Нийгмийн даатгалынхан нас барсан 15000 хүний нэрээр мөнгө иджээ

2017/04/29
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хурлаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын танилцуулснаар нийгмийн даатгалын салбарт хийсэн эхний шатны шалгалтаар 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Үүн дундаас нас барсан иргэдийн нэрийг барьж улсаас тэтгэвэр авдаг зөрчилд 2016 оны байдлаар 5000 хүний асуудал хөндөгджээ. Өөрөөр хэлбэл, манай улсад итгэмжлэлээр тэтгэвэр авдаг 15000 иргэн байдгаас 30 хувь нь буюу 5000 иргэний асуудал зөрчилтэй гарсан байна. Үнэндээ энэ асуудал шинэ тутам зүйл биш.

Нийгмийн даатгалынхан арилжааны банкуудын ажилтнуудтай үгсэн бүрлээч бологсдын нэрийг хасахгүйгээр улсаас үргэлжлүүлэн тэтгэврийг нь авсаар байсныг одоогоос хоёр жилийн өмнө цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж эхэлсэн юм. Энэ тухай манай цахим хуудас анхлан мэдээлж олон нийтэд хүргэж байв. 2015 оны шалгалтын үеэр гэхэд 10000 иргэний нэрээр мөнгө завшсан, хохирлын хэмжээ 40 орчим тэрбум төгрөгт хүрч байсныг цагдаагийн эх сурвалж тухайн үед мэдээлж байв. Уг асуудалд нийгмийн даатгалын бүхий л салбар, дарга, удирдлага, бүр салбарын сайд хүртэл холбогдох шинжтэй болж цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг орон нутгаас татан оролцуулж өргөжүүлсэн шалгалтыг орон даяар эхлүүлж байсан юм.

Тэгвэл 2015, 2016 оны цагдаа, нийгмийн даатгалынхны хийсэн шалгалтаар нийт 15000 хүний асуудал хөндөгдөж байгаа бололтой. Нэг үгээр, нийгмийн даатгалынхан арилжааны банкуудтай үгсэн хоёр жилийн хугацаанд гэхэд нас барсан 15000 хүний нэрээр улсаас мөнгө завшсан гэж ойлгогдож байна.

Цагдаагийнхны орон даяар хийсэн мөрдөн байцаалтын үр дүнд нийгмийн даатгалын мөнгийг завшсан гэх нэрээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нарын цөөн хэдэн хүмүүс шүүхэд дуудагдаж эхнээсээ хэрэг нь хэрэгсэхгүй болсоор өндөрлөсөн. Гэвч иргэдийн нэрээр мөнгө завшдаг байдал үргэлжилсээр байгаа бололтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна