боловсруулсан бусад тамхи болон тамхи орлуулагч; "нэгэн төрлийн болгосон" буюу "сэлбэгдсэн" тамхи; тамхины ханд болон охь) – "0" хувь;

2.1.4. 24.04 (Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл тамхи, никотин орлуулагч агуулсан, асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн; хүний биед никотин өгөх зориулалттай, никотин агуулсан бусад бүтээгдэхүүн) – "5" хувь;

2.1.5. 2404.11.10 буюу "Цахилгаан халаагч хэрэгслээр татах, янжууртай адилтгах тамхи (EHTP)" гэсэн ангиллыг нэмж, татварын хувийг "5" хувиар тогтоох;

2.1.6. 2404.12 буюу "Никотин агуулсан бусад: Нэг удаагийн электрон тамхи; Цэнэглэгч шингэн" гэсэн ангиллыг нэмж, татварын хувийг "5" хувиар тогтоох;

2.1.7. 2404.19 буюу "Амаар хэрэглэх зориулалттай" гэсэн ангиллыг нэмж, татварын хувийг "5" хувиар тус тус тусгах саналтай байна.

 Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна