Баянгол дүүрэгт хэвтээ тэнхлэгийн гэрлэн дохио суурилуулснаар осол 50 хувиар буурчээ

Zuv.mn
43 минутын өмнө

Явганаар замын хөдөлгөөнд оролцогчид, тэр дундаа хүүхдүүдийг зам тээврийн осолд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Энхтайваны өргөн чөлөө дагуух явган хүний гарц, уулзварууд дээр хэвтээ гэрлэн дохио суурилуулах ажлыг Баянгол дүүрэгт өнгөрсөн зургадугаар дугаар сараас эхлүүлжээ.

Энэ ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 9 байршилд буюу Хермесийн уулзвар, 25-р эмийн сангийн уулзвар, Төмөр замын дээд сургуулийн уулзвар, Гранд плазагийн уулзвар, 3-р эмнэлгийн урд талын явган хүний гарц, Х хорооллын явган хүний гарц, ТБД андуудын урд талын явган хүний гарц, Нарны гүүрний баруун талын явган хүний гарц,Мөн Вокзалын тойргийн уулзварууд дээр хэвтээ гэрлэн дохио суурилуулаад байна.

 

Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний хам эрчим эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийнхэнтэй гэрлэн дохио суурилуулсан байршлууд дээр очиж дээрх ажлын үр дүн, явц, өөр хаана нэмж суурилуулах талаар санал солилцлоо. 


Энэ үеэр дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Оргил “Энхтайваны өргөн чөлөө дагуух авто зам ачаалал ихтэй. Энэ замаар өдөрт 130-150 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн статистик бий. 2025 оны эхний долоон сарын байдлаар зөвхөн Баянгол дүүрэгт явган хүний гарц дээр 146 хүн гэмтэж бэртсэн байдаг. Үүнийг энэ оны мөн үетэй харьцуулахад 15 хувиар буурсан байна. Ялангуяа энэ бүсэд явган хүний гарц дээр хэвтээ гэрлэн дохио суурилуулж эхэлснээр явганаар хөдөлгөөнд оролцож байхдаа бэртэж гэмтсэн осол 50 хувиар буурсан байна. Энэ тэмдэг тэмдэглэгээ нь бага насны хүүхэд болон хөдөлгөөнд оролцож байгаа бусад хүмүүст маш ойлгомжтой учраас зам тээврийн осол буурахад нөлөөлж байна” гэсэн юм.

 

Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор явган хүний гарц, уулзварууд дээр хэвтээ гэрлэн дохио суурилуулах энэ төсөл арга хэмжээг бид цаашид үргэлжлүүлнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх бүх явган хүний гарц, уулзварыг ийм гэрлэн дохиотой болгоно. Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх гол замууд болох Чингүнжав, Дилав хутагт Жамсранжав, Жалханз хутагт Дамдинбазар, Амарсанаагийн гудамжны авто замын уулзваруудаас гадна Энэбишийн хөшөөний авто замын уулзварууд дээр хүйтрэхээс өмнө буюу 9, 10 дугаар сардаа багтаан хэвтээ гэрлэн дохиог суурилуулна. Ингэснээр явган зорчигч тэр дундаа хүүхэд гарц, уулзвар орчимд зам тээврийн болон ямар нэг осолд өртөхөөс тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлж чадна” гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна