Өвөр Монголоос эртний Грекийн эд зүйлс олджээ

2017/04/12
Өвөр Монголын өөртөө засах оронд 2012-2014 оны хооронд хийсэн хэд хэдэн археологийн малтлагын үр дүнг саяхан танилцуулсан байна.

Энэ үеэр 1,500 жилийн настай бунхнаас эртний Грекийн бурхдын дүртэй мөнгөн сав суулга гарсан нь торгоны замаар өрнө дорнын соёлын солилцоо хэрхэн явагдаж байсны баталгаа болсон байна.

Энэхүү бунханд торгоор ороосон хүний шарил байсан ба эрдэмтэд түүнийг Тоба Вэй улсын харьяанд байсан Гаочэ угсаатнуудын удирдагчийнх мөн гэж үзэж байгаа гэжээ.

Тоба Вэй нь нийтийн тооллын 386-534 оны хооронд Хятадын умард хэсэг, Монголын өмнөд хэсгээр оршин тогтнож байсан улс юм. Тэдний мэдэлд торгоны замын зарим хэсэг байсан гэж үздэг.

Бунхнаас олдсон мөнгөн саван дээр эртний Грекийн бурхад болох Зевс, Хера, Афродита, Афина нарын дүрийг урласан байжээ. Домог ёсоор бол Зевсийг бурхдын хаан гэдэг бол Хераг эмэгтэйчүүд, гэрлэлтийн бурхан тэнгэр гэдэг. Дуулга өмссөн байдлаар ихэнхдээ дүрслэгддэг Афинаг дайны бурхан гэдэг бол Афродитаг гоо сайхан, хайр дурлалын бурхан гэдэг юм.
 
Хэд хэдэн шарил бунхнаас олдсоны нэг нь торгонд ороолттой, толгойдоо алтан өмсгөлтэй, хүзүүндээ алтан зүүлттэй байжээ. Мөн алтан бүс, алтан бөгж, савхин гуталтай байсан нь язгууртан хүн болохыг илтгэж байгаа ажээ.

Олдворуудын тухай “Silk Road” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтэлсэн байна.


Эх сурвалж: Live Science

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна