Монголд байсхийгээд л сүлжээний бизнес дэлгэрдэг. Цөөхөн хүн хөлжиж, ихэнх нь хохирдог жишигтэй. Угаасаа энэ нь мөнгө угаах гэмт хэрэг гэдгийг дэлхий дахинаа зарласан. Тэгвэл энэ удаагийнх Казахстан улсаас орж ирсэн “Жи- тайм” гэх сүлжээ. Өмнөх олон сүлжээнээс онцлог нь Монгол Улсаас эхлээд дэлхийн байгууллага НҮБ-ыг хөлдөө чирсэн “гавьяатай”. Уг сүлжээг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим гишүүнчлэлээ болгосон, бүр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дэмждэг гэж ирээд л сурталчилж байв. Түүгээр ч зогсохгүй уг төслийг НҮБ хүлээн зөвшөөрсөн хэмээн зарлаж байлаа.
Сүлжээний бизнесийн талаар монголчууд аль 1970 оноос ойлголттой болж эхэлсэн. Та санаж л байгаа байх. “Аз жаргалын захиа”, “Жавхланг бадруулагч”, “Айсуй жаргал”, Барагдашгүй алмаз”, “Алтан өндөг” гэж ирээд л 40 гаруй сүлжээний бизнесийн ганган чамин нэр, төрөл хөвөрнө. Эдгээрээс хэчнээн олон хүн эд хөрөнгөө алдсаныг ухаж ойлгоод байх шаардлагагүй. Зарим нь бүр хохирлоосоо болж амиа хорлосон нь ч бий. Гэсэн ч монголчууд өнөөдөр хүртэл хашраагүй байна. Түүний илрэл бол “Жи-тайм” сүлжээний талаарх дуулиан юм. Өнгөрсөн оны сүүлчээр манай улсад нэвтэрсэн уг сүлжээ луйврынх болох нь илчлэгдэж хохирлоо нэхэмжилсэн иргэд цагдаад хандсанаар асуудал түр намжаад байна.
Хамгийн сүүлд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тус газраас “Жи-тайм корпорейшн” компанийг байгуулсан М.Марат гэгчийг хилээр гарах үед нь өнгөрсөн сарын 12-нд саатуулан баривчилсан юм. Тухайн үед М.Маратын дансан дахь зургаан тэрбум төгрөгийг цагдаа нар битүүмжилсэн билээ.
Хэргийн мөрдөн байцаалтын талаар Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү ярихдаа “Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн Маженов Марат нь “Жи-Тайм Корпорейшн” компанийг байгуулж, Монгол Улсын Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох хориглосон үйл ажиллагаа явуулж Монгол Улсын иргэдийг элсүүлэн онц их хэмжээний мөнгө залилан авсан хэргийг шалгаж байна. Гэтэл “Жи-Тайм Корпорейшн” компанийн үйл ажиллагааг сэргээнэ, компанийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг хэвийн үргэлжлүүлнэ, цалин мөнгө, урамшууллыг буцаан олгоно, цагдаад очиж өргөдөл өгөх юм бол мөнгө чинь олдохгүй.
Толгой компанид гомдлоо гаргах юм бол мөнгөө авч чадна, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд хууль ёсны компани гэдгээ нотолсон өргөдөл өгсөн, бидний үйл ажиллагааг хэвийн явуулна” гэсэн буруу ташаа мэдээлэл хүргэж байна. Цагдаагийн байгууллагаас энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан арга хэмжээнүүдийг авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. “Жи-Тайм Корпорейшн” компанийн хууль бус ажиллагаанд өртөж хохирсон иргэдийг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандах боломжтой” гэж мэдэгдэв.
МОНГОЛЧУУДЫН СОНГОДОГ ТӨРӨЛ НЬ VIP
Уг сүлжээний ерөнхий зарчим нь ийм юм. Мэдээж цаг заваа хэмнэж амар хялбар аргаар мөнгө олох ерөнхий зарчимтай. Тус сүлжээ хуримтлал, үндсэн, VIP, автомашины гэсэн дөрвөн үндсэн хөтөлбөртэй. Хамгийн багадаа 75 мянган төгрөгөөс 942 ам.доллар хүртэлх мөнгөөр элсэх боломжтой. Буцаагаад 8000 хүртэл ам.доллар авах боломжтой гэж ухуулдаг.
Монголчуудын хошуурсан нь хөтөлбөр нь VIP. 2.3 сая төгрөгөөр элсээд хурдан хугацаанд өсгөх боломжтой гэж ойлгосноос тэр. Харамсалтай нь уг сүлжээ хүн бүрийг баяжуулсангүй. Сүлжээний толгойд байсан цөөхөн хэдхэн хүн мөнгө хүүлээд, ихэнх нь мөнгөө арвижуулах битгий хэл, элсэхдээ өгсөн мөнгөө ч буцааж авч чадахгүйд хүрсэн юм. Хүмүүс хамгийн багадаа саяас хэдэн арван сая хүртэлх төгрөгөөр хохирсоноо цагдаад мэдүүлсэн байдаг. Найз, нөхөд хамаатан садангаасаа зээл авч орсон нь олонх.
ХЭРГИЙН ЭЗЭД ЭМЭГТЭЙЧҮҮД
Хохирогчдын тоог албан ёсоор гаргаагүй байгаа ч албан бусаар нийслэлд гэхэд 400 гаруйд хүрээд буй гэнэ. Хамгийн олон хохирогчтой нь Хан-Уул дүүргийнхэн. Орон нутгийнхныг нэмбэл хохирогчид 1000 хол давах бололтой.
Тус сүлжээний гишүүдийнх олонх нь эмэгтэйчүүд. Ер нь энэ хэргийн эзэн компанийн захирал гэх М.Маратаас илүү монголчууд. Тэр тусмаа эмэгтэйчүүд. Цагдаагийнхан “Жи-Тайм Корпорейшн” компанийн захирал М.Маратаас гадна гүйцэтгэх захирал Э.Оюунчимэгийг мөн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм билээ.
БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС Ч ХУУРТСАН НЬ ЭМГЭНЭЛ
“Жи-тайм” сүлжээний бизнест хууртаж мөнгөө алдсан хүмүүсийн амьдрал, боловсролын төвшин янз бүр. Угаас өмнөх луйврын сүлжээний бизнесүүдэд ч тийм байсан. Гэтэл энэ удаа эмгэнэл гэмээр дүр зураг харагдсан нь “Жи-тайм” сүлжээний гишүүдийн дунд багш, цагдаа, банкны мэргэжилтнүүд байсан гэж байгаа.
Сүлжээний бизнесийн цаад зорилго, хууль бус гэдгийг хамгийн түрүүнд мэдэх ёстой хууль сахиулах байгууллагынхан өөрсдөө толгой мэдүүлж, гишүүнээр элссэн гээд бод доо. Бас дээр нь банкныхан. Банкныхны хувьд бол энэ асуудал зарчмаас нь эхлээд л ойлгогдох учиртай. Асуудлын учир, начирыг мэдэх боловсролтой хэсгийнхэн “Жи-тайм”-д ингэж элссэн нь учраа мэдэхгүй олон хүмүүсийг хохирогч болоход уруу татсан нь гарцаагүй.
“Жи-Тайм Корпорейшн” компанийнхан гишүүддээ ухуулж буй дүрс бичлэг зарим хэвлэлээр цацагдаад байгаа. Жижигхэн өрөөнд монголчуудыг шамбааралдуулан суулгаад сүлжээнээс хэрхэн баяжих тухай зааж буй бичлэг. Уг нь гадаадын том корпораци гээд байгаа. Гэтэл ийм нууц, хаагдмал орчинд хүмүүсээ элсүүлж байна гэдэг хууль бус болохын л баталгаа. Хичээлд нь сууж байгаа монгол эмэгтэйчүүд ядаж л түүнийг хараад ойлгомоор.
Монгол Улс зах зээлийн системд шилжээд 27 дахь жилтэйгээ золгож байна. Сүлжээний бизнес гэгчээс сургамж авах хуагцаа, эрсдлийг хангалттай үзлээ. Ерөөс “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” гэсэн бизнесийн алтан дүрэм бий дээ.
Эх сурвалж:Зууны мэдээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна