ЭЕШ-д тэнцсэн батламж нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй

2017/05/10
Элсэлтийн ерөнхий шалгалын шалгуулагчдын бүртгэл хоёрдугаар сараас орон даяар эхэлж өнгөрсөн сард бүртгэж дууссан. Энэ хугацаанд нийт 40388 сурагч ЭЕШ-д бүртгүүлжээ. Тэдгээрийн 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид бол 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид аж. 

Нийт шалгуулагчдын хичээл сонголтыг хичээл тус бүрээр авч үзвэл математикийн хичээлийг хамгийн их сонгосон байна. Шалгуулагчдын тоог хүйсээр нь авч үзвэл 18435 нь эрэгтэй, 21953 нь эмэгтэй байна. Түүнчлэн шалгуулагчдын 17499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлжээ.

Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох,сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байх юм. 

Шалгалтад орох сурагч нар бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг, цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг зэргийг авч очих шаардлагатай. ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа www.eec.mn вэб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэгдэнэ.

ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вэб сайтад байршуулан нийтэд зарлах аж. Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрд өгнө. Энэ батламж хуудас нь 2,5 жилийн хугацаанд хүчинтэй.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна