ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх Засгийн газрын ажлын хэсэг хуралдлаа

2017/01/27

“Агаар, орчны бохирдлын тухай” ҮАБЗ-ийн зөвлөлийн 2017 оны 03-03 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааны эхэнд  ажлын хэсгийн ахлагч, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ҮАБЗ-ийн зөвлөмжийг танилцуулав.  ҮАБЗ-ийн   2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хуралдаанаас “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай”  дөрвөн  зүйл, 14 заалт бүхий зөвлөмжийг гаргасан. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг томилсон Ерөнхий сайдын  захирамжийн хуулбарыг холбогдох газруудад энэ сарын 18-нд хүргүүлжээ. ҮАБЗ-өөс  агаар, орчны бохирдлыг   гамшгийн нөхцөл байдалд очсон хэмээн  зарласан учраас ажлын хэсэгт багтсан гишүүдийг асуудалд хариуцлагатай хандахыг ажлын   хэсгийн ахлагч  онцгойлон анхаарууллаа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан уг ажлын хэсэгт бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар,  нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллагын дарга нар багтжээ.

Мөн   ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлаарх  Засгийн газраас хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. БОАЖЯ-ны  Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэгийн мэдээлснээр, уг ажлын төлөвлөгөөний төсөлд ойрын болон дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлэх хэд хэдэн ажлыг тусгажээ. Тухайлбал, бодлого, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр салбар бүрийн хийх ажлыг нарийвчлан тусгаад ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн нүүлгэн шилжүүлэх, дахин төлөвлөх эрхзүйн орчныг бүрдүүлэх, агаар, орчны бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар Засаг дарга, сайд, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нийцүүлэн гаргах журам, жагсаалтыг боловсруулж Засгийн газраар батлуулахаар мөн ажиллаж байна.

Бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр агаар бохирдуулагч эх үүсвэрийн цахим бүртгэлийн системийг шинэчлэн бүрдүүлэх, Нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг зогсоох, нийслэл рүү шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлах, яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлыг хийж хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийн төсөлд тусгажээ. Угаасан нүүрс, боловсруулсан түлшийг ашиглахад иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах бодлогыг тууштай барих шаардлагатайг БОАЖ-ын сайд мөн онцоллоо. Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник, технологийг олон нийтэд дэлгэн үзүүлэх байгаль орчинд ээлтэй техник, технологийн төвийг  нийслэлд гурваас доошгүй газар ажиллуулах бэлтгэл ажлыг БОАЖЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хангаад байна. Автомашины улсын үзлэгийг чанаржуулах, хөдөлгөөнд оролцож байгаа утаа ихтэй автотээврийн хэрэгсэлд хэмжилт, хяналт хийх, насжилт ихтэй автомашины импортыг үе шаттай хязгаарлах зэрэг олон асуудлыг  хөтөлбөрийн төсөлд байна.   

БОАЖЯ-ны хувьд ҮАБЗ-ийн зөвлөмжийг  хэрэгжүүлэхээр дэд ажлын хэсэг байгуулагдан яамны хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан холбогдох ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгааг ч салбарын сайд мэдээллээ. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах яамдын оролцоотой ажлын хэсэг БОАЖ-ын сайдын    тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна