Байгаль хамгаалагчид төр засагтаа гэрийн даалгавар өгөв

Өчигдөр 12 цаг 12 минут
Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганыг угтсан “”Байгальд ээлтэй бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан.Нийслэлчүүдэд байгалийн хаягдлыг хэрхэн ашиглаж болдгийг харуулсан байгаль хамгаалагчид баасан гарагт Төрийн ордны их танхимд үндэсний II чуулганаа хийлээ. Энэ удаа байгаль хамгаалагчид өмнөх чуулганаасаа илүү ахисан түвшинд асуудал хэлэлцэж байна. Учир нь өмнөх чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолыг санаачлан батлуулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нөхөрлөлийн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан зэрэг нэлээд ажлыг төр засгийн түвшинд хийгээд байгаа юм.

Д.Оюунхорол: Байгаль хамгаалах үйлсэд нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна

Чуулганыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нар нээж үг хэлсэн бөгөөд Ерөнхий сайд хойч үедээ бүрэн бүтэн байгальтай улс орон хүлээлгэж өгөх ёстой гэдгийг онцолсон юм. Харин БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Байгалийн нөөцийн хамтын менежмент бий болсноор Орчны бүсийн зөвлөл, төрийн бус байгууллагууд, усны сав газрын захиргаа, нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж зэрэг иргэдийн төлөөлөл бүхий байгууллагууд, байгалийн нөөцийн асуудлаар санал бодлоо хэлдэг, шийдвэр гаргахад оролцдог болж, зарим тухайлсан газар нутагт менежмент хийдэг болсон билээ. Үүний тод жишээ бол улсын хэмжээнд нийт 1.629 нөхөрлөл, 1.200 гаруй байгаль орчны ТББ, Орчны бүсийн зөвлөл 30, Усны сав газрын захиргаа 21 ажиллаж, ан агнуурын 71 бүс нутаг, Улсын тусгай хамгаалалттай хоёр газарт мэргэжлийн төрийн бус байгууллагууд гэрээгээр менежмент хийж байгаа явдал мөн.

Түүнчлэн БОАЖЯ-ны хүсэлт, санаачилгын дагуу Олон улсын байгууллагын санхүүжилттэй 38 төсөл хэрэгжиж байгаа нь хамтын менежментэд гарч буй ахиц дэвшлийг харуулж байна. Бид цаашид байгаль хамгаалах нөхөрлөлүүдийнхээ хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллана” хэмээсэн юм. Ойн хил хязгаарыг тодорхойлох шаардлагатайг нөхөрлөлүүд онцлов Чуулганд 21 аймгийн 170 гаруй сумын 800 гаруй байгаль хамгаалагч ирсэн бөгөөд тэд салбарын яам нь нөхөрлөлүүд ажиллах хууль эрхзүйн орчинг анхаарч ажиллаж байгаад талархалтай хандаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм.

Сайны хажуугаар саар гэдгийн үлгэрээр “Байгалиа хамгаална” гэж нөхөрлөл байгуулах зөвшөөрөл авчихаад ан амьтныг нь хороох, бусдад хууль бус ан агнуур хийх боломж олгох зэргээр байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй байгааг нөхөрлөлийн гишүүд энэ үеэр шүүмжилж, бусдадаа анхааруулж байсан юм. Ойн нөхөрлөлийн гишүүд энэ үеэр үйл ажиллагааг нь идэвхижүүлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулахаас гадна санхүүгийн дэмжлэг чухал, малчин нөхөрлөлүүдтэй хоорондоо муудалцах асуудал гардаг учир ойн хил хязгаарыг тодорхой болгох шаардлага тулгарч байгааг салбарын яамандаа анхааруулаад амжсан.

Мөн энэ үеэр Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн өөрсдийн өмнө тулгамдаж байгаа болон ололт амжилтаа хэлэлцсэний дараа шагнал гардуулах ёслол болж, БОАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр 13 байгаль хамгаалагч энгэрээ мялаалгасан.

 Байгаль хамгаалагчид төр засагтаа гэрийн даалгавар өгөв

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганаас зөвлөмж гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудыг төр засгийн хэмжээнд шийдэхийг байгаль хамгаалагчид маань хүссэн бөгөөд УИХ болон Засгийн газар, Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлэх зөвлөмжөө салбарын яамаараа дамжуулан шигтгэжээ.



Тодруулбал, УИХ-д:

• Байгаль хамгаалах нөхөрлөл (цаашид “нөхөрлөл” гэх)-ийг дэмжих орон нутгийн засаг захиргааны байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох, байгалийн нөөцийн хамтын менежментийг зохицуулах чиглэлээр нөхөрлөлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

• “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуульд заасны дагуу орон нутгийн төсөвт төвлөрдөг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувь буюу ойн нөөц ашигласны орлогын 85-аас доошгүй хувь, газрын нөөцийн төлбөрийн 15-аас доошгүй хувь, ус, рашааны нөөц ашигласны 35-аас доошгүй хувь, ан амьтны нөөц ашигласны 50-иас доошгүй хувь, ургамлын нөөц ашигласны 15-аас доошгүй хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс төсвийн хөрөнгийн зарцуулалтын байдалд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх;

• Тусгай хамгаалалттай газар нутагт нутгийн иргэдийн оролцоог тусгах

Засгийн газарт:

• Нөхөрлөлүүдийг нэгдсэн зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, өргөжүүлэн хөгжүүлэх, чадавхижуулах, байгаль орчноо хамгаалах уламжлалт зан заншлаа өвлүүлэх арга хэмжээг зохион байгуулахыг дэмжих;

• Мод тарьж ургуулах, усны эх, булаг шандыг арчилж тордох зэргээр байгаль хамгаалах, нөхөн сэргээхчиглэлээр санаачилгатай ажилласан иргэд, нөхөрлөлийг урамшуулж сурталчилах, зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр техник, тоног төхөөрөмж лизингээр авахад дэмжлэг үзүүлэх;

• Олон улсын төсөл, хөтөлбөр, хандивлагч байгууллагын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж байгаль хамгаалах нөхөрлөлд урт хугацааны тогтвортой дэмжлэг үзүүлэх; • Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн журам батлан хэрэгжүүлэх

• Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн урамшуулалын тогтолцоог бий болгох

Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагад:

• “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” болон холбогдох бусад хуулиудын хэрэгжилтийг хангаж, нөхөрлөлд мэргэжил, арга зүй, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг төлөвлөн хэрэгжүүлэх;

• Олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс нөхөрлөлийн гишүүдээс идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр урамшуулах арга хэмжээ авах;

• Нөхөрлөлийн сайн туршлага, ололтыг түгээн дэлгэрүүлэх,харилцан суралцах үйл ажиллагааг дэмжих, туршлага солилцох уулзалт ярилцлага, семинар зөвлөгөөн, байгалийн цэвэр бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сургалт, сурталчилгааг зохион байгуулах зэрэг гэрийн даалгаврыг хүргүүлсэн байна. Үүнтэй зэрэгцэн төр засгийн зүгээс ч мөн Байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлэхээр тусгажээ.

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд:

• Нөхөрлөлийн зорилго, ач холбогдлыг иргэд, олон нийтэд зөв таниулан сурталчилж, нутгийн иргэдийг өргөнөөр хамруулах, нөхөрлөлийнхөө бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, гишүүдийнхээ тэгш оролцоо, идэвхи санаачилгыг өрнүүлж хууль тогтоомжийн хүрээнд ажиллах;

• Байгалийн нөөцийн хамтын менежментийн дотоод засаглалын хүрээнд талууд тэгш эрхтэйгээр оролцож, харилцан үүрэг хариуцлага хүлээж, хамтран ил тод ажиллах;

• Гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлж, чадавхжуулах замаар нөхөрлөлийн дундын сангаа аривжуулах, дотоод нөөц боломжоо бүрэн дайчилж санхүүгийн хувьд бие даан ажиллах арга замыг эрэлхийлэх;

• Ирээдүй хойч үеийнхэндээ байгаль хамгаалах мэдлэг, өв уламжлалыг өвлүүлэх, байгалийн нөөцийг үр ашигтай, хаягдалгүй ашиглах, арвилан хэмнэх ногоон хэрэглээг амьдралд хэвшүүлэх чиглэлээр нөхөрлөлийн гишүүд үлгэрлэн манлайлах

• Нөхөрлөл үйл ажиллагааны тайлангаа жил бүр сумын ИТХ-д тайлагнахаас гадна санхүүгийн тайланг гаргаж хэвших.

Эх сурвалж: Өглөөний сонин 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна