Үндсэн хуульд хэн дуртай нь “гар хүрдэггүй”

2017/04/29
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд өнөөдөр 09.00 цагт эхэлсэн. Монгол Улсын бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн, нийгмийн бүх давхарга, ажил мэргэжил, сонирхлын бүлэг, нас хүйсийг төлөөлж чадахуйц 750 орчим иргэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар санал бодлоо илэрхийлж байгаа юм. Зөвлөлдөх уулзалтад оролцогчдыг насанд хүрсэн бүх иргэдийн жагсаалтаас математик статистикийн буюу санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна.

2000 оноос хойш Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах найман хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг болон өдийг хүртэл зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлуудаас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага бий болсон талаар цөөнгүй судалгаа, зөвлөмж гаргажээ. Түүнчлэн, иргэд, эрдэмтэн судлаачид, төр, нийгмийн зүтгэлтнүүд Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, өөрчлөх асуудлаар удаа дараа санал гаргаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байдаг.

Хамгийн сүүлд Засгийн газар болон УИХ дахь МАН-ын бүлэгт байгуулагдсан Ажлын хэсгүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар судалгаа хийхэд хамрагдсан иргэдийн олонхи нь шинэ зохицуулалт хийх шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал, Монгол Улсад хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдал, хоорондын уялдаа холбоо бүрэн хангагдаагүй гэж 96.7 хувь нь, УИХ-ын бүтэц, зохион байгуулалт өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна гэж 73.1 хувь нь, Засгийн газрын гишүүн нэг зэрэг УИХ-ын гишүүн байх нь буруу гэж 51.5 хувь нь үзсэн байна.

Мөн Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг байх нь зөв гэж 57.3 хувь нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг ямар нэгэн хэмжээгээр өөрчлөх нийгмийн шаардлага бий болсон гэж 79.3 хувь нь саналаа илэрхийлсэн байна. Энэ бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх эсэх асуудлаар нийтээрээ зөвлөлдөн хэлэлцэх, зохих шийдвэр гаргах хэрэгцээ шаардлага байгааг харуулсан гэж үзсэний үндсэн дээр зөвлөлдөх санал асуулга болж байгаа юм.

Зөвлөлдөх санал асуулгыг нээж УИХ-ын дарга  М.Энхболд үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “Шинэ Үндсэн хуулийг одоогоос 26 жилийн өмнө нийт ард түмнээрээ 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлж, нийт 1.2 сая сонгогчдын 900 гаруй мянгаас нь давхардсан тоогоор 200 мянга гаруй санал авсан байдаг.



Тэдгээр саналын 44.3 хувийг төсөлд ямар нэг байдлаар тусгаж, Улсын Бага Хурал дөрвөн удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй. Энэ утгаараа Үндсэн хууль Монголын бүх ард түмний хамтын бүтээл, зөвшилцөл ойлголцлын эрхэм баталгаа болсон билээ.

Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал зөвхөн парламент, эсвэл санал санаачилга гаргасан хүмүүсийн санаан зоргоор хийх ажил биш бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай гэж үзвэл “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандах ёстой гэсэн байр суурьтай байгаа хэмээн онцолсон юм.

Зөвлөгөөнд оролцож буй 700 гаруй төлөөлөгчид 49 бүлэгт хэсэгт хуваагдан “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ сэдвийн хүрээнд,

- Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгох;
- Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;
- Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах зэрэг сэдвээр хэлэлцэж байна.

Иргэдийн санал бодлыг УИХ, Засгийн газрыг түвшинд нухацтай авч үзэж, Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах шийдвэрээ гаргана. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3 дахь заалтын дагуу энэ санал асуулгаар гарсан зөвлөмжийг УИХ авч хэлэлцэх юм.


 
С.ОТГОН 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна