Учир юу гэвэл Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж буй таван нэр дэвшигчийн хоёр нь сонгуулийн хугацаа дуусахаас өмнө нэрээ татах сураг дуулдаж эхэллээ. Ж.Батзандан, С.Эрдэнэ нарын нэр дэвшигчид намын даргын сунгаанаас нэрээ татаж, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нарын нэг нь намын даргад өрсөлдөх бололтой.
АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч таван эрхэм орон нутагт ажиллаж, намынхаа гишүүдэд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө ярьж яваа. Намын удирдах байгууллагад олон жил ажилласан, ардчиллын анхдагч хүний хувьд С.Эрдэнэ энэ намд хэлэх үгтэй, хийсэн ажилтай. Одоо УИХ дахь АН-ын бүлгийн даргын үүрэгт ажилтай. АН их ялагдал хүлээсний дараах сөрөг хүчний үүргийг С.Эрдэнэ нуруун дээрээ авч явах том үүргийг хүлээсэн юм. Харин Ж.Батзандан нэр дэвшиж буй намынхаа нөхдөөс суралцах зүйл их бий. Түүнд намынх нь зарим нөхөд дургүй байдаг гэх яриа бий. Учир нь Иргэний хөдөлгөөний намыг байгуулж, Ардчилсан намыг шүүмжилж байсныг мэдэхгүй хүн үгүй. Өнгөрсөн дөрвөн жил АН эрх барьж байхад ч намаа хамгийн шүүмжилж, муухай харагдуулж байсан гэдэг. Ийм байтал түүгээр нам удирдуулж, ирэх 2020 оны сонгууль, улс төрийн бодлогыг бариулах сонирхол гишүүдэд нь байхгүй биз ээ.
Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нар мөн л хүчтэй өрсөлдөгчид. Н.Алтанхуяг бол Ардчилсан намын даргын албыг хашиж, Ерөнхий сайдын суудалд суусан. Түүнийг сайн Ерөнхий сайд байсан гэдэгтэй маргах хүн АН дотор үгүй биз. Намынх нь зарим нөхөд түүнийг хавсран унагаагүй бол тэрбээр Ерөнхий сайдын албыг хашиж, АН-ыг дахин сонгуульд удирдаж орох байсан биз. Эв эеийг хичээж ирсэн Н.Алтанхуяг АН-ыг найман жил удирдсан. Харамсалтай нь энэ хугацаанд намдаа ротаци хийгээгүй, ҮЗХ-ны гишүүдэд салхи оруулаагүй гэх шүүмжлэлтэй нүүр тулсаар ирсэн. АН-ыг сайн удирдаж байсан гэж нэг талаараа хэлэгддэг ч, АН-ыг шинэчлэх ажлыг хамгийн ихээр гацаасан хүн бол Н.Алтанхуяг байсан гэдгийг одоо намын жирийн гишүүд нь ярьдаг юм билээ.
Д.Эрдэнэбат бол АН-ын “гал тогоог”барьж, УИХ-ын 2012 оны сонгуульд орсон. Тухайн үедээ түүнийг эвлэрүүлэгч хэмээн нэрлэж байсан. Өөрөөр хэлбэл, хоёр тийш харсан намынхнаа эвлэрүүлж, нэг зүг рүү харуулж, сонгуульд оруулсан нь түүний гавьяа гэдэг. Үүгээр ч зогсохгүй их ялагдлын дараа намынхнаа сэрээсэн хүн Д.Эрдэнэбат. Тэрбээр орон нутгийн сонгуульд намаа удирдаж, бас ч болоогүй чамлахааргүй суудлыг авч чадсан. Д.Эрдэнэбат АН-ын даргын сонгуулийг сунгаагаар одоогийн зарчим шиг явуулъя гэж ярьсны хүчинд энэ удаа АН их хурлаа хийж, намдаа салхи оруулж, алдаа оноогоо зөвшилцөж, даргаа бүх гишүүдээс сонгохоор болоод буй нь энэ.
Лу.Гантөмөр. Залуу бөгөөд эрчтэй нэгэн. Ардчилсан намын гишүүн болсон цагаасаа АЗХ-ны даргын албаас УИХ-ын гишүүн болтлоо улс төрийн карьераа үргэлжлүүлж яваа. Боловсролын сайд хийж, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлсэн. Төрд ажиллах чадвартай түүнийг хүнд байдалд орчихсон АН-ыг босгож ирэх бяр дутна гэж үзэх намын ахмад гишүүд бий. Аймаг, дүүргийн Ардчилсан намыг удирдаж үзээгүй, зовлон жаргалыг нь мэдэхгүй, мэдрээгүй хүн сөрөг хүчин болсон АН-ыг нэг цул болгон удирдаж явахад эргэлзэх нөхөд бишгүй байна. Л.Гантөмөр чадвартай залуу ч гэлээ уналтад орчихсон намаа шинэчлэн босгож, сөрөг хүчний дуу хоолойг хүчтэй хүргэж чадах нь юу л бол.
АН-ыг дээрх нэр дэвшигчид бүгд өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй. Тэд өөр өөрсдийн бодлого, мөрийн хөтөлбөр, зорилго чиглэлээ ярьж явна. Сонгуулийн явц дунд хоёр нь нэрээ татаж, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр нарын дунд өрсөлдөөн явагдаж, АН-ын даргад аль нэг нь сонгогдох сураг ажиг байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна