Их Британийн алдарт поп дуучин Аделийн эцэг ил гарч ирлээ. Туркийн амралт зугаалгын Бодрум хотод амьдардаг хөгжимчин, тэтгэвэрт гарсан төрийн албан хаагч Мехмет Асар ярихдаа “би бол Аделийн төрсөн эцэг. Би түүнийг ээжийнх нь хамт урьсан. Би ДНХ-гийн шинжилгээ хийлгэнэ” гэжээ.
Өдгөө 52 настай Мехмет Асар нь 1987 онд Аделийн ээж Пенни Эдкинстэй Бодрум хотод анх уулзаж, хайр сэтгэлийн холбоотой болжээ. Тухайн үед тус хотод британичууд аялан жуулчлахаар олноороо ирдэг байсан байна. Асар тэр үед таксины жолооч хийдэг байж.
Тэрбээр алдарт дуучны ээжтэй ямар харилцаатай байснаа нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө дэлгэрэнгүй ярьжээ. Түүний хэлснээр, Аделийн ээж Пенни тус хотод нэг сарын хугацаанд амраад Англи руугаа буцсан байна. “Пенни намайг авч явахыг хүссэн ч би Бодрумдаа үлдсэн. Би үлдээч гэж ятгасан боловч Пенни нутаг буцсан” гэж Асар ярьжээ.
Тэр үеэс хойш тэд хоёрхон удаа утсаар холбогдсон байна. Тухайн үед улс хооронд утсаар ярих нь өндөр үнэтэй байсан гэнэ. Асарын ярьснаар, Аделийг төрөх үед тэд холбоотой байсан бөгөөд яваандаа холбоо тасарчээ. Харин өнгөрсөн онд Адель Грэммийн шагнал хүртэж байгааг Асар телевизээр хараад, өөртэйгөө ихэд адилхан болохыг анзаарсан байна. Ингээд тэрбээр Аделийн талаарх мэдээллийг интернэтээс хайж эхэлжээ.
Асар ярихдаа “Аделийн ээж нь миний олон жилийн өмнө уулзаж байсан эмэгтэй мөн болохыг мэдээд би гайхсан. Аделийн ээж бол миний хайртай байсан эмэгтэй. Пенни огтхон ч өөрчлөгдөөгүй байсан” гэв. Pенни Эдкинстэй Бодрум хотод уулзсанаас яг есөн сарын дараа 1988 оны тавдугаар сарын 5-нд Адель төрсөн гэж хөгжимчин ярьжээ.
“Википедиа” нэвтэрхий толиноос үзвэл, алдарт поп дуучны бүтэн нэр нь Адель Лори Синий Эдкинс юм. Тэрбээр 1988 оны тавдугаар сарын 5-нд Лондон хотын Тоттенхэм дүүрэгт төржээ. Түүний эцгийг Марк Эванс гэдэг уэльс хүн байсан аж. Аделийг хоёр настай байхад эцэг эх нь салжээ.
А.Хатангоо
Эх сурвалж: www.montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна