Дэлхийн улс орнуудыг зээлжих зэрэглэлээр нь хэмжиж бас үнэлж байна. Аливаа улсын зээлжих зэрэглэл буурах нь тухайн улсын эрсдэл улам нэмэгдэж буйг илтгэдэг. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг унагаж, өнгөрсөн хугацаанд олон улсын зах зээлд арилжаалсан бондын үнэ буурах буюу хүү өсөх зэрэг төлөвлөгөөгүй эрсдэлд хөтөлдөг.
Тодруулбал, хөрөнгө оруулагчид тухайн улсын бондыг худалдан авахгүй, зээл олгохгүй байх сөрөг үр дагаврыг ч бий болгодог гэмтэй.
Гадаад, дотоод зах зээлд арилжаалах, нэмж гаргах Засгийн газрын бондын хүү нэмэгдэх нь эдийн засгийн хүндрэлийг улам хурцатгах магадлалтай. Тиймээс зээлжих зэрэглэл нь улс орнуудын хувьд нэр хүндийнх нь баталгаа болдог юм. Манай улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын агентлагуудаас 5-6 удаа үнэлчихэж. Тухайн үеийн нөхцөл байдал, ойрын ирээдүйн төлөвийг харгалзан өөрсдийн үнэлгээг цөм өгцгөөсөн.
Тэдний гаргасан дүгнэлт үнэндээ хэнд ч таалагдсангүй. Ялангуяа, олон улсад Монгол Улс итгэж болох түнш орон мөн, эсэхийг улам ч эргэлзээтэй болгож орхисон билээ. “Moody’s” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн онд “В2” ангиллаас “Саа1” хүртэл
Зээлжих зэрэглэл нь улс орнуудын хувьд нэр хүндийнх нь баталгаа болж өгдөг.
Манай улсын зээлжих зэрэглэлийг сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын агентлагуудаас 5-6 удаа үнэллээ.
Зээлжих зэрэглэлээс болж хувийн хэвшлийн гадаад зах зээлээс харьцангуй хямд эх үүсвэр босгох боломжийг хумигдаж байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэл өнгөрсөн онд гурван сар дараалан буурч, одоогийн бага түвшинд хүрсэн.
Харин “Fitch” агентлаг “В”-ээс “В-“ болгосон. Тэдний үнэлгээ нь өнөөдрийн нөхцөл байдалд өгч буй дүн. Хамгийн сүүлд “Fitch” агентлаг манай улсын гадаад болон дотоод эрсдэлийг дахин үнэлж, “В-“ ангилалд хэвээр үлдээсэн юм. Багшийн тавьсан дүнг засах эрх хэнд ч байхгүй. Түүнтэй адил зээлжих зэрэглэлийг, агентлагуудын үнэлгээг баллуурдах мэдэл улс орнуудад байхгүй. Бид бус тэд хөндлөнгөөс үнэлсэн учраас хөрөнгө оруулагчид зээлжих зэрэглэлийн үзүүлэлтээр шийдвэр гаргах нь түгээмэл.
Тааруухан үнэлгээний цаана ямар эрсдэл байна вэ. “Саа1” ангилал нь маш өндөр зээлийн эрсдэлтэй, үнэмлэхүй муу зээлийн чанартай болохыг илэрхийлдэг. Бусад улсын туршлагаас харахад “В-“ зэрэглэл нь цаашид буурах эрсдэл маш өндөр гэсэн утгыг тээнэ. Дээрх гурван том агентлаг эдийн засгийн төлөв, төсвийн сахилга бат, гадаад өрийн нөхцөл байдал, банк санхүүгийн салбарын хөгжил, институцийн орчинд тулгуурлан улсуудын зээлжих зэрэглэлийг тогтоож ирсэн.
Зээлжих зэрэглэл буюу бидний нэр хүндийн баталгаа
Хөрөнгө оруулагчдын итгэл нь дээсэн дөрөөн дээр яваа манай улсын зээлжих зэрэглэл буурахад эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал нэмэгдсэн, Засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа өссөн нь голлон нөлөөлжээ. Тэрчлэн Монголын гэх тодотголтой олон улсын зах зээл дэх бондын хүүгийн зөрүү нэмэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн үнэ унасан зэрэг нь нэрмээс болж байна. Төсвийн өндөр дүнтэй алдагдлаа цаашид бууруулж байж зээлжих зэрэглэлд онцлох өөрчлөлт гарахаар байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд зээлжих зэрэглэлийг даган томоохон долоон банкны зэрэглэл буурсан. Энэ нь хувийн хэвшлийн гадаад зах зээлээс харьцангуй хямд эх үүсвэр босгох боломжийг давхар хумиад зогссонгүй тодорхой бус байдлыг үүсгээд байна. Тодорхой бус байдал нь манай улсыг гадаад эх үүсвэрийн болон төлбөрийн чадварын хямралд түлхэж, эдийн засгийн гүнзгий хүндрэл рүү чирэх эрсдэлтэйг зарим эдийн засагч анхааруулах болсон.
Монгол Улсын зээлжих зэрэглэл өнгөрсөн онд гурван сар дараалан буурч, одоогийн бага түвшинд хүрсэн нь энэ. Угтаа энэ нь урьд тохиолдож байгаагүй хүндхэн сорилт. Эдийн засагч Ч.Хашчулуун “Олон улсын зах зээл дэх бондуудын үнэ унаж, хүүгийн түвшин нэмэгдэх нь Засгийн газар, хувийн хэвшлийн гадаад, дотоод санхүүжилтийн өртөг нэмэгдэх, төсөв болон дотоодын санхүүгийн байгууллагад учрах хүүгийн дарамт, зардал өсөх нөлөөтэй.
Үүнээс гадна санхүүжилт татан төвлөрүүлэх боломжийг хязгаарладаг” хэмээн хэлж байна. Олон улсын түвшинд хийгдсэн судалгааны ажлуудаас харахад, дэлхийн зах зээлд дунджаар зэрэглэл хооронд шилжихэд хөрөнгө оруулалтын зардал 0.8 нэгж хувиар нэмэгддэг байна.
Товчхондоо, зээлжих зэрэглэл буурах тоолонд манай улсын бондын үнэ унах буюу бидний нэр хүнд доошилж байгаа хэрэг. Ижил зэрэглэлтэй орнуудтай харьцуулахад манай улсын эдийн засгийн өсөлт харьцангуй бага байгаа юм. Гадаад өрийн эргэн төлөлтийн хуваариас харахад энэ он болон 2018, 2022 онд гадаад өрийн эргэн төлөлт хамгийн өндөр буюу нийт 4.9 тэрбум ам.доллар байх нь.
Засгийн газрын өрийн хэмжээ огцом нэмэгдэж, төсвийн сахилга бат сул байсан нь зээлжих зэрэглэл доройтоход хүргэсэн гэж зарим эдийн засагч үздэг. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд өр тавихыг илүүд үзсэн нь өнөөдөр хүндрэлийн эх сурвалж болж байна. УИХ-ын хаврын ээлжит бус чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Төсвийн тодотгол хэр бодитой байхаас зээлжих зэрэглэл сайжрах, эсэх нь давхар хамаарах юм.
Зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалт татах хэмжүүр болгон ашиглаж байна
Зээлжих зэрэглэлээ сэргээсэн улс орнуудын туршлагаас үзэхэд тэд дунджаар 3.7 жилийн хугацааг зарцуулсан байна. Тухайлбал, Ямайк долоо, Экватор зургаа, Пакистан гурав, Аргентин хоёр жил тус тус зарцуулжээ. Эдгээр орон төсвийн сахилга батыг чангатгахаас зээлжих зэрэглэлээ сайжруулах ажлаа эхэлж чадсан байх жишээтэй. Эдүгээ зээлжих зэрэглэлийг хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчтай нь хамт татах хэмжүүр болгон ашиглаж байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөрөө манай улс тэргүүлж явсан удаа бий. Гэтэл өнөөдөр зээлжих зэрэглэлийн түвшингээрээ бусад орны адагт нь тунаж үлдэв. Үнэндээ зээлжих зэрэглэлийн асуудал ихээхэн хэл ам дагуулдаг. Гэвч энэ үзүүлэлт толинд буусан бидний бодит тусгал.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт ч ахиж өгөхгүй байгаа. Үүний шалтгааныг уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас гадна зээлжих зэрэглэлтэй холбож ойлгоход гэмгүй. Тэрчлэн хөдлөөгүй хөгжлийн түлхүүр болчихсон Тавантолгой, Гацуурт зэрэг мега төслөө эдийн засгийн эргэлтэд оруулж, эрчимжүүлбэл сайн мэдээний салхийг хагалах учиртай.
ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ АРГАЧЛАЛ
Улс орнуудын зээлжих зэрэглэлийг тодорхойлох “Fitch” агентлаг зэрэглэл тогтоохдоо засаглалын нэгдсэн индикатор, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/, тухайн улсын ДНБ-ий дэлхийн ДНБ-д эзлэх хувь, хямрал болсноос хойшхи хугацаа, мөнгөний нийлүүлэлт зэргийг нэн тэргүүнд авч үздэг.
Мөн төсвийн санхүүжилт, макро эдийн засгийн ерөнхий төлөв байдал, ирээдүйн чиг хандлагад үндэслэж байна. “Moody’s” агентлаг эхний ээлжинд эдийн засаг, институцийн чадварт тулгуурладаг онцлогтой. Тодруулбал, эдийн засгийн уян хатан чанарыг тодорхойлж ирсэн. Уг үзүүлэлтээр төсвийн чанартай хослуулан Засгийн газрын санхүүгийн чадварыг үнэлж буй.
Эцэст нь дээрх үзүүлэлтийн үр дүнг эрсдэл хүлээж авах чадвартай уялдуулснаар Засгийн газрын үнэт цаасны зэрэглэлийг тогтоож байна. “Standard& Poor’s” агентлаг зээлжих зэрэглэл тогтоохдоо эдийн засаг, мөнгөний нийлүүлэлт, өрийн дарамт, төсөвт зэрэгт тус бүрт нь 1-6 хүртэл оноо өгдөг. Давуу болон сул талыг үнэлж, тухайн улсын зээлжих зэрэглэлд үнэлгээ өгч байна.
Эх сурвалж:Засгийн газрын мэдээ сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна