УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн намрын чуулган хэр үр дүнтэй болсон гэж та харж байгаа вэ. Эрх баригчид нэлээд сайн ажиллаж чадсан гэж дүгнээд байгаа?
-Намрын чуулганыг нэг талаас нь харахаар маш үр дүнтэй болсон мэт харагдах байх. Тухайлбал, малчны тэтгэвэр, цалинтай ээж, хүүхдийн асуудлаар шийдвэр гаргасан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай гэх мэтчилэн олон асуудал шийдсэн гэхээр үр дүнтэй мэт харагдаж болно. Харамсалтай нь эдгээр ажил бол эдийн засаг нь хямарчихсан, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй болчихсон гээд хүнд хэцүү цаг үед Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж, ард түмэнд “мөхөөлдөс долоолгож” байгаатай л адил зүйл болж өнгөрлөө. Энэ мэтчилэн сонгуульд зориулсан үйл ажиллагаа улам л хавтгайраад байгаа учир манай эдийн засаг өндийхгүй байна. Би намрын чуулганы үед хэлж байсан нэг зарчим бий. УИХ-ын гишүүний тангараг өргөөд “Би ардчиллын талд зогсох болно” гэж хэлсэн. Гэхдээ АН-ын талд биш шүү, ардчиллын талд зогсох болно. Дарангуйлал бий болох вий гэдгээс сэрэмжлүүлж байсан. Томчуудын хулгай дээрэм үнэхээр замбараагаа алдаад байгаа. Тухайлбал, саяхандаа Н.Номтойбаярын компани “Цагаан суварга”-ыг ард түмнээс хулгайлсан. Уг нь хуулийн дагуу бол стратегийн орд газрын 10 хувийг ард түмэндээ өгөх учиртай. Бүр нарийн ярих юм бол 34-60 хувийг ард түмэн авах ёстой. Гэтэл улайн цайм хулгайлсан. Үүгээр ч зогсохгүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хүн байж, ашиг сонирхлын зөрчил гаргаад, өөрийн талд ашигтай шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ мэт хүмүүс бидний толгой дээр гарчихсан болохоор бид өөдлөхгүй байгаа юм. Уг нь ард түмэн мэргэшсэн буюу мэргэжлийн аятайхан засаг төр үүсгэн байгуулагдана гэж бодсон байх. Гэхдээ томилгооноосоо эхлээд л толгой дээр маань “60 тэрбумын” хүмүүс гараад “бүжиглэж” байгаа үед бид нар үзэхгүй байна. Тиймээс намрын чуулган үр дүнгүй болсон.
-Толгой дээр маань “хулгайч” хүмүүс гараад “бүжиглэж” байгаа гэлээ. Тийм олон хулгайч байгаа гэж үү?
-Яах вэ дээ, хулгайч хүмүүсийн нэг тийм шорон зан байдаг. Шорон зан гэдэг нь худлаа зүйлийг дандаа үнэн юм шиг яриад, өөртөө дандаа таалагдсан шийдвэр гаргуулах гээд байдаг занг хэлээд байгаа юм. Цаг хугацаа үнэний хэмжүүр гэдэг биз дээ. Яах вэ, Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөг, 2020 он болох хол байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, маргааш болох яагаа ч үгүй байна. Эд нар ард түмнийг маш тэнэг гэж бодоод байна. Тухайлбал, манай МАН-ынхан Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ авч өглөө, Эрдэнэт 100 хувь төрийн өмч боллоо гээд шоудаад байгаа. Ингэж худлаа тархи угаадаг байдлаа л болих хэрэгтэй. Учир нь эд нар тогтоолоо буруу баталчихсан. Яг үнэнийг хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд өгч чадаагүй байгаа. Харин ганц л алхам хийсэн гэж хэлж болно.
Олонх гэдгээрээ түрий бариад МАН-ынхан коммунист зан гаргаж байна. Би энэ коммунизмтай үхтэл тэмцэх болно. Тэр нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тогтоол. Өөр юу ч хийгээгүй. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д “Зөвхөн хуулиар хувийн өмчийн эрхийг хязгаарлана” гэсэн байдаг. Тэгвэл тэдний өнөөдрийн гаргаж байгаа зүйл нь улс төрийн аргаар тогтоол гаргасан. Уг нь хулгай, хууль бус зүйл байгаа бол гэм буруутай гэдгийг нь шүүх, цагдаагийн байгууллагаар л тогтоолгох ёстой. Би мэргэжлийн хүний хувьд хуулийнхаа талд байгаа юм. Гэтэл олонх гэдгээрээ түрий бариад МАН-ынхан коммунист зан гаргаж байна. Би энэ коммунизмтай үхтэл тэмцэх болно.
-Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулган зарлах гэтэл ирц хүрэхгүй байна гэсэн. МАН-ынхан олонх гэдгээрээ түрий барилаа гээд байх юм. Улс орны эдийн засгийн асуудлыг шийдэх, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах гээд чухал асуудал шийдэх гэж байхад яагаад олонхоороо байхгүй байгаа юм бол?
-Ирц хүрэхгүй байх нь ойлгомжтой. Эд нар чинь аялж дуусахгүй байна. Би өмнө нь “Ардын нам ард түмнийг амраахгүй. Эд нар идэж л чадна” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр миний хэлсэнчлэн үнэхээр идэж л байна. Манай гишүүд дэлхийгээр нэг хэрэн хэсэх шиг болж байна. Бүр өөрсдөө хэлсэн шүү дээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга “Би хоёр жил юм сурч байгаад, дараа нь Баасанхүү гишүүн шиг ярьдаг болно” гэж хэлж байсан. Ний нуугүй хэлэхэд ийм хүмүүсийг сонгосон сонгогчдод би “Та нар хариуцлагатай байж сурах хэрэгтэй. Та тэр хүнийг сонгосон шүү дээ” л гэж хэлдэг юм. Сонгуулийн үеэр “Би МАН-ын тэр хүнд өглөө” гэж яриад байсан олон хүнийг би таньдаг. Тиймээс тэдгээр хүмүүсээсээ “Таны сонгосон хүн энэ байна. Одоо ямар байна” гэж асуудаг.
-Гэхдээ ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар татвар нэмэх, халамжийг танах зэргээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ихэнх амлалт үгүй болох гээд байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл гээд хүлээж байгаа гэх юм?
-Тийм том юм битгий бод. Тэдгээр гишүүдэд тэгж боддог толгой ч байхгүй. Аймаар өндрөөр үнэлэх юм. Тэгж бодох хэрэггүй. Зүгээр л гадаадаар тэнэж яваа. Тухайлбал, энэ сарын 20-нд 20 гишүүн Америк явахаар болж байна. Өмнө нь бас бөөн бөөнөөрөө явсан байсан. Би 2012 онд УИХ-ын гишүүн байсан хүн. Гэтэл арай ч ийм цангасан үхэр шиг бөөн бөөнөөрөө, шилрээд явж байхыг би огт хараагүй. Энэ удаад гишүүдийн шилрэлт бүр хэрээс хэтэрч байна. Тэд зүгээр л төрийн мөнгөөр гадаадад очиж үзээд, зураг хөрөг энэ тэрээ даруулаад, таван одтой зочид буудалд буугаад, зугаалж байгаа. Би ч гэсэн өдөр бүр гадаад руу яваад, аялаад байх боломж байгаа. Гэхдээ төрийн мөнгөөр биш. Учир нь би Ази номхон далайн парламентын холбооны дэд ерөнхийлөгч. Тиймээс ч өдөр бүр надад захидал ирдэг. Өөрөөр хэлбэл, “Энэтхэгийн, Индонезийн хурал болно. Та Ази номхон далайн парламентын холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд ирж оролцооч” гэх зэргээр урилга ирдэг. Тухай бүрт нь би “Манай улсын эдийн засаг хүнд байна, сонгууль болж байна” гэх зэргээр уучлалт гуйгаад, аятайхан татгалзаад өнгөрдөг. Мэдээж сонгуульт ажил учир зайлшгүй шаардлагатай ажил гарвал явах л байх. Гэхдээ шинэ гишүүд шиг, юм үзээгүй юм шиг явахгүй.
-Улс орны эдийн засаг хүнд байхад гишүүд маань зүгээр л зугаалж байгаа гэхээр санаанд багтахгүй байна. Таны хувьд улсын эдийн засагт хэр санаа зовж байна вэ?
-Манай улсын эдийн засаг маш хүнд байна. Үнэхээр аймшигтай болчихоод байна шүү дээ. Ерөөсөө гурван асуудлыг л шийдэх хэрэгтэй байгаа юм. Нэгдүгээрт, хулгайг зогсоомоор байна. Уг нь хулгайг бодитоор нь ярих хэрэгтэй. Түүнээс “офшорт 17 тэрбум байна” гэх зэргээр худлаа яриад хэрэггүй. Офшорт 17 тэрбум эсвэл 107 тэрбум бүр нэг төгрөг ч байхгүй юм бил үү, бид мэдэхгүй. Харин үүнийг хуулийн байгууллагынхан олж тогтоох ёстой. Тиймээс хуулийн байгууллагуудыг ажлаа хий гэж шаардах хэрэгтэй. Түүнээс “УИХ хууль гарга” гэх зэргээр попдох хэрэггүй л байхгүй юу. Үүний оронд нүдэнд дээр хийгдээд байгаа Эрдэнэтийн шахааны бизнесийг зогсоох ёстой. Шахааны бизнесийн талаар манай Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж “Яах вэ дээ хөөрхий. Би хүүдээ хууль зөрчихгүй туслаарай гэж хэлсэн” гэдгийг өөрөө хэлсэн. Энэ нь шахааны бизнес гэж байдаг гэдгийг нотолсон хэрэг. Гэтэл одоо ч гэсэн тэр шахааны бизнес чинь газар аваад, бүр аймшигтай байна. Үүнийг л болиулах шаардлагатай. Оюутолгой, Эрдэнэт гээд хэдхэн том үйлдвэрүүд дээр байгаа хулгайг зогсооход нэлээд аятайхан болно. Дээр нь хамгийн том хулгай нь алт хууль бусаар гаргадаг асуудал. Монгол Улс 1997 онд 18 мянган тонн алт үйлдвэрлэж, Төв банкинд төвлөрч байсан. Одоо ч 18 мянган тонн хэвээрээ байгаа. Гэтэл одоо “Алт-2” хөтөлбөр явах юм гэнэ. Яах гэж байгаа юм бэ. Хэдэн нүх нэмж ухах гээд байгаа юм уу. Одоо ухчихсан байгаа нүхнүүдээсээ татвар аваач дээ, явдаг банк гэдэг шиг. Тэнд байгаа нинжа болгоноос татвар аваач. Нинжа гэж тодорхойлоод байгаа хүмүүс чинь хамгийн сүүлийн үеийн хамгийн үнэтэй машиныг унаад явж байдаг баян хүмүүс. Гэхдээ би яг газар дээр нь нүх ухаж байгаа ядарсан хүнийг хэлээгүй шүү. Харин ашиг шимийг нь хүртээд, татвар төлдөггүй хүмүүсийг хэлээд байна. Хоёрдугаарт, хэмнэх хэрэгтэй байна. Гэтэл хэмнэх гэдгийг буруугаар ойлгоод ядарсан эмчийн цалинг хасаад байна. Бүр эмгэнэлтэй жишээ юу вэ гэхээр хэмнэж байгаа нь энэ гээд хоёр бөөргүй хүнийг “Чи гоё харагдаад байна. Зүгээр явж байна” гээд группээс нь гаргачихсан байх юм билээ.
Ядарсан иргэд рүүгээ дайрсан ийм балай хэмнэлт гэж байх уу даа. Уг нь хэмнэлт гэдэг чинь хамгийн том, хамгийн үнэтэй машин унаад давхиад байгаа аймаг, нийслэлийн удирдлагуудаас эхлэх ёстой. Тэдний том машиныг болиулах буюу тансаглах зардлыг нь танах хэрэгтэй. Мөн төрийн данхар бүтцийг багасгах буюу хэрэггүй зөвлөхүүд, дэд сайдуудыг болиулах хэрэгтэй. Үүнийг хэмнэлт гээд байгаа юм. Гуравдугаарт, ажлын байр шинээр бий болгох хэрэгтэй байна. Хэрвээ ажлын байр гаргачихвал бүх юм болно. Гэтэл Н.Номтойбаяр мэтээс эхлээд хятад ажилчдынхаа татварыг хөнгөлүүлээд явж байх жишээтэй. Харин ч тэр хятад ажилчдынхаа оронд монгол залуусыг ажил хийлгэх асуудлыг ярих, шийдэх учиртай. Түүнээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хүн байж монголчууд манай компанийн ажлыг хийж чадахгүй гээд зогсож байж болохгүй. Монголчууд шороо ухаж чадах байлгүй дээ, эрхбиш.
-Таны хувьд намрын чуулган завсарласнаас хойш ямар ажил амжуулав?
-Би намрын чуулган завсарласнаас хойш Төрийн ордонд сууж, зарим ажлыг амжууллаа. Түүнчлэн тойрогтоо очиж ажиллалаа. Сар шинийн өмнө монгол уламжлалын дагуу тойргийнхоо Оюут багийн 70 ахмадыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлсэн. Түүний дараа хэд хэдэн өрх айлаар орж дэмжлэг, туслалцаа үзүүллээ. Мөн иргэдээс ирсэн өргөдөл, гомдлуудыг шийдвэрлэсэн. Өргөдөл, гомдлын дийлэнх нь одон медальтай холбоотой байдаг. Тиймээс би Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаад зарим нэг одонгийн асуудлыг шийдэж өгсөн. Гэтэл тухайн аймгийн ИТХ-ын дарга нь “О.Баасанхүү гишүүний хүсэлтээр битгий шагнал өгөөд бай” гээд бичиг явуулсан байсан. Гэтэл нөгөө шагналын асуудал шийддэг хүмүүс нь “Танд энэ шагналыг өгмөөргүй байна” гэх жишээтэй. Тиймээс би “Миний нэг ч хамаатан садан, нэг ч найз нөхөд одон медаль авахгүй” гэдгийг хэлсэн. Зүгээр л 40 гаруй жил аль нэг намаас үл хамаараад, гараа мойног болтол хөдөлмөрлөсөн ч Хөдөлмөрийн хүндэт, Алтангадас авч чадаагүй хүмүүст л туслах гэж байгаа шүү дээ. Гэтэл тэдгээр хүмүүсийн хажууд хэн нэгэн албан тушаалтны сайхан, хөөрхөн эхнэр байсныхаа төлөө, хөрөнгөтэй хүний аав гээд одон медаль авчихсан байгааг хараад тэдгээр хүмүүс бухимдаад өргөдөл, гомдол гаргаад явж байдаг. Би тухайн аймгийн ИТХ-ын дарга яг ямар бичиг явуулсныг хараагүй. Гэхдээ өөртэй нь биечлэн уулзахад “Өө тийм. Би бичиг өгсөн шүү дээ” гэж яриад байгаа юм. Ийм арчаагүй байдал гаргахаа л болих хэрэгтэй. Ер нь манай тойрогт ядуу хүмүүс байна. Үнэндээ ядуу хүн байхгүй болгох бүрэн боломжтой.
Тухайлбал, 1,100 төгрөгөөр давс нийлүүлдэг юм байна. Гэтэл орон нутгийн иргэд 300 төгрөгөөр нийлүүлж болно. Учир нь 150 төгрөг нь өртөг, 150 төгрөг нь ашиг байх юм. Тэгвэл ийм боломж байхад яагаад 1,100 төгрөгөөр давс нийлүүлээд байгаа вэ гэхээр нөгөө МАН-ын хүүхдэдээ хайртай аав буюу тэдний фракц нөлөөлөөд байгаа юм. Тиймээс би ард түмний давсыг нийлүүлэхийг хүсэж байгаа. Эрдэнэт төрийн мэдэлд 100 хувь ч бай, үгүй ч бай тухайн орон нутгийн иргэдээс нийлүүлэлтээ шийддэг баймаар байна. Энэ талын цогц бодлого явуулах ёстой. Энэ мэт асуудлыг л шийдлээ. Зарим асуудлыг нь ярилцаад явж байна. Ер нь үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг шиг шахааны бизнес хийдэг дарга нарт буюу хулгай хийдэг хулгайчуудад би таалагдахгүй байгаа юм. Энэ гажиг тогтолцоог засахын төлөө л өдөр бүр сууж ажиллаж байна. Ямар сайндаа л “Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байх вэ дээ.
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. Үүнийг дагаад нэр дэвших магадлалтай хүмүүсийн талаарх таамаг их яваад байна. Танай намаас гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвших гэж байна гээд байх юм?
-МАХН-д бага чуулган гэж байдаг. Тиймээс тухайн бага чуулганаас Ерөнхийлөгчид нэр дэвших хүний нэрийг гаргаж ирнэ. Харин манай намаас С.Ганбаатарыг нэр дэвших гэж байна гэсэн яриа гаргаад байна гээд байхаар нь би судалсан. Гэтэл миний нэг таньдаг хүүхэд энэ яриаг гаргасан байсан. Би тэр залууг загнасан. Хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг бага чуулган шийднэ. Бага чуулганыг хуралдуулах эрх бүхий гурван субъект байдаг. Гэхдээ саяхан намын дарга бага чуулган нэрээр 80 хүнийг өөрчиллөө. Одоо Дорнод, Сүхбаатар аймгаар яваад, намын мянгатыг томилж байна гэх зэргээр солиорол хийгээд яваад байгаа. Үүнийг би буруу гэж байгаа юм. Аймгийн намын хорооны дарга гэдэг бол аймгийн гишүүд нь сонгодог. Бага чуулганы гишүүд гэдэг чинь гишүүд дотроосоо нам руугаа санал болгоод өгдөг юм. Бид Улсын дээд шүүхэд бага чуулганы гишүүн гээд 140 хүний нэрийг өгчихсөн байгаа. Түүгээрээ ч бүртгэгдээд явсан. Үүний дараа хэд хэдэн удаа өөрчлөгдсөнийг би үгүйсгэхгүй. Гэхдээ өөрчлөлт бүртээ 10 хоногийн дотор бүртгүүлээд явдаг. Энэ мэтээр нэг хүний нам юм шигээр явдаг байдлаа одоо болих цаг нь болсон гэдгийг би яриад байгаа. Саяхан намын дарга бага чуулган нэрээр 80 хүнийг өөрчиллөө. Тиймээс намын 3/1 гишүүд нь гарын үсэг зурж байгаа. Бага чуулганыг хуралдуулах гурав дахь боломжоо гишүүд эдлэх гэж буй хэрэг. МАХН бол багаар бодоход 50 мянган гишүүнтэй. Үүнээс идэвхтэй 20 мянган гишүүн байгаа. Тэгэхээр тэдгээр 20 мянган хүмүүстэйгээ би харилцаа холбоо тогтоогоод, ярилцаад явж байна. МАН-ынхан манай намын зарим хүмүүст албан тушаал амлаад, авч яваад байгаа. Тухайлбал, манай намаас албан тушаал хүсэж урвасан хүмүүс Ж.Мөнхбат даргын үүдэнд өдөр бүр шахам сууж байдаг юм. Хөөрхий би тэдэнтэй өдөр болгон таардаг. Зайлуул зарим нь надаас ичээд гүлдгэнээд л явж байдаг. УИХ-ын Тамгын газар дээр гэхэд Эрдэнэбилэг гээд манай намын хүн яваад байсан. Гэтэл гэнэтхэн л нэг албан тушаал дээр тууж явах жишээтэй. Энэ мэтээр МАН болон МАХН хоёр нэг дэмжигчтэй болохоороо яг МАХН нь аль, МАН нь аль вэ гэдгийг хатуу барихад хэцүү. Харин идэвхтэй явж байсан ганц нэг хүнийг МАН-ынхан албан тушаалаар урвуулж авсан нь үнэн. Гэхдээ доор нь байгаа эгэл жирийн хүмүүсийн 90 хувь нь МАХН-ын гишүүн хэвээрээ байж байгаа.
МАН-ынхан албан тушаалаар урвуулж авсан хүмүүсээрээ айлгах, хилс хэрэгт гүтгэх зэргээр Н.Энхбаяр даргыг сүрдүүлээд байгаа. Хатуухан хэлэхэд, МАН-ынхан Н.Энхбаяр гэдэг хүнийг “төмсөгдчихсөн” сууж байна. Тэгвэл “төмсөгдүүлсэн” хүн ухаантай шийдвэр гаргаж чаддаггүй. Тиймээс манай намын бага чуулган бодит шийдвэр гаргаж цаашаа явна. Энэ бол зөвхөн миний асуудал биш. МАХН буюу энэ нам дээр суурилсан олон зуун мянган хүний итгэл үнэмшил юм.
-МАН-аас танай намд урвасан хүн байхгүй юм уу?
-Сүүлийн үед МАН-аас “Та нар минь хурдхан шиг эмх цэгцэндээ орооч. Бид МАХН-д оръё” гэж хэлж байгаа олон хүн байна. Бүр УИХ-ын гишүүд ч байна. Тодруулбал, МАН-ын зургаан гишүүн надтай уулзаад, манай намд орохоор ярьсан байгаа. Гэхдээ надтай албан бусаар яриад, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа орох уу, наана нь орох уу гээд л явж байна.
-С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх асуудалд та таатай хандахгүй байгаа юм байна. МАХН-ын “үнэтэй” хүний хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших хүний асуудал дээр таны нөлөө байх байлгүй дээ?
-“Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэг дээр сэтгүүлчид ирсэн бол манай намд Ерөнхийлөгчид нэр дэвшчих хэмжээний хүн хангалттай байгаа гэдгийг олж харах байсан. Зарим хүн олж харсан байх. Зүгээр л хүчтэй нь хүчгүйгээ барьж иднэ гэдэг шиг төрийн эрх мэдлээр тархи угаах тоглолтыг явуулаад байгаа. Ер нь МАХН, МАН, АН байх эсэх нь хамаагүй. Бид төрийн тэргүүнээ л зөв сонгомоор байна. Тэр тэргүүн нь гадаад бодлогыг 100 хувь мэддэг, дотоодын эв нэгдлийг 100 хувь хангадаг, хулгайч биш хүн байхад л болно. 45-50 нас хүрсэн хөдөлмөрч хүн байхад л болно гэдгийг хэлээд байгаа. Одоо нэр дэвших хүнийг хэлэхгүй. Хуулиараа хориотой.
-“Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт чинь хэчнээн хүн оролцсон юм. Ямар зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм бэ?
-Манай намын бага чуулган 140 гишүүнтэй. Үүнээс хэлэлцүүлэгт 126 хүн оролцсоноос 80 нь бага чуулганы гишүүн байсан. Үлдсэн 46 нь манай намын болоод МАН-ын гишүүд байсан. Энэ хэлэлцүүлгээр Монгол Улс хаана явж байна, одоо хаашаа явах ёстой юм гэдгийг ярилцсан. МАХН-ынхан МАН-аас яагаад салсан гэдгээ мартчихсан. Яагаад салсан гэхээр намын онц их хурлаа хийгээд, бид шинэ төртэй, шинэ намтай болж, шинэ хүн гаргая гэж салсан. Гэтэл бид үүнийгээ аажуудаа мартчихсан байна. Тиймээс бид шинэ төрөө сэргэн мандуулах зорилгоор хурлаа хийсэн. Шинэ төрийн Үндсэн хууль, гадаад бодлого, эдийн засаг гэж юу байх ёстой юм гэдгээ Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн, төр нийгэмд ажиллаж байсан хүмүүсээрээ заалгаж авсан. Тухайлбал, Ерөнхий сайд байсан Дашийн Бямбасүрэн, Ц.Гомбосүрэн, н.Эрдэнэчулуун, н.Баатар, н.Лхагважав, н.Баасанжав гуай гээд нэр нөлөө бүхий хүмүүсээр гарцаа заалгаж, ярилцаж авсан. Одоо бид цаашдаа эдгээр эрхэм хүмүүсийнхээ үгийг бодлого болгоод явна.
-Өнгөрсөн долоо хоногт та С.Зоригийн хэргийн асуудлаар Ерөнхийлөгчид хандсан гэж байсан. Тэр ажил нь юу болж байна вэ?
-С.Зоригийн хэргийн захиалагчийг мэдэхийг ард түмэн маш их хүсэж байгаа. Би ч хүсэж байна. О.Содбилэг гишүүн өөрөө сайн дураараа фэйсбүүк хуудсандаа “Манай аавыг С.Зоригийн хэргийн захиалагч гэж хэлээд байна” гэх мэдээллийг цацсан. Гэхдээ ард түмэн Ш.Отгонбилэг гуайг захиалагч юм байна гэж ойлгоогүй. Би ч тэгж бодохгүй байгаа. Бүр тийм түүх байдаг юм. Юу вэ гэхээр тухайн үед Ш.Отгонбилэг гуай Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр даргыг алгадаад хаячихаж чаддаг хүн байсан гэж манай эрдэнэтчүүд ярьдаг юм билээ. Тийм зангаргатай, хүчтэй хүн зүгээр малчин, малчин ч гэж дээ 16-17 настай жаахан хүүхдүүдээр хүн алуулах захиалга өгнө гэж байх уу даа. Би л хувьдаа итгэхгүй байгаа. Тэгээд хуулийн байгууллага ч захиалагч нь Ш.Отгонбилэг гуайг гэж хэлээгүй. Тиймээс ядаж үзүүрийг нь ард түмэнд гаргаж өг. Яагаад гэвэл аллага хийсэн гүйцэтгэгч нь тодорхой юм бол захиалагч нь тодорхой л байгаа шүү дээ. Магадгүй гүйцэтгэгч, захиалагчийн дунд зуучлагч гэж байж болох. “Миний ард нэг том хүн байгаа. чи тэр хүнийг алчих” гэсэн юм байгаа бол ядаж зуучлагчийг нь гаргаж өгөх хэрэгтэй. Хэн зуучилсан юм. Одоо үүнийг ард түмэнд хэлэх цаг нь болчихсон.
-Маш нууц л гээд байгаа шүү дээ. Та зарим баримтуудыг ил болгож болно гээд байгаа. Яг ямар баримтуудыг ил болгож болох юм бэ?
-Ил болгох гэхээр нууц, хаалттай гээд урагшлахгүй байна. Тэгвэл ажлын хэсэг байгуулаад, дүгнэлтээ гаргаж болно. Монгол Улсын Ерөнхийлөгчид тийм эрх нь байгаа. Хууль бүхний дээр сууж байгаа хүн биз дээ. Хүсвэл гаргаад л ирнэ. Тиймээс би Ерөнхийлөгчид албан бичиг явуулаад байгаа юм. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол С.Зоригийн хэргийн анхан шатны шүүх хурлын дараа би чуулганы танхимд Улсын ерөнхий прокуророос “Нэг хүний амь хохироосон юм уу. Ер нь хэдэн хүн юм” гэсэн. Гэтэл надад таван хүн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тусгай хяналтын дэд хороонд хандсан. Энэ асуудлыг нарийн нягтлаад үзэж, шалга гэсэн. Тухайн үед УИХ-ын дарга “Нийслэлийн шүүхийн шийдвэр гарах байх. Энэ чинь анхан шатны хурал. Эцсийнх биш шүү дээ. Тайван хүлээж байя” гэж байсан. Энэ дагуу би ч хүлээсэн. Тэгвэл одоо нийслэлийн шүүхийн шийдвэр гарчихсан. Одоо би бичиг явуулж байна. Шүүхийн шийдвэрийг би буруу гарсан гэж огт хэлээгүй. Тэгж хэлэх ч эрх надад байхгүй. Учир нь шүүхийн шийдвэрийг шүүдэг хүн нь би биш. Гэхдээ ард түмэн мэдэх ёстой зүйлээ мэдмээр байна. Тухайлбал, захиалагчийг мэдмээр байна. Захиалгат аллага гэж байгаа юм бол захиалагчийг нь зарлахгүй байгаа юм. Тэр захиалагч нь нас барчихсан байсан ч хамаагүй. Гүйцэтгэгч нь тодорхой болчихсон юм чинь тэр хүнийг зарлах ёстой. Түүнчлэн гэрчийн мэдүүлэг нууцын зэргийн асуудал биш. Маш нууц гэдэг чинь гүйцэтгэх ажлын үйл явц, Төрийн нууцын тухай хуулиар маш нууцын тамга авсан албан баримт, бичгүүд л байдаг.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна