Т.Бат-Уул: Нарны цахилгаан станцтай, зай хураагууртай таван аукционы концепцэд нийцсэн төсөл амжилттай хэрэгжээд явж байна

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 27 минутын өмнө

Диспетчерийн үндэсний төвийн Арилжаа зохицуулалтын албаны дарга Т.Бат-Уултай ярилцлаа. Бидний яриа сэргээгдэх эрчим хүч тойрсон сэдвээр өрнөсөн юм. 

-Манай улс эрчим хүчний хүчин чадлын дутагдалтай байгаа. Энэ тал дээр ямар ажил хийвэл үр дүнд хүрэх бол?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний систем олон улсад хэрэглэгдэж буй нэг худалдан авагчтай арилжааны загварыг ашиглаж байна. Үүний нэг хүндрэл нь алдагдал нь 200 тэрбум гарчихсан явж байгаа. Алдагдлыг эх үүсвэрүүдийн эрчим хүчээ борлуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн худалдах тарифуудыг Эрчим хүчний зохицуулах хороо буюу төрөөс зохицуулж байгаа. Үүнтэй хамааралтайгаар нэг худалдан авагчийн санхүүгийн хүндрэл, хэрэглэгчийн тариф бага байна гэх асуудал энд гарч байгаа юм.

Монгол Улсын эрчим хүчний системийн төвийн бүсийн нэгдсэн сүлжээ буюу нэг худалдан авагчтай загварын хүрээнд нийт 10 сэргээгдэх эрчим хүчний станц үйл ажиллагаа хэрэгжүүлэн явж байна.

-Тодруулбал?

-Сэргээгдэх эрчим хүчний станцууд хамгийн бага нь 12, хамгийн өндөр нь 17.3 центээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэг худалдан авагчийн дундаж эх үүсвэрүүдийн үнэ 2026 оны байдлаар нийт 6.3 цент орчим үнэтэй байна.

Тэгэхээр 2015 оноос хойш гэрээ байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн сэргээгдэх эрчим хүчний энэ дундаж тариф нь нэг худалдан авагчийн дундаж үнээс 2-3 дахин өндөр үнэтэй байна. Нарны эрчим хүчний зай хуримтлуулах техникийн үнэ сүүлийн үед зах зээлд хямдарсантай холбоотойгоор олон улс даяар үнэ бууж байна.

Бидний зүгээс олон улсад бууж байгаа үнийн бууралтыг Монгол Улсын эрчим хүчний системд оруулж ирэх зорилгоор өрсөлдөөнт арга хэмжээг 2026 оны зургадугаар сарын 18-ны өдөр анх удаа хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд таван байршилд таван цэгийн нарны цахилгаан станц, зай хуримтлуулах системтэй сонгон шалгаруулалт явагдсан. Үр дүнд нь нэг киловатт цагийн өртөг хамгийн багадаа 4.85 болж бууж ирсэн. Хамгийн өндөр нь 7.8 цент. Ийм болсон шалтгаан нь дамжуулах сүлжээнд нэмэлт өргөтгөл хийж байгаатай холбоотой. Нэмэлт төлбөр, тариф тусгагдаж байгаа учраас энэ нь бага зэрэг өндөр гарсан.

Бусад төслийн хувьд 5-6 цент орчим л үнэ тогтсон байгаа. Олон улсад техник технологи, панелийн үнэ буурч байгаа үзүүлэлтээс харахад, бид үнэхээр шударга өрсөлдөөнөөр явбал Монгол олон улсад байгаа шиг үнэ ханш бизнесийн орчинд орж ирэх боломжтой.

-Сэргээгдэх эрчим хүч хямд өртгөөр нийлүүлэх боломжтой гэсэн үг үү?

-Зарим хүн сэргээгдэх эрчим хүчийг найдвартай биш гэсэн ойлголттой байдаг. Бидний зүгээс арга хэмжээ болох үед манайх горимын тооцоо хийгдэг. Энэ нь яг техник дээр тавих хамгийн бага шаардлагыг зааж өгдөг. Энэ шаардлагыг хангасан хүмүүс өөрсдийнхөө үнээр өрсөлдөн шалгарч байгаа.

Энэ таван төслийн хүрээнд бүх нарны цахилгаан станцууд зай хураагуурын станцтай болсон. Тэгэхээр өдрийн цагаар илүү үйлдвэрлэсэн эрчим хүчээ хураагууртай хийж цэнэглээд оройн цагийн оргил ачааллын үеэр хураагуураасаа эрчим хүчээ нийлүүлэх боломжтой болно. Энэ техникийн шийдлийг зааж өгсөн учраас эхний арга хэмжээний үр дүнд санхүүгийн байдлаас ч тэр техник найдвартай ажиллагаа талаасаа ч тэр маш эерэг үр дүн гарсан гэж бидний зүгээс үзэж байна.  

Аукционы хүрээнд нарны станцдаа зай хураагууртай, өвөлдөө -40 хүрч, зундаа +40 хүрч байгаа ч нарны цахилгаан станцыг Монголд ашиглах бүрэн боломжтой. Энэ нь боломжгүй зүйл огт биш. Захиалж хийлгэх боломжтой. Тодорхой хэмжээний зардлыг нэмэх асуудал л үүснэ. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний 10 станц үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүний нэг болох "Эрдэнэ" нарны цахилгаан станц. Энэ нь нарны цахилгаан станцтай, хажуудаа зай хураагууртай таван аукционы концепцэд нийцсэн төсөл аль хэдийн амжилттай хэрэгжээд явж байгаа учраас бидний зүгээс энэ төсөл боломжтой гэж үзээд олонд зарласан.     




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна