"Мэхт мэхэндээ…" буюу "Цаасан дээр" цалин өсгөсний гай

Zuv.mn
2 цаг 23 минутын өмнө

Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчид ажил хаяж, цалинг доод тал нь улсын дундаж буюу 2.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьсан билээ.

Үүнийг нэг талаасаа “Мэхт мэхэндээ” гэдэг биеллээ оллоо гэж дүгнэж болно.   

Эрх баригчид сүүлйин жилүүдэд Үндэсний статистикийн хорооны тооцоогоор улсаа хөгжүүлэхэд анхаарал хандуулж ирсэн. Иргэдэд хамгийн үнэн зөв мэдээлэл өгөх ёстой  байгууллага эрх баригчдын “Нохойд барьдаг мод” болсноор дарга нарын бамбай, нийгмийн сэтгэл зүйг удирдах үүрэгтэй, суртал ухуулгын машин болсон.

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хамгийн бага харагдуулж, дундаж цалинг жилээс жилд өгсөх графикаар “явуулдаг болсон.

2013 онд МҮЭХ 21 аймаг, гурван хотоор явж иргэдийн цалин хөлстэй газар дээр нь танилцан судалгаа хийжээ. Энэ судалгааныхаа үр дүнг барьж очоод Засгийн газартай цалин нэмэх асуудлаар дорвитой хэлэлцээр хийхээр бэлтгэж байв. Гэтэл хэлэлцээр эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ҮСХ улсын хэмжээнд дундаж цалин 900 000 төгрөг болсныг сүр дуулиантай зарлаж орхисон түүхтэй. Газар дээр нь явж судалгаа хийсэн хүн болох МҮЭХ-ны Ерөн­хий­лөгч Х.Амгаланбаатар шооконд орж, “Өнөөдөр манай тө­рийн албан хаагчдын дундаж ца­лин 500-600 мянган төгрөг байна. Дундажлаад үз­вэл дундаж цалин 598 мянган төг­рөг байгаа юм. Энэ нь сарын өм­нө улсын хэмжээнд байсан ца­лин­гийн дундаж хэмжээ. Гэтэл гэ­нэт яагаад цалингийн дундаж хэм­жээг 900 мянган төгрөг гэж Үндэсний статистикийн хо­роо­ноос зарлав. Сүүлийн нэг са­рын дотор огцом нэмэгдсэн нь ямар учиртай юм” хэмээн гайх­аж байв. Үндэсний статистикийн хорооны ачаар эрх баригчид тэр жил цалин нэмээгүй. Торгууль шийтгэлд илүү нөлөөлдөг цалингийн доод хэмжээг л өсгөсөн түүхтэй.

 Одоо харин асуудал өөр болжээ. Багш нар, эмч нар цалингаа улсын дунджид хүргэх шаардлага тавьсан нь зөвөөс зөв. Ухрахгүй байх хэрэгтэй. Нэмэгдлийг улсгал зардлаас биш, хөрөнгө оруулалтын зардлаас хастал нь тэмцэх ёстой.

Арга хэмээх аргалалт

Үндэсний статистикийн хороо үнийн өсөлт, ядуурал, гэмт хэрэг гэх мэт нийгмийн сөрөг үзүүлэлтийг хамгийн бага, иргэдийн цалин, орлогыг байж болох дээд хэмжээнд харагдуулж чаддаг. Үүнд хэдэн арга, бас заль бий.

-Дундаж цалинг тооцохдоо ААН, төрийн байгууллагуудын бүх ажилчдын цалинг /тэр дундаа 10-50 сая буюу хэт өндөр цалинтай дарга нарын цалинг/ нийлүүлээд нийт ажилчдын тоонд хуваан дунджилж байгаа нь АРГА. Ажилчдыг цалингаар бүлэглэхдээ нарийвчилдаггүй нь ЗАЛЬ. 100 сая төгрөгийн цалинтай нэг хурган дарга л дундаж цалинг өсгөж харагдуулдаг гэсэн үг. Одоо энэ арга нь өөрсдөд нь гай болж байна. Тиймээс цалинг маш нарийвчилж танилцуулах ёстой юм. Улмаар нэг хүний хэт өндөр цалин биш, нийт хөдөлмөрчдийн үнэлгээ гол нөлөө үзүүлдэг байдлыг бий болгох ёстой. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна