Асашёрюү Д.Дагвадорж бусдын бичсэн нийтлэлийг хулгайлаад "баригдлаа"

2017/05/25
Асашёрюү Д.Дагвадорж сошиалд тун ч идэвхтэй нэгэн. Тэрбээр үе, үе Live хийж явсан газрынхаа сонин хачныг фэйсбүүкийн найзууддаа хуваалцах нь бий. Тэгвэл Аса аварга энэ удаад өөрийн цахим хуудастаа нэгэн нийтлэл оруулсан нь олон мянган лайк, шэйр асар богино хугацаанд цуглуулаад амжжээ.

Тэрбээр японы улстөрч Танака Какүэгийн тухай бичсэн нийтлэлийнхээ оршилд тэрбээр “Яагаад ч юм бичмээр санагдаад болдогүй ээ! Бид нар гадныханаас жишээ авч ярих, хийрхэх дуртай. Дотороо бол хэн ч бай май гээл салаавчийн сэтгэлгээтэй хүмүүс мэт.... Гэхдээ энэ бол миний бодол шүү! Хэн нэгэнд хэлж байгаа үг биш л дээ” хэмээн бичжээ.

Тэгвэл  “Миний бодол шүү” хэмээн тодотгосон энэхүү нийтлэл нь Аса аваргынх биш бололтой. Учир нь япон хэлний орчуулагч О.Жаргалсайхан уг нийтлэлийг энэ оны хоёрдугаар сард бичин хэвлэлд нийтлүүлж байсан аж.

Тодруулбал, энэ удаад тэрбээр өөрийнх бичсэн нийтлэлийг Аса аварга “туусан” болохыг цахим хуудсаараа дамжуулан “Аса аварга бас шүтэж явдаг бололтой юм. Энэ нийтлэлийг миний бие нэлээн олон сарын өмнө бичжээ. Харин аварга яг адилханыг дөнгөж сая бичсэн юм даг уу” хэмээн илчилсэн нь нэр хүндтэй аваргыг эвгүй байдалд оруулж болзошгүй нь.

Х.Онон
 



Орчуулагч О.Жаргалсайханы бичсэн "Японы домогт улстөрч Танака Какүэгийн тухай цөөн үг" нийтлэлийг бүрэн эхээр нь хүлээн авч уншина уу

Япон улсын 64,65 дахь Ерөнхий сайд, 67,68,69 дэх Сангийн сайд, парламентад16 удаа сонгогдсон, Шинэ Японы дэд бүтцийн хөгжлийн загалмайлсан эцэг, домогт улстөрч Танака Какүэ (1918-1993)-ийн тухай унших сайхан. Улс орны хөгжлийн түүхийг уншижээ суухад хайр, зориг зүрх, бусдын төлөө зүтгэсэн агуу зүтгэл, бусдын төлөө өөрийгөө золиосолсон гудиггүй, гуниггүй хувь тавилантай улстөрч заавал тааралддаг. Тийм улстөрчдийн нуруун дээр улс орных нь хөгжил цэцэглэлт мэндэлж дэвждэг бололтой юм. Харин худал үгээр бороо оруулаад шүхэр ч үгүй нүцгэн ард түмнээр тохуу хийж, хажуу хавиргаар нь хулгай хийж амжуулаад арилдаг огиудас хүргэм хүн ч бас тааралдах. Тийм хүмүүс өөрөө төр улсынхаа нуруун дээр хачиг шиг наалдаад хувалз болж улс орныхоо хөгжлийг чөдөрлөдөг ажээ. 

Танака Какүэгийн талаар домог шиг яриаг одоо ч япончууд ярьдаг. Танака Сангийн сайдаар томилогдоод яаман дээрээ ирж анхны уулзалтаа хийжээ. 

“Би Танака Какүэ байна. Та бүхэн мэдэж байгаачлан би бага ангийн боловсролтой хөөн. Та нар бол Япон Улсын толгой эдийн засагчид, гайхалтай санхүүчид. Хэдийгээр би гэдэг хүн болхи толхихон ийм хүн ч, хал үзэж халуун чулуу долоож явсны хувьд ажлын арга ухаан гээч юмыг муухан мэдээд байдаг юм аа. Хамтарч ажиллахад харилцан бие биенээ таних гэдэг их чухал. Та нар хэн ч байсан миний өрөөгөөр орж гарч бай. Юу ч байсан хэлж ярьж бай. Дээд даргаасаа зөвшөөрөл авах хэрэг байхгүй, шууд л над дээр ирж бай. Би чадах юмаа л хийдэг хүн, харин чадахгүй юмаа хэзээ ч амлаж байгаагүй. Гэхдээ хариуцлагыг бол Танака Какүэ би дангаар үүрнэ. гүйцээ... “ гэжээ.

Японы Парламентад зүйрлэшгүй алдар нэр нь түгсэн үе байлаа. Гэтэл фракцийнх нь нэгэн залуу улстөрч хүүхэн шуухантай орооцолдоод их л эвгүйтэж. Аргаа бараад нэг өдрийн дотор олж төлөх байсан зуун мянган иен (10 мянган доллар)-ыг Танака Какүэ рүү хулган байж утасдан, зээлүүлээч гэж гуйжээ. Танака чимээгүй сонсоод “за ойлголоо” гээд утсаа таслав. Хагас цагийн дараа Танакагийн туслах түүнд дугтуйтай зүйл авчирч өгчээ. Нээгээд үзтэл зээлэхийг хүссэн зуун мянга биш бүүр гурван зуун мянга байх юм гэнэ. Дотор нь зурвас байна. “Эхний 100.000-ыгөрөндөө өг. Дараагийн 100.000-аар чамаас болж шар махтайгаа хатсан хавь ойрынхоо улсыг нэг ч гэсэн удаа баярлуулж хоол ч болтугайгаар дайл. Дараагийн 100.000-ыгнь хүссэн үедээ бэлэн сугалаад гаргаж ирдэг мөнгө болгон хадгал. Энэ мөнгийг надад буцааж өгөөд хэрэггүй. Т.К ” гэж бичсэн байсан гэдэг.

Тэрбээр залуу гишүүдэд “За гэвэл ёогүй бай,зээлсэн мөнгөө битгий март, зээлүүлсэн мөнгөө мартаж яваарай” гэж захидаг байжээ. 

Танакаг “За ойлголоо Танака” гэж үеийнхэн нь нэрлэдэг байж. Тэр үнэхээр “За ойлголоо” л гэсэн бол заавал түүнийгээ биелүүлдэг, “үүнийг чадахгүй ээ” гэвэл ёстой хөдөлдөггүй хүн байв. Түүний хувьд “За бол андагаар” байлаа.

“Улстөрч болохыг зорьж яваа хүн хүнийг хайрлахгүйгээр бүтэхгүй ээ. Токиогийн Их сургууль төгссөн толгой сайтай нөхөд “байх ёстой” хүнийг л хайрлах гээд байх юм. Тиймээс жинхэнэ хүний дээгүүр алхаж гарчих гээд байдаг. Энэ явдал даамжрахаараатүмэн олныг хөнгөхөн үзэх аюулд хүрэх юм шүү. Энэ бол улстөрч хүнд байж боломгүй зүйл. Жирийн хүнийг байгаагаар нь хайрлаж сур л даа” гэдэг байжээ. 
Удирдахуйн ухааны шилдэг мастер Танакаг “Комьпютертэй бульдозер” гэж хочилдог байв. Нэг харсан зүйлээ, нэг сонссон юмаа мартана гэж үгүй. Япон орныг хэрсэн хурдны замууд, аварга усан боомтууд, онгоцны буудлууд түүний бульдозер байх үед боссон. Тэрбээр японы улстөрч, төрийн албаны түшмэлийн бэлгэ тэмдэг болсон хүн. 

Нийгата мужийн ядуу загасчны хүү Танака айлын ганц хүү. Ганц ахтай байсан нь багадаа өвчнөөр нас барсан, 2 эгч 4 охин дүүтэй. Ядуухан гэр бүлд өсч, ээжийнхээ хүнд өвчнөөс болоод дунд сургуулиа төгсч чадаагүй, хар бор ажилд нухлагдаж иржээ. Тэрээр арван хэдтэйдээ Токиод ирж олдсон ажил болгоныг хийж оройгоор мэргэжлийн сургуульд сурч мужаан болов. Төгсөөд өөрийн жижигхэн компанитай ч болж байтал дайн эхэллээ. 1939 онд Танака Манжуурт тулалдаж явлаа. Хал цэргүүдээс шанаа хүртэж, шазруун зангаасаа болж юм юм л үзэж явав. Тэгж байтал “Номун хааны хэрэг явдал” буюу манай Халх голын дайн эхэлж мөнөөх хал цэргүүд цөм тийш ачигдсан байна. Танака Манжуурт үлдэж морьт цэргийн бага дарга болжээ.1940 онд цэргүүдийн дунд сүрьеэ өвчин тархаад хашир 1941 онд цэргээс өвчний учир халагдан нутаг буцсан байдаг. 

Тэрээр 1945 онд Солонгосын хойгт манаргаж явлаа. Тэнд барилгын үйлдвэр байгуулаад овоо олз омогтой явж байтал Зөвлөлтийн цэрэг орж ирээд япончуудыг хөөж мань эр барилгын компаниа нутгийн уугуул хүнд өгөөд нутаг буцсан байна. 

1949 оноос орон нутгийн сонгуульд хүч үзэхээр шийдэв гэнэ. Хөдөө нутаг алслагдсан бөглүү газраас тэнд оршин суугчдын дуу хоолойг хүргэж ажиллая гэж боджээ. Дэвшлээ яллаа, дэвшлээ яллаа. 

Танака аль ч яамыг авсан тэнд ажиллаж байгаа алтан гартай сайнмэргэжилтнүүдийг ихэд хүндэтгэж харьцдаг байсан гэдэг. “Ярьдаг, явдаг номын сан сайн уу” гэж мэндчилнэ. Түүний амнаас гарах энэ үг тэдний хувьд тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр өдөр шөнөгүй ажиллах яамныхаа аппаратын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, тасаг, хэлтэс, газрын дарга нараа дараа нь хувиасаа мөнгөн шагналаар шагнадаг. Яг голыг нь олоод шагнана. Түүнээс шагнал аваагүй үлдсэн нөхөр нэг тиймэрхүү нөхөд байдаг. Сайдын дотоод хэрэгцээнд зарцуулах мөнгөө тэрээр авдаггүй, цаадуулдаа юм авч өг гэнэ. 

Танака Какүэ Парламентад150 шахам гишүүнтэй, дивиз хэрийн хүнтэй том фракцтай байв. Танакагийн фракцид шинэ японы олон Ерөнхий сайд (хожим болсон ) багтдаг, нялхаараа шахам хүүхдүүд, залуус ирж байжээ. Япон Улсын 80 дахь Ерөнхий сайд Хата Цүтомү, 82,83 дахь Ерөнхий сайд Хашимото Рюүтаро, 84 дэх Ерөнхий сайд Обүчи Кэйзо, одоогийн алдартай улстөрч Озава Ичиро багтаж байжээ. 

Гадаад бодлого, батлан хамгаалах чиглэлээр Ерөнхий сайд байхдаа маш их зүйл хийсэн хүн. Хятад-Японы харилцаа нэн таагүй үед Мао Цзэ Дунтай энхийн гэрээ байгуулж амжсан байдаг. Түүнийг хүндэтгэдэг гадаад түншүүд гэвэл Мао Цзэ Дун, Дэн Сяо Пэн, Ричард Никсон, Леонид Брежнев, Ким Ир Сен нар байлаа. 

Нэг удаа ЗХУ-д айлчилж мөнөөх дөрвөн арлынхаа асуудлаар Леонид Ильичийг ихэд барьц алдуулсан байдаг. Тэрээр дүлэгнээд шийрэгнээд Танакад тоймтой юм хэлсэнгүй. Уурссан Танака YES-NO аль нь вэ тэгээд?, ЗХУ-ын хамгийн өндөр дээд хариуцлагатныхаа хувьд шийдээд цэгцлээд явбал яасан юм бэ? гээд ширээгээ алгадахад барьц алдсан Брежнев “Да, да” гэсэн гэдэг. 

Ерөнхий сайд байхдаа бие муутай эхнэрийнхээ оронд ганц охин Танака Макико (хожим төрийн өндөр албан тушаалууд хашиж асан, Гадаад Хэргийн сайд асан) -гоо дагуулна. Одоогийн Иванка Трамп шиг. ЗХУ-д айлчлах үед нь түүнд холбогдох албаны хүмүүс чагнах төхөөрөмж тавьж магадгүй тул анхаарал сэрэмжтэй байхыг хүсчээ. Танака шалгахаар шийдэж. Буудлын өрөөндөө ороод “Саван нь яасан муухай үнэртэй юм, нойлын цаас нь хэрэг алга” гээд хашгирчээ. Гэтэл маргааш өглөө нь цөмийг сольж гял цал болгосон байв. Тэрээр хожим “Чагнах төхөөрөмж ч гэсэн бас сайн тал байдаг юм байна" гээд хүд хүд инээж байсан гэдэг.

Түүний хэлсэн алдартай үгс олон байдаг ба заримаас нь цухасхан дурдвал:

-Миний өөрийн улс төрийн зорилго бол яг үнэндээ хөгшин нь ч хөвөө нь ч аз жаргалтай, баяр баясгалантай хамтдаа амьдрах тийм нийгмийг цогцлоох явдал.

- Улс төр бол тоо юм, тоо хүч юм, хүч мөнгө юм.

- Надад ч бас Токиогоос Нийгата руугаа буцах цаг ирнэ.

- Шийдвэрээ хурдан хэл, ямар ч юманд шалтаг гурваас илүү байдаггүй юм.Чадахгүй бол чадахгүйгээ шууд хэлж бай тэр нь шударга. Битгий могой алах гээд байгаа юм шиг царайлаад бай.

- Цаг барьдаггүй хүн бол юу ч хийгээд хэрэггүй.

Түүнд шинэ жилээр Японы өнцөг булан бүрээс 7000-8000ил захидал ирнэ. Тэрээр бүгдийг нь өөрөө уншдаг байжээ. Дээд боловсролгүй ч том гүрний Ерөнхий сайдаар ажиллаж, ард иргэдийнхээ дунд хэмжээлшгүй нэр хүндтэй, тэдний хайр энэрлээр өлгийдүүлж явсан Танака Какүэ яах аргагүй дэлхийд нэрээ дуурсгасан жинхэнэ улстөрч байлаа. АНУ-ын Рокит компанитай хийсэн худалдан авалтын гэрээнээс болж буруушаагдан баривчлагдаж байв. 1993 онд бурхны орноо заларчээ. Түүний гүйлгээ ухаан, зориг зүрхийг япончууд цаг үргэлж дурсаж явдаг билээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна