Монгол банкны удирдлагууд өнөөдөр өнгөрсөн сарын санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хурлын эхэнд Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир гуравдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлт болон бүтцэд ямар өөрчлөлт гарсныг танилцуулав.
2017 он гарсаар ам.долларын үнэ алгуур доошлон, төгрөгийн ханш чангарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд, ААН-үүд долларын хадгаламжаа төгрөг рүү шилжүүлж эхэлсэн юм. Энэ үйл явц өнгөрсөн сард ч үргэлжилжээ.
Нөгөөтэйгүүр төгрөгөөр биш, ам.доллараар зээл авах хүсэлтийг арилжааны банкуудад гаргах нь өсчээ. Хэдийгээр дунд хугацаанд ам.долларын ханш тогтвортой байгаа ч урт хугацаанд хэрхэх нь тодорхойгүй учир ам.долларын зээл эрсдэл дагуулж магадгүй аж.
Мөн санхүүжилтгүйн улмаас найман хувийн зээл зогсонги байдалд орсон. Өнгөрсөн сард 1028 иргэнд шинээр ипотекийн зээл олгон, 64.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүний 44 тэрбум төгрөгийг өмнө нь ипотекийн зээл авсан иргэдийн эргэн төлөлтөөр санхүүжүүлсэн байна.
Өнгөрсөн гуравдугаарт сард банк санхүүгийн салбарт гарсан өөрчлөлтүүд
• Мөнгөний нийлүүлэлт буурсан.
• Төгрөгийн хадгаламжийн хэмжээ өсч, валютын хадгаламж, харилцахын хэмжээ буурчээ.
• Гадаад улсад амьдардаг монгол иргэдээс шилжүүлдэг мөнгөн гуйвуулга оны эхний хоёр сард өссөн ч өнгөрсөн сард буурсан.
• Валют гадагшлах байдал нэмэгдсэн.
• Эдийн засгийн идэвхжил саарсан хэвээр байна.
• Банкуудын актив өссөн.
• Нийт зээлийн хэмжээ 3.4 хувиар өссөн ч хэрэглээний зээл давамгайллаа. Барилга, уул уурхайн салбарын зээл өссөнгүй.
• 64 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж, 1028 иргэн зээлд хамрагдав. 44 тэрбум төгтрөгийн зээл нь 8 хувийн хүүтэй зээл байна.
• Төгрөгийн зээлийн дундаж хүү 20, валютын зээлийн хүү 12 хувь байна.
• Инфляц 4.7 хувьд хүрч өссөн нь улирлын шинж чанартай. Үүнд хүнсний болон дотоодын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөллөө.
• Гадаад худалдааны тэнцэл 534 сая ам.долларын ашигтай гарсан ч өмнөх сараас буурав.
• Экспорт, импортын аль аль нь өсөв. Тэр дундаа уул уурхайн олборлолт идэвхжсэнээр шатахууны импорт үлэмж өчсээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна