Далай ламын аялал хойд дүр тодруулах маргаан дэгдээв

2017/03/28
Люси Хорнби, Эми Казмин Нас өтөлж буй Далай лам Гималай дахь Энэтхэгийн мэдлийн нутагт аялж яваа нь Төвдийн буддын шашны удирдагчийг шинээр тодруулах нууцлаг санаатай Хятадын коммунист удирдагчдын дургүйг хүргэв.

“Энэтхэгийн Засгийн газар Далай ламыг Таванг тойрогт зорчихыг зөвшөөрсөн нь Хятадын хувьд нөхөрсөг бус үйлдэл боллоо. Далай лам Таванг тойрогт очсоноор муу л юм болно” хэмээн Хятадын төвөд судлалын төвийн харьяа Орчин үеийн төвөд судлалын хүрээлэнгийн захирал Лянь Сянминь пүрэв гарагт Бээжин хотноо сэтгүүлчдэд мэдэгдэв.

Буддын шашны Төвөд дахь өвөрмөц урсгалд, эрх мэдлийг гартаа түр атгаж буй тэргүүн ламын хойд дүрийг шинээр тодруулдаг уламжлалтай. Харьд амьдрах хугацаандаа дэлхий нийтэд нэр хүндтэй хүн болж хувирсан, эдүгээ нас сүүдэр 81 хүрээд буй одоогийн Далай лам нь XIII дэх удаагийн хувилгаан юм.

Тэрбээр дараачийн дүрээ БНХАУ-ын мэдлийн нутгаас тодрохгүй хэмээн мэдэгдсэн ч, албан ёсоор шашингүй үзэлт Бээжингийн коммунист засаг эрс эсрэг байр суурьтай байгаа юм. Далай лам Энэтхэгийн Аруначал Прадеш мужийн Таванг тойрогт амьдардаг төвөд иргэдтэй уулзахаар, дөрөвдүгээр сарын эхээр дорнод Гималайд зорчих гэж байгаа нь Бээжинг түгшүүллээ.

Далай лам буддын шашны ижил урсгал шүтдэг Монголд арваннэгдүгээр сард айлчилснаасаа хойш энэхүү аяллаа хийх гэж байна. Энэтхэг улс түүнийг Таванг тойрогт айлчлуулахаар болсон нь “Туйлын харамсалтай хэрэг” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэ сард мэдэгдсэн.

Азийн аварга хоёр улсын эмзэгхэн харилцаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн ачаар дулаараад байгаа. Тэртээх XИX зууны эцсээр Бээжин дэх Чин гүрэн, Энэтхэг дэх Британийн удирдлагын хооронд тойм байдлаар тогтоосон Гималай орчны маргаантай хилийг дахин тогтоохоос өмнөхөн, 1960-аад онд Хятад, Энэтхэг хоёр хилийн бяцхан дайн хийгээд авсан удаатай.

БНХАУ нь Аруначалыг 1950 онд Төвөдөөс салган булаасан нутаг дэвсгэр хэмээн үздэг тул Энэтхэгийн Элчин сайд асан Ричард Вермаг саяхан тус тойрогт зочилсон явдалд албан ёсоор эсэргүүцэл илэрхийлжээ.

Далай лам тус тойргийн төв Таванг хотноо Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Кирен Рижижутай уулзана. Таванг дахь сүсэгтнүүд нь оюун санааны удирдагчтайгаа уулзах хүсэлт тавьсан учраас татгалзсан хариу өгөх аргагүйг ноён Рижижу өгүүллээ. Уг шийдвэр нь Хятадтай зөрчилдсөн хэрэг бус уу хэмээн асуусан асуултад тэрбээр “Энэтхэг улс гадны шахалтад автаж таарахгүй” хэмээн тайлбарласан юм.

“Хөршүүдийнхээ дарамтад автах, хөршүүдээ дарамтлахын аль нь ч бидэнд харш. Бид Энэтхэгийн эрх ашгийг эн тэргүүнд тавина” хэмээн сайд мэдэгдлээ.

Далай лам бол “Шашны нэр хүндтэй удирдагч. Хаа явахаа өөрөө шийдэх эрхтэй. Энэ хүн бидний хувьд зочин. Энэ хүний үйл хөдлөл бүрийг улс төртэй хутгаж таарахгүй” хэмээн Шинэ Дели дахь Энэтхэгийн дээд албаны эрхэм financial times-д
Далай лам хойд дүрээ Энэтхэг юм уу Монголоос тодруулах зорилгоор энэ бүх аяллыг хийж байгаа болов уу хэмээн Колумбын их сургуулийн төвөд судлаач Робби Барнетт таамаглаж байна.

Энэ нь Хятадын ихэнх томоохон гол мөрөн эх авдаг Төвөдийн өндөрлөгт оршин суудаг зургаан сая төвөдүүдийн салан тусгаарлагч уур амьсгалд сэтгэл зовиногч Бээжинд шинэ бэрхшээл үүсгэж болзошгүй. “Хойд дүр тодруулах вий гэсэн айдас дүүрэн Хятадын удирдлага хүнд нөхцөлтэй тулгарлаа” хэмээн тэрбээр өгүүллээ.
Таванг хотын Таванг хийд нь уян нарийн яруу найргаараа өнөө цагийн Хятадад алдартай ВИ Далай ламыг 1683 онд тодруулсан газар. Далай лам урьд нь 2009 онд тус хийдэд зочилсон нь мөн л Бээжин, Шинэ Делигийн хооронд хэрүүл дэгдээсэн юм.

Хятадын ардын чөлөөлөх арми 1949 онд иргэний дайнд ялмагцаа Чин гүрний холбоотон байсан Төвөдийг ч “чөлөөлсөн” түүхтэй. Хятадад коммунжуулах хөдөлгөөн гаарсан 1959 онд Далай лам 70-80 мянган сүсэгтнээ дагуулан Лхасаас дүрвэн гарчээ. Эдүгээ Төвөдийг орхин гадаадад гарсан 200 мянга орчим хүн байгааг Хятадын судлаачид тооцоолжээ.

Төвөдийн нутаг дэвсгэрээс гадна төрсөн зарим эрэгтэй хүүхдийг тус шашны бусад хойд дүрээр тодруулсан тохиолдол цөөнгүй. Төвөдийн буддизмын хоёрдахь чухал дүр,  Банчин ламын хойд дүрийг тодруулах ажлыг тус шашны удирдлагатай тохиролцох гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэн Бээжин 1995 онд бие даан тодруулсан удаатай. Далай ламаас тодруулсан, зургаан настай хойд дүр ор сураггүй алга болоод удаж байна. Чухам энэ нь хойд дүрээ хятадуудаас хол байлгахын чухлыг Далай ламд ойлгуулж өгсөн юм.

Гэхдээ Хятадын эдийн засаг ноёрхдогийг харгалзан үзэх аваас Монголд хойд дүр тодрох магадлал хомс. Далай ламын Монголд хийсэн айлчлал нь Хятадын хилийн хот тус улсын гол уурхайгаас орж ирдэг зэс, нүүрсэнд оноодог татвараа нэмсэн үетэй давхцсан. Хятадууд хилээ дахин нээхээс нь өмнө, Монголын Гадаад хэргийн сайдаас Далай лам дахин тус улсад айлчлахгүй хэмээн амласан нь сүсэгтэй, сүсэггүй олон монгол хүний хувьд тусгаар тогтнолд нь халдсан хэрэг болов.

БНХАУ нь Далай ламыг төрөл арилжихаас өмнө, “хойд дүр тодруулах тогтолцооны маргашгүй эрхтэй”-гээ батлах зорилгоор, Засгийн газрын баталгаатай хойд дүрүүдийн талаарх онлайн өгөгдлийн сан өнгөрсөн онд үүсгэсэн. Хань үндэстэн, хятад жүжигчин өөрийгөө “Будда бурхны хувилсан дүр” хэмээн зарлаж, төвөдийн оюуны уламжлалд сэтгэл татагддаг хятадуудаас өргөл барьц авч байсан хэрэг гарсантай уялдан тус улс ийм арга хэмжээ авчээ.

Эх сурвалж:Засгийн газрын мэдээ
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна