Г.Уянга: АН хүч түрэмгийлэхийн зовлонг ойлгож эхэлж байна

2017/01/13
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өчигдөр улс төрд суудалтай болон суудалгүй намуудын дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар хэлэлцүүлэг зохион байгуулсан. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд Үндсэн хууль, УИХ дах цөөнхийн бүлэг болон суудалгүй намуудын эрх ашгийг зөрчсөн заалт орсон гэж үзэж буй юм.

Энэ үеэр  ТТЭН намын дарга Г.Уянга байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “АН-ынхан олонхиороо хүч түрэмгийлэхийн зовлонг ойлгож эхэлж байгаа юм байна. Би энэ хуулийн төслөөс нэг их том өөрчлөлт олж харахгүй байна. Үнэхээр сонгуулийн хуулийг өөрчлөх гэж байгаа бол сонгогчдын бүтцээ харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад сонгуулийн насны 1.9 сая иргэн бий. Үүнээс МАН болон АН-д нийт 350 мянга гишүүн харъяалагдаж байна. Үлдсэн 1.6 сая орчим хүний аль нэг намд харъяалагддаггүй. Энэ хүмүүс намд ч итгэхээ больсон.

Тэгэхээр УИХ-д суудалтай намууд зөвхөн гишүүдийнхээ төлөөлөл байх бус үлдсэн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн төлөөллөө оруулах боломжийг хангах хуулийг батлах хэрэгтэй. Дээрээс нь АН нэр дэвшигч оффшор дансгүй байх, төрийн албанд ажиллах хугацаандаа ёс зүйн алдаа дутагдал гаргаагүй байх зэрэг энгийн шалгууруудыг оруулах ёстой. Түүнчлэн сонгогч саналаа нээлттэй өгөх үү, нууцаар өгөх үү гэдгээ өөрсдөө сонгодог болгох нь зөв. Ингэвэл санал авах явцад хяналт тавих боломж бүрдэнэ. Техник, технологи хөгжиж байгаа өнөө үед энэ зэргийг хийх боломж бүрэн бий. Өнөөдөр АН Эрдэнэт, Тавантолгойгоо хамгаалж чадах эсэхээ ард түмэндээ харуулах хэрэгтэй. Танай нам өөрчлөгдөх ёстой” гэсэн юм.
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна