Б.Баатарцогт: 2017 онд улсын төсөвт 232 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

2017/01/26
Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд өнөөдөр 2016 оны ажлын тайлан болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт “2016 онд улсын төсөвт нийт 160.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс 183.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 23.1тэрбум төгрөгөөр буюу 14.4 хувиар давуулан биелүүллээ. 2017 онд Ашигт малтмал, газрын тосны газар 232,6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэв. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр 3580 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын тусгай зөвшөөрөл 2022 ашиглалтын тусгай зөвшөөрөл 1558 байна. Нийт нутаг дэвсгэрийн 8.9 хувьд ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогдсоноос 8 хувийг хайгуулын, 0.9 хувийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэлж байгаа аж. 

Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2020 он гэхэд улсын хэмжээний алтны олборлолтыг жилд 25 тонн-д хүргэж эдийн засгийг сэргээх зорилго бүхий“Алт-2” хөтөлбөр Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор батлагдсан болохыг онцоллоо.
 
Төрийн өмчийн оролцоотой 6 компани нүүрс олборлож байна

Албаныхны өгсөн мэдээллээр 2015-2016 онуудад алт тушаалтын хэмжээ өсөлттэй байгаа бөгөөд, 2016 онд 18.51 тонн алт тушаасан байна. Харин нүүрсний олборлолтын тухайд 2016 онд 35,8 сая тн нүүрс олборлож, 34 сая тн нүүрс борлуулснаас 25,8сая тн нүүрс экспортолжээ. Монгол Улсын хэмжээнд хүрэн нүүрсний 21 уурхай, чулуун нүүрсний 32 уурхай үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийн оролцоотой 6 компани үйл ажиллагаа явуулж байна.
 
Тосон-Уул XIX, Тамсаг XXI, БХГ-97 талбайд газрын тос олборлож байна

Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаагаас 2016 онд Эргэл XII, Арбулаг XXIX талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ шинээр байгуулсан ба Шарга III талбайд сонгон шалгаруулалт явуулж байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3, газрын тосны 10 нийт18 талбайд эрлийн гэрээ байгуулаад байна. 2016 онд газрын тосны эрлийн 5 гэрээ байгуулснаар нүүрсний давхаргын метан хийн 1,шатдаг занарын 1, газрын тосны 3 талбайд эрлийн ажил эхлээд байна. Одоогоор Тосон-Уул XIX, Тамсаг XXI, БХГ-97 талбайд газрын тосны олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна.Тосон-Уул XIX талбай нь 650 кв.км талбайг хамрах бөгөөд 868 цооног өрөмдөж, 456 цооногоос хоногт дундажаар 1800 тонн, Тамсаг XXI талбай нь 209.2 кв.км талбайг хамрах бөгөөд 477 цооног өрөмдөж, 228 цооногоос хоногт дундажаар 15 00 тонн, БХГ-97 талбай нь 239.5 кв.км талбайг хамрах бөгөөд 119 цооног өрөмдөж, 106 цооногоос хоногт дундажаар 170 тонн тос тус тус олборлож байна. Өнгөрсөн хугацаанд Тосон-Уул XIX , Тамсаг XXI, БХГ-97 талбайгаас 5.6 сая тонн тос олборлон экспортлож, 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. 2016 онд 1.1 сая тонн тос олборлон экспортлож улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2017 онд Тосон-Уул XIX талбайд 210 сая ам.доллар, Тамсаг XXI талбайд 231 сая ам.доллар, БХГ-97 талбайд 11 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийж, 1.1 сая тонн тос олборлож экспортлон улсын төсөвт 188 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.
 
2016 онд 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлов

Монгол Улс 2014 онд 1.3 сая.тн, 2015 онд 1.1 сая тн, 2016 онд 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байна. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг төрлөөр нь авч үзвэл АИ-92 октантай автобензин 28 хувь, А-80 октантай автобензин 5 орчим хувь, дизель түлш 48 хувь, онгоцны түлш 2 хувь, бусад /тос тосолгооны материал, мазут, хий /17 хувийг эзэлж байна. Нийт хэрэглээний 94 хувийг ОХУ, 2 хувийг БНХАУ, 4 хувийг бусад улсуудаастус тус импортолж байна. 2016 оны 7 дугаар сараас төгрөгийн ханш огцом суларсан, арилжааны банкны зээлийн хүү нэмэгдсэн, шатахууны хил үнэ өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан үнэ өсөх нөхцөл бүрдсэн тул Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр тогтоол, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 166 дугаар тогтоол,2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор тус тус автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг зохих хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авлаа. “Шингэрүүлсэн шатдаг хийн хэвийн хорогдлын норм”-ыг Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 4-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.
 
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгодог

Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Уул уурхайн яам /хуучин нэрээр/-с баталсан журмын дагуу 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 37 удаа цахим хэлбэрээр дугаар олгож 2335 өргөдлийг бүртгэсэн. Бүртгүүлсөн өргөдлөөс тусгай зөвшөөрөл олгосон 1244, татгалзсан 681 өргөдөл байна. Сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой талбайн солбицлыг Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор нийтэд мэдээлсэн. Эдгээр талбай дээр Кадастрын хэлтэс 2015-2016 онд нийт 10 багцын 574.9 мянган га бүхий 97 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулж, хайгуулын 39 тусгай зөвшөөрөл олгоод байна.
 
 Олон Улсын байгууллага, төслүүттэй хамтран Монгол Улсад эрдэс баялагийн нэгдсэн сан байгуулах зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

АМГТГ дээр тус газрын Эрдэс Баялгийн Мэдээллийн Технологийн Төв (ЭБМТТ)-ийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, цаашдын хөгжлийн зорилгыг тодорхойлохоор Европын Сэргэн Босголтын банк (ERDB), Германы Байгалийн Нөөцийн хүрээлэн (BGR), Австрали–Монголын Олборлох салбарын төсөл (AMEP),Канад улсын Монгол улсад Олборлох Салбарын Менежментийг бэхжүүлэх төсөл (SESMIM)-үүдтэй хамтарсан зөвлөлдөх уулзалтыг2017 оны 1 дүгээр сар 18-нд зохион байгууллаа. Уулзалтаар ЭБМТТ-ийн Гео-мэдээллийн сангийн өнөөгийн байдал цаашдын төсөөллийг танилцуулж хэлэлцүүллээ. Иймээс Олборлох салбарын ил тод байдал, удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дээрх олон улсын байгууллагуудын дэмжлэгээр шаталсан төсөл хэрэгжүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хамтран хийхээр боллоо. Эдгээр ажлын эхлэл болгож Австрали–Монголын Олборлох салбарын төсөл (AMEP)-өөс ЭБМТТ-ийн Гео-мэдээллийн сангийн бүртгэлийн Веб орчинд Газарзүйн мэдээллийн системд суурилсан каталоги, метадата өгөгдлийн цогц сан програм шинээр бүрдүүлж, хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр боллоо. АМГТГ нь 2016 онд улсын төсөвт нийт 183.3 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. 2016 онд улсын төсөвт нийт 160.3 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгээс 183.3 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 23.1тэрбум төгрөгөөр буюу 14.4 хувиар давуулан биелүүллээ.

Үүнд:
• Газрын тосны экспортын орлого – 134.2 тэрбум төгрөг
• Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр – 34.6 тэрбум төгрөг
• Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр – 1.9 тэрбум төгрөг
• Бусад орлого 12.5 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.

АМГТГ нь 2017 онд улсын төсөвт нийт 232.6 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Үүнд:
• Газрын тосны экспортын орлого – 188.1 тэрбум төгрөг
• Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр – 37 тэрбум төгрөг
• Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр – 2.0 тэрбум төгрөг
• Бусад орлого 5.5 тэрбум төгрөг байна.

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарынүзүүлж буй нөлөө 2016 онд Монгол Улсын ДНБ-ий 17 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлсэн бөгөөд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 71 хувь буюу 6.2 их наяд төгрөгийн үйлдвэрлэл явуулжээ. 3.7 тэрбум ам долларын үнэ бүхий уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн экспортод гарсан нь нийт экспортын 87 хувийг эзэлж байна гэж АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна