Устгасан малд үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгохоор тусгажээ

2017/01/30
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг өвчний эрсдэлийг бууруулах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын нутаг дэвсгэр мал, амьтны өвчингүй эрүүл, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагын үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төслийг долоон бүлэгтэйгээр боловсруулсан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “ОХУ-ын талд дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санал тавьсныг хүлээж авсан. Малыг эрүүлжүүлэх, мах эскпортлох, үр тарианы үр нийлүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд гаргах дөрвөн чиглэлээр хамтран ажиллах саналыг хүлээн авснаа албан ёсоор мэдэгдсэн” гэлээ. Зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр олгохоор хуулийн төсөлд тусгасан хэмээн мэдээлсэн. Манай улсад 27 махны үйлдвэр ажиллаж байгаа ч олон улсын стандартын шаардлага хангасан нь цөөн болох нь олон улсын шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон юм байна.

УИХ-ын гишүүн Д.Ганболд “Биднийг тэжээж тэтгэж ирсэн уламжлалт аж ахуйгаа зөв хөгжүүлэх ёстой. Мал амьтнаа эрүүл байлгаж байж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлоготой нийцүүлэх нь чухал. Хуульд тусгаж байгаа гол асуудал бол мал эмнэлэг байгуулах тухай юм. Мал эмнэлгийн салбарт эрдэмтэн, мэргэдтэй хамтарч ажиллаж байгаа юу” гэдгийг тодруулав. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат “Манай улс ОХУ-тай хамт хөгжсөний дүнд хүн малаа аварч чадсан. Гэтэл одоо малын эмчилгээний замбараагүй хэрэглээ газар авсан. Бид ресторан, цайны газар ороод юуны мах идэж байгаагаа ч мэддэггүй. Аль орны малын эм тарилга, туулга сайн бэ гэдэг нь ойлгомжгүй. Маш олон төрлийн эм тариа оруулж ирдэг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж, анхаарч байгаа вэ. ОХУ-тай ямар хэмжээнд хамтарч ажиллах боломж бололцоо бүрдсэн бэ” гэдгийг тодруулав. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “ОХУ-тай хамтарч Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх II хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. ОХУ-ын төлөөлөгч 14 хоногийн дараа Монголд ирнэ. Энэ үеэр хөтөлбөрөө хэлэлцэж, батална. Хөтөлбөрт дөрвөн төрлийн чиглэлийг хамруулж байгаа” гэлээ. Мөн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс “1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, гишүүн Н.Учралаас “Инновацийн тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулиудын хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон юм. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцэхийн зэрэгцээ Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганболд нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нарыг Төсвийн байнгын хороо­ны, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Б.Ундар­маа нарыг Төрийн бай­гуу­лалтын байнгын хороо­ны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сумъяа­базар нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ж.Энхбаярыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Гарамжав нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Д.Сумъяабазар, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Л.Энхболд нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тогтоолын төсөлд тусгасан байв. Төслийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин, С.Уянга


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна