Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өвөрхангай аймаг малынхаа тоогоор улсдаа дээгүүр бичигддэг. Гэхдээ эдийн засгийн чадамжийн хувьд тийм ч өндөр биш. Үүний шалтгааныг та юутай холбож тайлбарлах вэ. Ажлын байр дутмаг байгаа асуудалд аймгийн удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Өвөрхангай аймаг 113 мянга гаруй хүн амтай. Үүнээс 33 мянга орчим иргэн Арвайхээрт оршин сууж байна. Хүн амын тоотой харьцуулахад ажилгүйдлийн түвшин өндөр байгаа. Үүнийгээ дагаад ядуурал их байна. Ядуурал, архидалт, гэмт хэрэг ажилгүйдэлтэй шууд холбоотой.
Аймгийн удирдлагын зүгээс ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Гэхдээ ажлын байрыг зохиомлоор бий болгох боломжгүй.
Өвөрхангай мал аж ахуйн аймаг. Цаашид 5 сая 200 мянга гаруй толгой малынхаа түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрүүд барихаар төлөвлөж байгаа.
Жилдээ 3500 тонн ноос угаах хүчин чадалтай ноосны үйлдвэр ашиглалтад орсон. Энэ үйлдвэр ноосыг зөвхөн угааж, импортоор гаргаж байсан бол цаашдаа ээрэх самнах, эцсийн бүтээгдэхүүн гаргах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр 200 гаруй хүн тогтмол ажлын байртай болж байгаа юм. Зөвхөн ноосны үйлдвэр бариад ийм тооны хүн ажилтай, орлоготой болж байна. Тэгэхээр махны, арьс ширний, сүүний үйлдвэр баривал баталгаатай ажлын байр бий болж малчдын орлого нэмэгдэх боломжтой.
Малчдын орлого нэмэгдэхийн хэрээр жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоол, зочид буудлын чиглэлээр үйл ажилагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэнэ. Одоогийн байдлаар манай аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг дээрх аж ахуй нэгжүүд бүрдүүлж байна.
Тухайлбал, жилдээ 800 гаруй тонн ноолуур зах дээр борлуулдаг. Жилд 800 мянгаас нэг сая орчим толгой мал хүнс тэжээлдээ хэрэглэж зах зээлд нийлүүлдэг. Эндээс орж ирж байгаа арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүний орлого бусад үйлдвэрүүд эдийн засгаа дэмжиж байна.
Харин төрийн албан хаагчдын цалин найман хувийн ипотекийн зээлэндээ таараад байна. Нэг талаасаа энэ зээл барилгын салбарт үр өгөөжтэй боловч бусад худалдаа үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөлж байгаа нь ажиглагдаж байгаа юм. Тэгэхээр цаашдаа мал аж ахуйд түшиглэж аймаг орон нутаг хөгжинө гэсэн зорилго, зорилтууд дэвшүүлсэн.
-Малчид банкны зээлийн барьцаанд орчихоод байгаа тухай мэдээлэл их гардаг. Танай аймгийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?
-Зээлэнд хамрагдаагүй малчин тун цөөн. Харин Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд малчдын зээлийн хүүг бууруулсан нь тодорхой үр дүнгээ өгч байна. Нэг хэсэг малчид нэгнээ даган дуурайх маягаар зээл авдаг байсан бол зээлийн хүүгийн эрсдэлд ороод ирэхээрээ ойлгож, зээл авах нь багасаж байгаа.
Малчид төдийгүй иргэд зээлийг хоёр шалтгаанаар авч байгаа юм. Нэгдүгээрт, хувийн их дээд сургуулиудад хүүхдээ сургахын тулд зээл авч байна. Өнөөдөр малчин өрх бүрийн хүүхдүүд хувийн их дээд сургуульд сурч байна. Өвөрхангай аймагт жилд дунджаар 1100 орчим хүүхэд Ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Үүнийгээ дагаад ийм тооны их, дээд сургуулиудын хуваарь ирж байна л даа.
Өөрөөр хэлбэл, ЕБС төгссөн хүүхэд бүр их дээд сургуульд орох боломжтой болсон учраас эцэг эх нь банкнаас зээл авч хүүхдээ сургаж байна. Харамсалтай нь тэр зээлээр нь дөрвөн жил сурч ирээд ажилгүйчүүдын эгнээг тэлж байгаа залуус олон байна. Үндсэндээ одоо их дээд сургууль төгссөн ажилгүйчүүд хамгийн их байгаа.
Их дээд сургууль төгссөн төгсөгчид ирээд мал дээр гарахыг, “хар” ажил хийхийг хүсдэггүй юм байна. Төрийн албанд ч юм уу гайгүй ажил хийх сонирхолтой байдаг. Гэтэл тэр ажлын байрны эрэлт нь ханачихсан учраас ажил олдоггүй. Энэ хамгийн их санаа зовоосон асуудал. Цаашдаа төр засгийн зүгээс их дээд сургуулийн асуудлыг цэгцлэх чиглэлээр ажиллах шаардлагатай байна.
Хоёрдугаарт малчдын зээлэнд хамрагдаж байгаа шалтгаан нь малын гаралтай түүхий эдийн үнэ зах дээр өсөхгүй байгаатай холбоотой. Тухайлбал, арьс шир, хонины нэхий гэхэд 1000-1500 төгрөгийн ханштай байна.
Тэгэхээр малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр барьж нэмүү өртөг шингээж зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнийн үнийг өсгөх бодлогыг зайлшгүй барих шаардлагатай. Тэгэхгүй бол МУ-ын дийлэнх аймгууд мал аж ахуй дээр түшиглэдэг учраас байдал хүндэрнэ. Малчид мал ахуй, цаг агаараас бүрэн хамааралтай амьдарч байна шүү дээ. Зундаа зуншлага тааруу, өвөлдөө зуд турхан болбол зөвхөн малчид биш эргээд аймгийн бүх иргэд ядуурах, орлого нь багасах хандлага ажиглагддаг.
-Малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр байгаль орчинд үүсч буй сөрөг нөлөөлөл ихэсч, цөлжилт эрчимтэй нэмэгдэж байна. Та эрчимжсэн мал ажуйг бий болгох, хөгжүүлэх тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийг зорьж байгаа. Зах зээлийн эдийн засгийн гол хүчин зүйл бол эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх. Бид эрэлт нийүүлэлтийг л тооцоолох ёстой. Ер нь өвөрхангай аймгийн иргэд жилд хэр хэмжээний хэрэглээтэй юм, түүнийгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь хичнээн тонн сүү хэрэглэдэг, хэдэн өндөг хэрэгтэй вэ гэдгээ тооцох хэрэгтэй.
Ингэж хэрэглээгээ тодорхойлоод тэр хэрэглээгээрээ авч байгаа бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хэдэн хувийг орон нутгаас хэдэн хувийг Улаанбаатараас авч байгаагаа тооцож байж аймагтаа юу үйлдвэрлэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд гаргасан нэг алдаа нь орон нутгийнхан нэгнийгээ их дуурайдаг.
Нэг хүн хэдэн үнээ авчраад гайгүй ашигтай орлоготой ажиллаад эхэлбэл бүгд зэрэгцээд фермер байгуулна, ингээд сүү нь борлогдохоо болиод бүгд дампуурдаг.
Эсвэл нэг тоосгоны үйлдвэр бариад ашигтай ажиллаж эхэлбэл бүгд дуурайгаад тэгээд хаалга барьдаг. Тэгэхээр бид хэрэглээгээ тогтоож, түүндээ тулгуурласан бодлого барьж, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогоор ямар үйлдвэрүүдийг дэмжих вэ гэдгээ оновчтой шийдэх хэрэгтэй. Зах зээл нь ханасан үйлдвэрүүдийг дэмжихгүй байх хэрэгтэй.
-Үйлдвэр барихаар төлөвлөж байгаагаа та онцолж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн байгаа энэ үед үйлдвэрүүд барих боломжийг хэрхэн тооцоолж байна вэ?
-Төр бүгдийг нь хийгээд байх боломж бага. Хувийн хэвшилд түшиглэх нь хамгийн зөв гарц . Хүү багатай урт хугацаатай зээлийг олгож, дэмжихээс төр үйлдвэр бариад түүнийгээ ажиллуулж ашиглаад явна гэдэг оновчтой шийдэл биш. Өнөөдөр төрийн өмчит компаниуд бүгд алдагдалтай ажиллаж байгаа том жишээ байна. Аймаг орон нутгийн зүгээс тодорхой хөрөнгө оруулалтаа зөв зүйлд зарцуулж хувийн хэвшлийг дэмжиж байж үр дүнд хүрнэ
.
-Уул уурхайн салбар зогсонги байдалд орсон нь эдийн засагт том цохилт болж байна. Өвөрхангай аймгийн хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хичнээн байна вэ?
-Монгол Улс уул уурхайн салбарыг тэргүүлэх салбар гэж хүлээн зөвшөөрч чадавхийг нь нэмэгдүүлэх зорилгоор Алт-2 хөтөлбөрийг боловсруулж байна. Манай аймгийн хувьд байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ихтэй.
Гэхдээ манай аймагт энэ салбар хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь тээвэр ложистикийн асуудал. Манайх улсын хилээс хамгийн ойрхондоо 500 гаруй км явж байж Шивээ хүрэнгийн боомтоор гадаад зах зээлд хүрэх боломжтой.
Үүнтэй холбоотойгоор хил дагуу байгаа аймгуудын түүхий эдтэй өрсөлдөх чадвар муу байна. Түүнээс бус манайд судлагдчихсан нүүрсний ордууд байна. Одоо ажиллаж байгаа уурхайнууд орон нутгийнхаа нүүрсний хэрэгцээг хангаад явж байгаа.
Харин алтны үйлдвэрлэлээс орж ирж байгаа орлого бараг байхгүй. Хууль ёсны үйлдвэрлэл явуулж байгаа газар ч байхгүй. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс бол байна. Эндээс үлдэж байгаа үр дагавар нь нөхөн сэргээлт хийгдээгүй эвдэрсэн газар. Энэ тал дээр хууль эрхзүйн зохицуулалтаас эхлээд ойлгомжгүй зүйлс олон бий. Тодорхой журам дүрэм алга.
- Байгаль орчныг хамгаалах чиглэлээр орон нутгийн удирдлагууд сайн ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл ирдэг. Сүүлийн үед гол мөрний асуудал их яригдаж байна. Тухайлбал, Орхон голын асуудал. Одоо нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Байгаль орчны асуудал бүхий л түвшинд нухацтай яригдаж байна. Манай аймгийн хувьд ойн сан багатай. Нийт нутаг дэвсгэрийн найман хувийг эзэлдэг. Ойд хортон шавьж маш их хэмжээгээр тархах, го мөрөн бохирдох, цөлжилт үүсэх гээд олон асуудал үүсч байгаа нь харамсалтай боловч үнэн. Үүнд аймгийн зүгээс боломжоороо арга хэмжээ авч ажиллаж байна.
Гэхдээ эрхзүйн чадамжийн хувьд орон нутаг боломж багатай. Тухайлбал, Орхон голын бохирдлын асуудал Өвөрхангай аймгийн төдийгүй улсын хэмжээнд яригдаж, анхаарал татаж байгаа асуудал. Орхон голыг дагаад 100 гаруй мянган иргэн амьдарч байна. Зургаан аймгийн 50 орчим сумдаар дайрч өнгөрдөг гол. Гэтэл голын эхэнд алтны уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн зүгээс энэ хууль бус, байгальд хөнөөлтэй үйл ажиллагааг таслан зогсоох гээд хүч хүрэхгүй байна. Тухайн алтны уурхайнууд өөр аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байна. Бид очоод “зогсоо” гээд шаардах тийм зохицуулалт эрх нь алга.
Энэ асуудалд Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Цагдаагийн газраас нийлж, шийдвэртэй арга хэмжээ авч байж Орхон голыг аварна. Орхон голын загас жараахай үндсэндээ байхгүй болсон. Яаралтай таслан зогсоохгүй бол үүнээс илүү том гарз, хохирол амсахыг үгүйсгэхгүй.
Г.Долгорсүрэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна