Манж Чин улсын түүхэнд нэрээ мөнхөлсөн Монгол хатад

2017/04/26
Манж Чин улсын хаад  тэнгэрийн тааллыг хүртсэн, их улсыг байгуулах хувьтайгаа батлахын тулд  Монгол төрийн тамгыг хайлгаж байсны дээр Боржигин овгийн язгууртан Монгол гүнж нарыг хатан болгон авч байжээ. Чин улсын эхэн үед олон Монгол гүнж нар хатан болон ордонд орж байсан ба дунд, хожуу үеэр энэ байдал тасрах болсон хэдий ч цөөн тооны Өвөр Монголын язгууртан охид хаалттай хотод амьдарч байжээ. Эдгээр хатдын тухай  дурдвал:
 

Жирэ (1600-1649)
 
Хорчин Монголын анхдугаар Фу ван Манзушир ноёны охин Хунтайжтай 1614 онд гэрлэсэн. Хэдийгээр Жирэ түүний анхны эхнэр нь биш боловч хууль ёсны хатан болсон байна. 1636 онд Чин улсыг байгуулах үед Их Хатан болж, түүний зээ дүү Бумбатай Амарлингуй хатан хэмээгдэв. Их хатан гурван охин төрүүлсэн ба ууган охин Вэн Жуан нь Цахар Монголын Эжээтэй /Лигдэн хааны хүү/, дунд охин Жиндуан гүнж боржигин овгийн нэг вантай, гуравдугаар охин Юн Ань манж язгууртантай гэрлэсэн ажээ. 1643 онд Хунтайжийг нас барсны дараа  Фулиний ээж Бумбатайтай хамт Тайху хатан хэмээгдэн амьдарч байгаад1649 онд нас барсан юм.
 

Амарлингуй Тайху (1613-1688)

Бумбатай гүнж Чингис хааны дүү Хасарын удам Хорчин Монголын Боржигин овгийн хүн ба түүнийг 12 настай байхад Хуантайжид татвар болгон өгчээ. Бумбатай гурван охин, нэг хүү төрүүлсэн ба тэр хүү нь Эеэр засагч хаан юм. Түүний авга эгч Жирэ Хунтайжийн их хатан байсан ба Хуантайжийн нас барсны дараа Бумбатайн хүү Фулин Эеэр засагч хэмээгдэн хаанд өргөмжлөгджээ. Хунтайж нас барахдаа гэрээслэл орхиогүй учир ууган хүү Хүүгэ хаан ширээнд суух ёстой гэж үзсэн ч Хунтайжийн дүү нар Фулинийг дэмжиж байлаа. Ингээд тэд нар Хүүгэг гэрийн хорионд оруулж Фулинийг өргөмжлөн төрийн хэргийг хааны авга ах Дөргөн залах болов. Хэдэн жилийн дараа Дөргөнийг нас барахад Тайху хэргэм зэргийг нь хураан, гэр бүлийнхнийг нь хатуу шийтгэсэн байдаг. Бумбутай хатан төрийн хэргийг шийдэж Эеэр засагч хааны эрх мэдлийг хомс байлгаж байлаа. Эеэр засагч хааныг 24 настайдаа нас барсны дараа түүний хүү 8 настай СюаньЕ-г хаан өргөмжлөн Энх-Амгалан гэж оны цолыг өгөөд Обой, Сонин, Сусах, Эбүлин нарыг засаг баригчаар томилоод балчир ач хүүд нь төр барих ухаанд сургахыг тушаажээ. Хааны төрсөн эхийг нас барсны дараа хатан өөрийн биеэр Энх-Амгалан хааныг асрах болж хор хүргэхээр оролдсон Обойг төрөөс зайлуулав. Хатан зугаа цэнгэлд дургүй, Монгол хүн болохоор насны ой тэмдэглэх дургүй байжээ.1687 оны намраар Хатан эхийн өвчин хүндрэхэд эзэн хаан өөрийн биеэр эмэг эхээ асран сувилж байсан байна. Өвчний улмаас 1688 онд нас барсан ба түүний бунхан Хэбэй мужийн Чингийн хаадын бунхнуудын дунд байдаг.Хатнаас төрсөн том охин Юнму гүнж үеэл Биртхартай, дунд охин Шухуй гүнж, гуравдахь охин Дуансян гүнж юм.
 

Сүрна

Хорчин Монголын Боржигин овгийн хүн бөгөөд Амирлангуй хатны зээ дүү юм. Тэрээр Эеэр засагч өөрийн эрхээ авсан 1651 онд Хуанхоу болсон ч эзэн хаан түүнд тодорхойгүй шалтгааны улмаас их дургүй, байнга огцруулахыг оролдож байжээ. Эеэр засагчийн түүнд дургүй байх гол шалтгаан нь  засаг баригч, авга ах Дөргөнийн шаардлагаар хүчээр тэднийг гэрлүүлсэнд байв. Сүрна үзэсгэлэнтэй, ухаалаг эмэгтэй байсан хэдий хэтэрхий бардам, үрэлгэн нэгэн байв. Эзэн хаан эцэст нь санасандаа хүрч 1653 онд Их хатныг Жин хатан болгон бууруулсан байна. Хэдийд төрсөн, нас барсан нь тодорхойгүй.
 

Зохист Хуанхоу (1641-1717)

Хорчин Монголын боржигин овгийн хүн бөгөөд Манжийн хаадтай ураг барилдсан нэртэй гэр бүлээс гаралтай. Түүний аав Жоржи Амирлангуй хатны зээ дүү байсан болохоор анхны их хатныг буусны дараа хаалттай хотод орж сарын дараа Эеэр засагчийн албан ёсны их хатан болсон. Түүнтэй хамт дүү нь ордонд хааны татвар болон орсон ба Шуй Хуй татвар цолтой байв.Эзэн хаан түүнийг Манжийн Дунго овгийн татвар орж ирэх хүртэл бага зэрэг сонирхож байсан ч хожим ойшоохгүй болжээ.Эеэр засагчийг нас барсны дараа СюаньЕг хаанд өргөмжилсний дараагаар хааны бүх хүүхдүүдийн албан ёсны эх учир Тайху гэж өргөмжлөгдсөн. Хатан төрийн хэрэгт оролцдоггүй хүн байсан ба Энх-Амгалангийн эринд олон жил амьдраад 1717 онд нас барахад нь татваруудын хамт Хэбэйд бунхалжээ.
 

Чадамгай хатан (1812-1855)

Тэрээр хил хамгаалах газрын дэд тушаалын ажилтан Боржигин овгийн Хурангаагийн охин юм. Чингис хааны удмын Боржигин овгийн түүний гэр бүлийнхэн 1855 онд манжийн шар тугтны харъяанд орсон байжээ. Боржигин овгийн авхай Төр гэрэлтийн эхний жилүүдэд ордонд орж Хүндэт авхай Жин хэргэм хүртэв. 1826 онд эзэн хааны хоёрдугаар хүү Иканыг төрүүлснийхээ дараа Жин татвар болжээ. Икан агь дөрвөн сартайдаа нас барсан боловч эзэн хаан түүнийг хатан болгож дэвшүүлсэн байна. 1835 онд Боржигин овгийн авхайг Гуйфэй болгоод, өмнөх хатныг нас барсны дараа Хуан Гуйфэй /их хатны дараа орох хэргэм/ болгосон боловч их хатан болгоогүй юм. Тэр нөхрийнхөө эринд албан ёсоор их хатан болоогүй боловч хожим хаан болсон Түгээмэл элбэгт хаан ихэд хүндэлж өдөр бүр мэндийг нь эрдэг байсан ба Урт нас, Удаан жаргалын ордонд амьдруулж байжээ. Мөн эзэн хаанд татваруудыг нь сонгож өгсөн ба хожим нэр хүндийг олсон ЦиСи, ЦиАнь нарыг ч шилэн  ордонд оруулсан байдаг. 1855 онд хүндээр өвдөөд байхдаа албан ёсоор Тайху хэргэм авсан ч найм хоногийн дараа нас баржээ. Хатны ганц охин манжийн язгууртан Жин Шоутай гэрлэж улсын гүнж ШоуАнь хэргэмийг хүртсэн.
 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна