Дэлхийн түүхэн дэх "Нэгэн брэнд жишээ"

2017/05/03
Хутагт хувилгаад гэгдэгсдийн хойд дүрүүдэд итгэдэг хүний тоо ихэд цөөрчээ. Алсдаа бүр алга болох биз ээ. Энэ бол угтаа танин мэдэхүйн хийгээд шашин суртлын шалтгаантай сонин үзэгдэл болно. Сүсэгтэн олон нийт цаад учир, шалтгааныг нь ойлгох чадваргүйн улмаас өөрийн эрхгүй аялдан дагах болсон энэ үзэгдэл нь харин Төвдийн төр, шашны ихэс дээдсийн талаас бол тэдний бодож олсон таах, нээхэд нэн бэрх том заль мэх, луйвар байлаа. Олон зууны туршид энэ үзэгдлийн учир шалтгаан, үнэн худлыг олох, нээх гэж хэн ч ул үндэстэй оролдоогүй нь гайхмаар баримт мөн болно...
 
70 шахам удаа номт гэгдэх орнуудад хувилж төрсөн хэмээгдэгч Далай лам, мөн 50 шахам удаа хувилж төрсөн Жавзандамба нарын намтар, түүх, ачлал, гавъяаг магтан дуулсан олон судар хэргээ хийж, сүсэгтэн олныг гайхшруулж, гүн төөрөгдөлд оруулж, итгэл сэтгэлийг нь диваажин руу эргэлт, буцалтгүйгээр аван оддог байлаа. 

Амьд бурхад хэмээгдсэн хутагт, хувилгаадаас ивээл хүсэж адис авснаар “чадал тэнхээ нэмэгдэж, итгэл сэтгэл сэргэж, ашдын сайхан руу, амарлингуйн ертөнц рүү зорих хүсэл эрмэлзэл бадардаг” гэх сэтгэлзүйн найдвар, хүлээлт сүсэгтэн олныг дөрлөн хөтөлсөөр, зуун жилүүд улиран өнгөрсөөр, хөөрхий сүсэгтнүүд хуучин янзаараа хорвоогийн зовлон, гачаалыг эдэлсэн хэвээрээ л үлддэг дүр зураг мөнхөд гэхээр улиран хадгалагдсаар байжээ. 
 
70-100 жилийн дотор хүмүүс бүр 100 хувь шинэчлэгддэг болохоор 70 шахам дүрийн Далай лам нар Төвдийн ард түмнийг хэрхэн яаж, ямар байсныг нь ямар болгосон талаар дүгнэж үзсэн, эргэж магадалсан, тайлан тооцоог нь шалгасан, нягталсан ямар ч баримт байхгүй. Санал, гомдол гаргаж заргалдсан гэх тохиолдол ч үгүй байна. Уул нь 70 шахам дүрийн Далай ламаар ивээгдэж, дэмжигдсэн Төвд орон бүтэн диваажин биш гэхнээ ядаж л хагас диваажин болчихсон баймаар даа?...

Монголд 8 дүрийн Богд нар-амьд бурхад бүр Далай лам ба Банчэн эрдэнийн томилолт, даалгавраар ажилласан хэрнээ 1639 оноос 1924 оныг хүртэлх 285 жилийн дотор монголчуудыг жилээс жилд доройтуулж, ядууруулж, бүх талаар туйлдуулж, сөнөх, мөхөхийн ирмэг дээр авч ирсний учир, шалтгаан бас юу байна вэ? Тэгэхдээ бүр Манзшир бурханы хувилгаан гэгддэг Манжийн хаадын шууд удирдлага, хяналтын доор шүү! 1691 оны үеийн Монголын газар нутаг 3,3 дахин багассан, хүн ам нь мөхөх хэмжээнд цөөрсөн, үлдсэн хэд нь үгээгүй ядуугийн дээр өвчин эмгэгт баригдсан, навтас болсон бүрээстэй жижиг гэр ба цөөн малаас өөр хөрөнгө, зоорь гэхээр юмгүй, мухар сүсэгт дээр дооргүй гүн автсан ёстой л үхэх өдрөө хүлээсэн эргүү өвчтэй төлөг шиг болсон байсныг гадаадын судлаачид баримтжуулан үлдээсэн тэмдэглэл ч цөөн бус байгаа билээ. 
 
Өмнө дурдсан 8 амьд бурхадын өөрсдийн нь амьдрал, хувь заяа ч гэсэн эмгэнэл, гашуудал нэхэн зарламаар тийм хөөрхийлөлтэй байжээ. Тэдний олонх нь эрүүл саруул өсөж бойжиж ч чадсангүй. Тэдний нэг нь дөнгөж 6 настайдаа, нөгөө нь 15, гурав дахь нь 19-тэйдээ хорвоог орхижээ. Төвдөөс тодрон залагдаж ирсэн 6 Богдын дундаж нас 20, нийт 8-ын дундаж нас 35 байгаа нь хачирхалтай байна. “Шашныг мандуулж амьтныг амаржуулагч амьд бурхад” яахлаараа ийм богино насалж зуурдаар жанч халцгаадаг билээ?... 
 
8 Богдын товч намтар дараах болно. Үүнд: 

Анхдугаар Богд Лувсандамбийжалцан (1635-1723) таван настайдаа “Умар зүгийн шашин бүгдийн ганц аврал, итгэл, өмөг” хэмээгдэн өргөмжлөгдөөд Монголд шашин дэлгэрүүлэх үйлсэд бүх насаа зориулжээ. Тэрээр Далай лам, Банчэн эрдэнэ нарыг чин сэтгэлээр шүтэж, Манжийн хаантай ойр дотно нөхөрлөж, бурхдын дүр, хөрөг бүтээх, сүх хийд барих ба хэрэгцээт зүйлсээр чимэглэх зэрэг ажилд л ихээхэн цаг, хүч зарцуулжээ. Гол төлөв шүлэглэсэн хэлбэрээр, адис ивээл хүсэмжилсэн, залбирал, магтаал, ерөөл, харамсал, эв найрыг илэрхийлсэн утга санаа бүхий нэг дэвтэр бүтээл буй. “Надад мэргэд баясах сайн намтар үгүй” хэмээж намтраа бичээгүй. Уйгаржин монголоор зарим үгсийг бичихэд эндүүрэл, ташаарал гарах талтайг тооцож олон хэлний үгсийг тэмдэглэх боломжтой шинэ үсэг (соёмбо) зохиосон боловч цаг төрийн үймээнээс шалтгаалан орхигджээ. Шарил нь Амарбаясгалант хийдэд буй.
 
Хоёрдугаар Богд Лувсандамбийдонми (1724-1757) зургаан настайдаа ширээнд залагджээ. Анх Манжийн хааны зүүд болон Төвдийн дээд лам нарын санал нэгдсэнээр тодруулжээ. Манжийн эзэрхийллийн эсрэг тэмцсэн хүмүүстэй санаа нийлсэн хэмээн сэрдэгдэж амь хорлогджээ. “Их тэнгэр Эсрэнгийн ачлал өргөх ёсон” гэх ганц бүтээл туурвижээ. Шарил нь Дамбадаржаа хийдэд буй. I, II Богд Монголд төрсөн монгол хүмүүс. 
 
Гуравдугаар Богд Ишдамбийням (1758-1773) Төвдөд төрж 6 настайд нь ширээнд залжээ. 15-тайдаа өвчний учир нас баржээ. 
Дөрөвдүгээр Богд Түвдэнваанчиг (1775-1814) Лхаст төрж 7-тойд нь ширээнд залсан. Далай ламын ахын хөвгүүн. Шашин, номын үйлсэд хичээнгүйлэн зүтгэсээр 39-тэйдээ өвчнөөр Лхас хүрэх замд өөд болжээ. Бүтээл нэг дэвтэр буй. Шарил нь Амарбаясгалант хийдэд байгаа.

Тавдугаар Богд Цүлтэмжигмэд (1815-1841) Төвдөд төрж 6-тайд нь Монголд залжээ. Залбирлаар эхлээд ерөөлөөр төгсдөг олон шүлэг бичжээ. Бүтээл нэгэн дэвтэр буй. Шарил нь Гандантэгчэнлин хийдэд байгаа. 26-тайдаа өвчнөөр таалал төгсчээ.
 
Зургадугаар Богд Лувсандамбийжанцан (1843-1849) Лхаст төрж 6-тайд нь Монголд залжээ. Ширээнд суугаад 42 хоноод өвчнөөр нас баржээ. Шарил нь Дамбадаржаа хийдэд буй.

Долдугаар Богд Чойжванчиг (1849-1868) Төвдөд төрж 6-тайд нь Монголд залжээ. Бүтээл (шүлэг, ерөөл, залбирал) нэг дэвтэр буй. 19-тэйдээ өвчнөөр өөд болов. Лагшинг нь занданшуулж Гандад хийдэд суваргалжээ. Тэрээр Жавзандамба хутагтын 51 дэх дүр хэмээгддэг ажээ. 
 
Наймдугаар Богд Агваанлувсан (1870-1924) Төвдөд төрж 5-тайд нь ширээнд залжээ. 54 настайдаа өвчний улмаас жанч халсан гэх боловч түүнийг улстөрийн шалтгаанаар хорлогдсон гэх нь бас буй. VIII Богдын намтрыг уншигчид сайн мэдэх учир өмнөхөөр хязгаарлаж байна. 
 
Манжийн хааны хатуу зарлигийн дагуу Төвдөөс нэгэн хөвгүүнийг 5-7 настайд нь Монголд залж авч ирэх гэж маш олон хүн оролцож, маш их зардал, сүйтгэл гарч, тэр ажил заримдаа 15-19 сар үргэлжилж байжээ. Жишээ нь VI Богдыг залах үеэр замын хүнсэнд зориулж 2500 хонь тууварлан авч явжээ. Тэр хүүхдэд орон байр бэлдэж, Төвдөөс багш нар, оточ урьж, анх тодруулсан том лам нарт мөнгөн шагнал олгож, дагалдаж ирсэн хүмүүсийн буцах зардлыг ч бүрэн дааж байв. Жишээ нь VII Богдыг тодруулахад биечлэн оролцсон Далай лам, Банчэн эрдэнэ хоёрт 60 мянган лан цагаан мөнгө шагнажээ. Богдын шавийн аж ахуйг эрхэлдэг албаныхны зардал, сүйтгэл ч тун их байжээ. 1870 оны үесэд Богдын мэдлийн сангийн малын тоо 130 мянга гаруй, шавь нар нь 17 их отог болж байв. 
 
Богдын дүрүүдээр цовоо, сэргэлэн монгол хөвгүүдийг тодруулах боломж, бас тэдэнд багшлах эрдэм номтой багш нар Монголд бараг Төвдөөс тоогоор ч, чанараар ч дутахааргүй болчихсон байсан хэдий ч Манжийн хаан монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуурыг төвд хүний гарт байлгах, төвд хүүхдэд төвд багш томилох, шашны номыг зөвхөн төвд хэлээр унших, номлохыг чухалчилсаар байжээ. 
 
Манж-Хятадын төр засаг, Төвдийн том толгой лам нар Монгол орныг “Инээж байгаад долоож барах” бодлогоо Бээжин-Лхасын онц нууц тохиролцоо болгоод хичээнгүйлэн мөрдсөөр замынхаа хагаст орчихсон байсан болохоор “Чингисийн Монгол сөнөлөө” гэх мэдээлэл ч дэлхий дахинд тархсан байв. Том, жижиг аль ч улс орны төрийн жолоо, цулбуур харийнхны гарт ил, далд байх аваас, дээр нь нэмээд ард түмний нь оюун санааны амьдралын жолоо, цулбуур өөрт нь үл тохирох үзэл суртлын нөлөөнд атгагдчих аваас эцэстээ ямар үр дүн гардгийг монголчууд бидний жишээнээс дэлхий харж суралцах болтугай. Өөр содон, тод жишээ, баримт одоогоор алга гэж хэлж болно. Энэ бол Их Монгол улсыг жижигрүүлж, доройтуулж, ядууруулж, мухар сүсэгт автуулж, мөхөхийн ирмэгт хөтлөн аваачиж чадсан Манж-Хятад ба Төвдийн удирдлагын хувьд эерэг үзэгдэл, Брэнд үзэгдэл, харин монголчууд бидний хувьд онцын сөрөг үзэгдэл, гамшиг мөн байлаа. 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна