Эрдэмтэд анх удаа хар нүхний зургийг буулгажээ

2017/04/14
Хавайн арлаас Антарктид, Испани хүртэл орон зайг эзэлсэн телескопуудын сүлжээг ашиглаж, таван шөнийн турш ажилласны дүнд хар нүхний зургийг анх удаагаа буулгаж чадсанаа астрономичид Лхагва гарагт зарлажээ. Энэхүү буулгасан мэдээллээ нэгтгэж нэг бүхэл зураг болгоход хэдэн сарын хугацаа орох гэнэ. Хэрвээ зураг амжилттай бүтээгдвэл манай ертөнцийн үүслийн талаар чухал мэдээллүүдийг олж авах юм.

“Асар том телескоп бүтээхийн оронд бид найман тусдаа байрлах телескопуудыг нэг аварга тольны хэлтэрхийнүүд мэтээр зохион байгуулсан юм” гэж “Event Horizon Telescope” төслийн менежэр, Олон Улсын Радио Астрономийн Хүрээлэнгийн судлаач Майкл Бремэр тайлбарлажээ.

“Ингэснээр бид 10,000 км диаметртэй телескопыг хийсвэрээр бий болгож байгаа” гэж тэр нэмж хэлсэн юм. Том байх тусмаа зургийн нарийвчлал сайн байх гэнэ. Буулгасан хар нүх нь энгийн нүдээр харах боломжгүй, Сүүн замын төвд буюу Нумын ордод, манай дэлхийгээс 26,000 гэрлийн жилийн зайд байрлаж байгаа юм байна.
Энэхүү хар нүх нь дөрвөн сая нарны хэмжээтэй. Хар нүх гараг, биет, хэлтэрхий зэргийг залгихдаа нүдэнд үзэгдэх хэмжээний гэрэл гялбуулдаг аж.



Бас хар нүхэнд татагдахад хүрэх хил хязгаар гэж байдаг ба түүнийг “event horizon” гэж нэрлэдэг юм. Британий астрономич Стефэн Хокинг үүнийг Ниагарагийн хүрхрээний ирмэгтэй зүйрлэж тайлбарласан байдаг. Ирмэг дээр зогсож байхад буцах боломжтой бол нэг л алхахад буцах ямар ч боломжгүй болдог гэнэ. Тэгвэл “The Event Horizon Telescope” нь биетүүд залгигдах үед энэхүү хил хязгаараас үүсэх гэрлийг бүртгэж авах зорилготой.



Бремэрийн хэлж байгаагаар хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа хар нүхийг мэдрэх боломжийг технологийн тусламжтай бий болгосон нь энэ юм байна. Хийсвэр телескоп нь саран дээрх гольфийн бөмбөгийг олж харах чадвартай. Испаний Сиерра Невада уулан дахь 30 метр диаметртэй IRAM телескоп,  Антарктидийн Өмнөд Туйлын Телескоп, Хавайн Жэймс Клэрк Максвел Телескоп, Чилийн хойд цөл дэх Атакама Космологи Телескоп зэргийг энэ ажилд ашигласан байна.

Буулгасан зургийн мэдээлэл нь 500 TераБайт хэмжээтэй бөгөөд бүгдийг Массачусетсийн MIT Haystack Observatory хүрээлэнд цуглуулж, супер компьютерийн тусламжтай боловсруулж эхлэх юм. Үр дүн гарахад хэдэн сарын ажил орно гэж судлаачид мэдээлжээ.

Э.Сугар 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна