Манай төр өгөлгүй удаасан цалин нь буухад магнай тэнийдэг иргэдтэйгээ адил эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөхөд хөөрцөглөж, хөрөнгө оруулагчид нааштай хандахад уужирч байна. Тэгвэл Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар ойрын 10-15 жилд эрдэс бүтээгдэхүүний үнэ дорвитой өсөх төлөвгүй байна. Нэг үгээр хэлбэл, уул уурхайн салбараас өндөр өсөлтийг хүлээгээд хэрэггүй.
Ингээд бидний хонгилын үзүүр дэх гэрэл унтрах уу. Үгүй. Учир нь монголчуудад уул уурхайгаас илүү хэдэн мянга, магадгүй хэдэн сая дахин өгөөжөө өгч ирсэн салбар бол хөдөө аж ахуй юм. Тус салбарын гол давуу тал нь ядуурлыг бууруулдаг. Ажлын байрыг олноор шингээдэг. Ингэснээр өгөөж нь нийт хүн амыг хамарч чаддаг. Тодруулбал, тус салбар сүүлийн 5 жилийн дунджаар ДНБ-ий 13 хувийг эзэлж, ажиллах хүчний 30 хувийг хамарч байна.
Нийт өрхийн 36 хувь нь хөдөө орон нутагт амьдарч, амьжиргааны эх үүсвэр нь уг салбартай шууд холбогдож байна. 2008 оны хямралын үеэр бусад бүх салбар 2.4 хувиар унахад хөдөө аж ахуй дангаараа 3.6 хувиар өсч байжээ. Экспортын голлох бүтээгдэхүүн болох мах, ноолуур, арьс ширний экспорт сүүлийн 20 жилд дунджаар нийт экспортын 11 хувийг эзэлж ирсэн аж. Тухайлбал, ямааны ноолуурын экспортоос жилд дунджаар 280 сая ам.долларын орлого олж байна. Энэ бол төв банкны нийт валютын нөөцийн 6/1 хувьтай тэнцэх дүн юм.
Үнэлэхгүй байна
Гэхдээ дээрх тоо баримт нь хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлэх өгөөжийн дээд хязгаар биш. Уг салбар зөвхөн урсгалаар хөгжихөд л эдийн засгийг ингэж тэтгэж байна. Тиймээс хөдөө аж ахуйг бодлогоор хөгжүүлж чадвал уул уурхайн салбарыг хэд нугалсан үр өгөөж хүртэх боломжтой хэмээн судлаачид сануулж байна. Харамсалтай нь ноолуураас бусад салбарт дорвитой өсөлт бий болохгүй байгаа тоо баримт батлана.
Тухайлбал, 1989 онд нэг малаас 100 төгрөгийн нэмүү өртөг бий болдог байжээ. Өнөөгийн байдлаар 60 гаруй мянган төгрөгийн нэмүү өртөг бий болж байна. Тэгвэл тухайн үеийн 100 төгрөгийн үнэ цэнэ, одоогийн 60 гаруй мянган төгрөгийн үнэ цэнэтэй харьцуулбал нэг малаас авах нэмүү өртөг огт өсөөгүй хэмээн дүгнэж болох аж. Ялангуяа, махны экспортоор ихээхэн ашиг олох боломжтой ч 2010 оноос хойш экспорт тасралтгүй буурсаар ирсэн нь харамсалтай.
Малын мах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна
Манай улс малаа экспортлох хамгийн боломжит 4-5 зах зээл бий. Үүнд Орос, Япон, Солонгос зэрэг орон тэргүүлнэ. ОХУ-ын хувьд сүүлийн дөрвөн жилд зөвхөн үхрийн махны экспортод 2.4 тэрбум ам.доллар зарцуулжээ. Япон 1.3, БНСУ 1.2 тэрбум ам.долларын мах импортлосон байна. Харин Хятад үхрийн махны 0.4 тэрбум ам.долларын импорт хийжээ. Ялангуяа, ОХУ адууны махны импортоор дэлхийд дөрөвт ордог. Тус улс жилд дунджаар 75 сая орчим ам.долларын адууны мах экспортолдог. Гэвч Монголоос нийт хэрэглээнийхээ багахан хувийг авдаг байна.
Энэ нь 1.7 мянган тонн буюу 4.5 сая ам.доллар юм. Гэвч Монголоос мах авах сонирхолгүй байгаа нь дотоодын махны чанар олон улсын стандартад хүрдэггүйтэй холбоотой. Уг нь монгол мал бэлчээрээс ургамал сорчилж иддэг, бүтээгдэхүүн нь органик чанартай. Гэвч халдварт өвчний дэгдэлт өндөр, түүнээс үүдэлтэй вакцины хяналт сул хэрэглээ, лабораторийн чадамжгүй байдлаас болж монголоос мах импортлох сонирхолгүй байна.
Тэр дундаа вакцины хяналтгүй хэрэглээ зөвхөн махны экспорт бус дотоодын хүнсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөхөөр байна. Хамгийн энгийн жишээ бол зарын сайтууд руу орж малын вакцин гэх шүүлт хийхэд маш олон төрлийн зар гарч ирнэ. Үүнд урд хөршид үйлдвэрлэсэн зохих хяналтын байгууллагуудаар зөвшөөрөгдөөгүй, баталгаажаагүй вакцин, эмнүүд олон байгаа юм.
Энэ талаар Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох “Дэлхий дээр мал эмнэлэг үндсэн таван үүрэг гүйцэтгэдэг. Монголд 93 жилийн түүхтэй мал эмнэлэг ганцхан үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэр нь амьтны эрүүл мэндийг хамгаалах. Өөрөөр хэлбэл, та нар малын өвчнөөс сэргийл, вакцин тарь, угаалга, хий, туулгалт хий гэж л ярьж ирсэн.
Таван үүргийн дөрвийг нь орхигдуулсан гэсэн үг. Дэлхий нийтээр мал эмнэлгийн салбар нь хүнсний аюулгүй байдал, мал амьтны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, гадаад, дотоод худалдаа, мал амьтны эрхийн асуудал гэх үндсэн таван том үүргийг хариуцаж ажилладаг. Мал руу эм тарьчихаар сүү, махаар нь дамжаад хүнийг хордуулдаг. Тэр нь хүнсний аюулгүй байдалтай холбогддог юм. Хүн малыг өсгөж үржүүлж байгаа гол үндэс нь хэрэглээ.
Тэгэхээр мал эмнэлгийн үүргүүдээс хүнсний аюулгүй байдлыг нь манайх огт хэрэгсдэггүй. Тиймээс монголчууд халдвартай сүү ууж л байдаг, хортой мах идэж л байдаг. Өчигдөр ивомек тарьсан малаа өнөөдөр идэш болгон хэрэглэх жишээтэй. Гуравдугаар асуудал, махаа заръя гэдэг. Өнгөрсөн УИХ-ын үед Р.Бурмаа сайд махны экспортоос нэг тэрбум ам.доллар олно гэж ярьж эхэлсэн. Түүнийг нь судалж үзэхээр тэрбум ам.доллар олохын тулд 20 сая хонь нядлах болж таарч байсан. Монгол Улс хэчнээн малтай билээ. За яахав, 20 сая хонь өгчихье гэж бодъё. Хаана худалдах вэ, хэн тэр 20 сая хониных нь эрүүл эсэхэд баталгаа гаргах вэ. Энэ л асуудал болж байна” хэмээсэн.
Малын эрүүл байдлыг хамгаалахын тулд цогц лаборатори, хяналт хэрэгтэй
Вакцин, эмийн зохисгүй хэрэглээг бууруулахад хяналтын механизм чухал үүрэгтэйг судлаачид анхааруулдаг. Өөрөөр хэлбэл, өчигдөр ивомек тарьсан, уржигдар угаалга хийсэн, түүний урд өдөр туулга хийсэн малын маханд эмийн үлдэгдэл 1-2 сарын хугацаанд хадгалагддаг. Гэтэл гадныхан энэ бүхнээс цэрвэж цээрлэдэг.
Манайд хүнсний бүтээгдэхүүний чанарын шалгалтыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори (ХАБҮЛЛ), Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) баталгаажуулдаг. Тэгвэл Японы “Жайка” байгууллагаас өнгөрсөн сард Монголд хөрөнгө оруулалт хийхэд тулгарч байгаа бэрхшээлийн талаар танилцуулга хийсэн. Энэ үеэр мах импортлох өндөр сонирхол байдаг ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг тодотгосон.
Тэд “ХАБҮЛЛ нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой бүхий л шинжилгээ хийдэг. БНХАУ-ын тусламжаар байгуулагдсан бөгөөд ГЦ/МС, ЛЦ/МС гэсэн төхөөрөмжтэй. Гэхдээ зах зээлийн хэрэгцээг хангахын тулд төхөөрөмжийн чанар, хэмжээг нэмэх, боловсон хүчинг бэлдэх хэрэгтэй” гэж дүгнэсэн байна.
Хэрэв хяналтын механизм хангалттай бүрэлдчихвэл үүнийг дагаад эм, вакцины зохистой хэрэглээ бий болох боломжтой аж. Мэдээж зах зээлд борлуулах малын мах нь чанартай эсэхийг бүрэн хянаад байвал малчид малаа борлуулахын тулд ном журмын дагуу вакцин, эм тарьж, зохих шаардлагуудыг хангах гэж хичээх нь гарцаагүй юм. Тэгвэл шаардлага хангахуйц өндөр түвшинд мах бэлтгэж экспортлох, мөн бүтээгдэхүүний чанарыг цогцоор нь баталгаажуулах лабораторийг нэвтрүүлэхийн тулд хөрөнгө оруулалт татах шаардлагатай.
Харамсалтай нь 2010-2013 онд хөдөө аж ахуйн салбарт 4 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсон нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын ердөө 0.04 хувийг эзэлсэн байна. Энэ бол хөрөнгө оруулалт хамгийн өндөр үеийн тоо баримт. Сүүлийн жилүүдэд эдийн засаг хүндэрснээр хөрөнгө оруулалт тэг болоод байна.
Гарц бий
Иймээс манайхаас мах экспортлох сонирхолтой улс орнуудын хөрөнгө оруулалтыг татахад анхаарах шаардлагатай аж. Тухайлбал, Япон улсын хувьд эрүүл ахуйн өндөр шаардлага тавьдаг. Хэрэв тус улсын шаардлагыг хангаад мах экспортлоод эхэлчихвэл манайх бүх оронд махаа гаргах боломжтой юм.
Тэгвэл Японы бизнес эрхлэгчид Монголын мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, хяналт шинжилгээн дээр хөрөнгө оруулалт хийх боломжтой тухай хэлсэн. Энэ бол ердөө сарын өмнө өрнөсөн яриа юм. Өөрөөр хэлбэл, япончууд бидэнд итгэхгүй байгаа тул өөрсдийн технологио оруулж ирж суурилуулаад чанартай мах бэлтгээд эх орон руу экспортлоё гэсэн санал тавьж байна.
Т.Очир
Сэтгэгдэл бичигдээгүй байна