Б.Мөнхбаяр: Байшингийн дулаалга нүүрсний хэрэглээг маш өндөр хувиар бууруулах боломжтой

18 цаг 58 минутын өмнө
Утааг гамшгийн хэмжээнд хүргэж буй хамгийн том хүчин зүйл нь түүхий нүүрсний хэрэглээ. Тэгвэл нүүрсний хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй арга нь дулаалга гэж үзэж байна. Энэ талаар ШУТИС-ийн барилга архитектур, зураглалын багш Б.Мөнхбаяраас тодруулсан юм.

-Утааг багасгах үр дүнтэй арга нь дулаалга гэж та бүхэн үзэж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгийн зүгээс олон арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. Гэхдээ утаа байсаар байна. Бодит байдал дээр иргэд нүүрсний хэрэглээгээ бууруулахгүй бол мянга гайхамшигтай төхөөрөмж хэрэглээд үр дүн гарахгүй.

Тиймээс бид бодит байдалдаа тохирсон арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна.  Жишээлбэл, Англи улс шиг хийгээр шийднэ гэвэл манай улсад тийм боломж байхгүй. Маш үнэтэй тусна.

Сүүлийн 3,4 жилд ОХУ-аас байгалийн шингэрүүлсэн хийг оруулж ирэх гэж үзсэн. Гэтэл өртөг өндөртэй их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан учраас зогссон.

Манай нөхцөлд эхний ээлжинд байшингийн дулаалгыг хийх шаардлагатай гэж харж байгаа. Гэр хорооллын айлууд байшиндаа дулаалга хийвэл нүүрсний хэрэглээг 10 дахин бууруулах боломжтой.

Өөрөөр хэлбэл, таван тонн нүүрс хэрэглэж байсан бол байшингаа дулаалсанаар хагас тонн нүүр хэрэглэнэ. Энэ бол иргэд өөрсдийнхөө төлөө зардал багатайгаар хийх боломжтой хувилбар. 



-Дулаалгыг ямар материалаар хийх нь илүү тохиромжтой вэ.  Та бүхэн туршиж үзсэн үү?

-Энэ шинэ зүйл ерөөсөө биш. Манайд хэрэглэдэг, байдаг л материалууд. 100 айлаас  очоод авахад бүгд байж байгаа. Нэг нь хөөсөн маягийн хатуу, нөгөөх нь утаслаг гэсэн хоёр бүтэцтэй.

 Бидний зүгээс Дэлхийн банкинд  дулаалгыг зөв хийх нь чухал гэдгийг хэлж байгаа. Бид байшингаа дулаалах сонирхолтой байгаа иргэдийг аваад ир. Зааж зааварлаж өгье. Гарын авлага хийе. Харин та бүхэн хэвлэх асуудлыг нь шийдээд хийгээч гэсэн саналыг тавьж байгаа.

Ямар ч зүйлд сайн тал муу тал гэж бий. Муу талыг нь дөвийлгөж харвал муулах зүйлүүд гарна. Тухайлбал, хөөсөнцөр гэхэд галын аюулгүйн асуудал яригддаг. Яагаад шатдаг вэ гэхээр хөөсөнцөрийн цаад талаар нь цавуу хийх ёстой байдаг.  Гэтэл үүнийг хийгээгүйн улмаас амархан шатдаг. Мөн иргэд буруу хөөсөнцөр сонгодог. Гараараа имэрхэд бутарч унадаг хөөцөнцөр бол галд их амархан шатдаг. Сонголтоо зөв хийгээд үүнийг сайн технологиор хийчихвэл асуудал биш. 

-Байшин дулаалах асуудал хэзээнээс яригдаж байгаа вэ?

-Анх 2003 оноос байшингуудыг дулаалах ажил хийгдэж байсан юм. Гэхдээ тэр үед дулаалгын материал гэдэг зүйл үнэхээр ховор байсан. Шилэн хөвөн ч олдохгүй. Ганц олддог нь бутарсан хөөсөнцөр, хятад шилэн хөвөн л байлаа.

Харин одоо бол бүх зүйл өөр болсон. Ямар ч материал худалдан авч болж байна. Энэ талаар иргэдэд мэдээллийг тогтмол өгөх нь чухал байна.

Өнгөрсөн хугацаанд дулаалгын ажил яагаад дорвитой хийгдээгүй вэ гэхээр төр засаг маань өөр аргаар шийдэх гэж үзэн. Харамсалтай иргэдийн хүсч буй үр дүн гараагүй. Гэтэл олон улсад хамгийн хямд зардлаар утааг бууруулах шийдэл нь эхлээд байшингаа дулаалах л байдаг. 

-Байшингаа дулаалах шаардлагатай хичнээн өрх байгаа гэж тооцож байна вэ?

-Нийслэлд  дунджаар 200,000 айл өрх байна гэж үзвэл 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Үүнээс дахиад 60 хувь нь байшинд амьдардаг гэвэл 36-40 мянган байшин байна гэсэн үг. 

-Хэзээнээс энэ ажил эхлэх вэ?

-Ер нь эхэлчихсэн айлуудаа сонгочихсон. Чанартай материал хийх байгууллагуудтайгаа харилцаж байгаа.

-Айлуудаа хаанаас сонгосон бэ?

-Утааны онцгой бүсэд байгаа 51 хороо байдаг. Эхний ээлжинд хороо тус бүрээс дөрвөн айлыг сонгосон

Г.Сар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна