"Эрдэнэтээс нэхэмжилсэн 51 сая долларыг “Жаст”-ын Ш.Батхүү төлнө"

2017/04/05
Өнгөрсөн 2013 онд “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 100 гаруй сая ам. долларын зээл авсан гэх хэрэг ил болж, шуугиан дэгдээж байв. Өдгөө ч энэ асуудал үргэлжилсэн хэвээр байна. 

Тухайн үед Ш.Батхүүгийн эзэмшиж байсан “Хадгаламж” банк “Жаст” группийн үүсгэсэн өр, зээлийн улмаас дампуурч, улмаар тус банкийг Төрийн банкинд нэгтгэсэн юм. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл гаргуулсан, үүнийгээ өөрийн эзэмшлийн “Хадгаламж” банкаар дамжуулан авснаа хүлээн зөвшөөрч, хуулийн байгууллагаас ч үүнийг нь шалгаж тогтоон, түүнд зохих шийтгэлийг хүлээлгэснээр дээрх дуулиан намжсан.

 Хэдийгээр Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээсэн боловч “Эрдэнэт” үйлдвэрийн түүхий эдээр барьцаалан “Стандарт” банкнаас авсан дээрх  өрийг өнөөдрийг хүртэл хэн ч төлж барагдуулаагүй байгаа юм. Тэрчлэн уг зээлийн асуудлаар “Стандарт” банк Олон улсын Арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэр хариуцагчаар татагдсан маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй үргэлжилж буй. 

Энэ асуудлаар Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осороос тодрууллаа.

-“Стандарт” банк Эрдэнэтийн асуудлаар хандсан Олон улсын Арбитрын шүүх хурал дээр Засгийн газар ялагдал хүлээсэн. Өнөөдөр энэ маргаан ямар шатандаа явж байна вэ?

-Анх  100 гаруй сая доллар гэж яригдаж байсан ч явсаар 51 сая доллар дээр тулчихаад байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс МУ-ын Засгийн газар 51 сая доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан.  Энэ асуудлыг манай талаас хүлээн зөвшөөрөөгүй учир давж заалдах шатны шүүхэд хандсан.  Лондонд энэ асуудлыг шийдвэрлэх үйл явц сар гаруйн хугацаанд үргэлжилж байна.

-Өмгөөллийн зардалд одоогийн байдлаар МУ-ын Засгийн газар хичнээн төгрөг  гаргаад байгаа вэ?

-5-6  сая доллар гарсан гэж яригдаж байна. 

-Давж заалдах шатны шүүхээс 51 сая долларыг МУ төлөх шийдвэр гарвал хэн төлөх вэ?

-Ш.Батхүү төлөх ёстой. Энэ түүний алдаа байгаа шүү дээ.

- Дээрх их хэмжээний зээлийг Төрийн банкаар төлүүлэх тухай яригдаж байна. Энэ нь тус банкны нийт активын ¼ -тэй тэнцэх хэмжээний мөнгө мөнгө шүү дээ?
-Төрийн банк манай байгууллагын харьяа биш. Сангийн яамнаас тодруулах нь зүйтэй.

гэх хариултыг бидэнд өглөө. 

Ямартай ч түүний хэлж буйгаар ОУ-ын шүүх дээрх ихэнх маргаанд “унаж” өр зээлэнд дарагдаад буй МУ-ын Засгийн газар энэ асуудал дээр татвар төлөгдчийн мөнгөнөөс энэ удаад төлөхгүй нь бололтой.

Хэргийг эргэн сануулбал,  Монголын “саалийн үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-аар барьцаалан “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.доллар залилсан гэх хэрэг юм. 2009 онд зээлсэн 140 сая ам.долларын асуудал 2013 онд сөхөгдөж, Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг банкны барьцаанд тавьсан нь тодорхой болж байв.

Түүнийг “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ыг барьцаалаад онц их хэмжээний мөнгө зээлсэн гэдгийг хууль хяналтынхан болоод холбогдох газрууд 2013 он хүртэл огт мэдээгүй байсан юм. Өмнөд Африкийн “Стандарт” банк Монгол Улсын Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээсэн байдаг. Тэр нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүйтэй холбоотой өрийн бичиг байсан аж. Албан тоотод манай Засгийн газрыг 140 сая ам.долларын өрийг барагдуулаагүй тохиолдолд Арбитрын шүүхэд хандсанаар манайх өрөнд орсон байдаг. 

Улмаар Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны есдүгээр сарын 23-нд хорих шийдвэр гаргасан. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр томоохон албан тушаалтныг хорьж байв. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү “Жаст” групп гадаадын банкнаас зээл авахдаа ТӨХ, “УБТЗ” компанийн дарга нарын өмнөөс хуурамч баталгаа гаргасан.

Төрийн өмчит компаниудын өмнөөс хуурамч бичиг, баримт бүрдүүлж, гарын үсгийг нь дуурайлгаж зурсан гэдгээ хүлээсэн байдаг. Гэвч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан хоёр сар гаруй хоригдсон “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан. Улмаар “Хорих ангид эмчилгээ хийлгэх боломжгүй, нарийн мэргэжлийн эмч нараар эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.

Чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин нь хүндэрсний улмаас хөл, гар нь мэдээ алдсан” гэх эмчийн оноштойгоор УКТЭ-т хэвтэн эмчлүүлж байв. Түүнийг нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ШШГЕГ-ын харьяа ангийн алба хаагчид ээлжлэн харгалзаж байв. Ингээд удалгүй түүнийг батлан даалтад гаргасан юм.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна