Үндэсний телевиз мэтгэлцээний гол буруутан нь болсон

2017/06/26
Би 2005 онд 10 жилийн сурагч байхаасаа хойш мэтгэлцээнээр хичээллэж сүүлийн жилүүдэд мэтгэлцээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцож, 2016 онд улсаа төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд оролцож байсны хувьд  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх мэтгэлцээнийг ийн дүгнэж байна.

1. Мэтгэлцээн 2 буюу түүнээс дээш хүн нэг асуудлаар эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлэх үед үүсдэг. Өчигдрийн (2017.06.24) хувьд хоёроос дээш хүн байсан уу гэвэл байсан. Харин нэг асуудлаар эсрэг тэсрэг байр суурь илэрхийлэх гол хэсэг нь байсангүй учраас мэтгэлцээн төдий л болж чадсангүй.

2. Мэтгэлцээний 2 дахь гол шинж бол оролцогчид нь тухайн асуудлаар өөрийн байр суурийг нотолгоонд тулгуурлан илэрхийлж, өрсөлдөгчийн байр суурийг үндэслэлтэйгээр няцаах ба ярианы төгсгөл үед дүгнэлт хийж байж мэтгэлцээн болдог. Харамсалтай нь гурван нэр дэвшигчдэд алинд ч нь ийм дараалал байсангүй. Энэ нь тэднээс өөр өөр асуулт асууж байсантай холбоотой бус харин мэтгэлцээний үндсэн суурь ур чадварууд байхгүйтэй холбоотой гэж дүгнэж болно. Үнэхээр техникийг нь мэддэг бол талуудаас өөр өөр асуулт асуусан ч хариултуудаараа нэг цэг дээр яриагаа огтлолцуулах бүрэн боломж мэтгэлцээнд байдаг.

3. Өмнөх зургаан удаагийн сонгуулийн мэтгэлцээнийг Үндэсний ТВ маш муу хийдэг байсан ч хүмүүс төдий л ТВ-г муулдаггүй байсан бөгөөд харин нэр дэвшигчдийг шүүмжилдэг байлаа. Энэ удаа Үндэсний ТВ арга барилын хувьд өмнөхөөсөө илүү боловсронгуй болгох гэж оролдсон ч санаатай эсвэл санаандгүйгээр “илэрхий нэг талд давуу байдал олгосон асуултуудаараа” мэтгэлцээний гол буруутан нь болсон. Ер нь Монголд аливаа ажлыг МЭРГЭЖЛИЙНХЭН-д даалгахдаа тун муу. Мэтгэлцээн ч гэсэн ТВ зөвхөн дамжуулах болохоос зохион байгуулах нь мэргэжлийн ур чадвар шаардсан ажил билээ. Тиймээс цаашдаа Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим уг үйл ажиллагааг зохион байгуулах нь зөв юм.

Харин одоо гурван нэр дэвшигчдийн мэтгэлцээнд оролцсон байдлыг дүгнэе. Юун түрүүнд мэтгэлцээний өмнөх сонгуулийн явц мэтгэлцээний дараа ихээхэн өөрчлөгдсөн болов уу хэмээн үзэж байна.

1. М.Энхболд – Өөрт нь ирсэн асуултуудаасаа эхлээд хазайж эхэлсэн. Илт тал зассан шинжтэй асуултууд нь угаас тэнцвэргүй тулаанд хүчгүй талыг зөнгөөрөө дэмждэг нүүдэлчдийн төрөлх зөнд ихээхэн нөлөөлж, сөрөг нөхцөл байдал цахим орчинд ихээхэн бий болсон. Мөн тэрээр биеийн хэлийн хувьд эв хавгүй, унжгар харагдаж байсан төдийгүй нэг гараа байнга унжуулж ярьж байсан нь түүнийг улам дорой харуулж байлаа. Уг нь Монголчуудын менталитет дэхь төрийн тэргүүний төлөв төвшин байдалд хамгийн нийцтэй харагддаг ч тэр мэтгэлцээний үед бол үлбэгэр дүр төрхтэй байлаа. Асар нуршуу хийгээд удаан тэр чинээгээрээ ойлгомжгүй яриа нь эхнээсээ л цагтаа багтаагүй нь үргэлжүүлэн сандрах нөхцлийг бий болгосон. Ганц нэг удаа л дайралт хийж байснаас бусдаар мөлгөр яриатай байсан.

2. С.Ганбаатар – Түүний давуу тал бол илтгэх ур чадвар гэдэг ч дуу хоолойны өнгө нь хүнд таагүй сонсогддогийн дээр удаан сонсоход асар тээртэй сонсогддог сул талтай. Өнөөгийн Ерөнхийлөгч ч гэсэн иймэрхүү яриатай боловч 2009 он болон 2013 онд Монголчууд ийм хоолой, уран яруу хэлэмгий доломгой хүнийг төрийн тэргүүнд байлгах хүсэлгүйг мэддэг тул яг мэтгэлцээний үеэр шал өөр хүн шиг асар намбатай болж хувирсан байдаг. Харин Ганбаатар нэр дэвшигч яг хуучин дүрээрээ байсан нь нэг сул тал байсан. Гэхдээ тэр олон хүнд асуултуудад боломжийн хэрээр хариулж байсан ба нэлээн дайралт ихтэй мэтгэлцэж байсан. Гэхдээ эзэн биегүй баячууд, МАНАН зэрэг бөөрөнхийлж байсан нь яг тэр энэ гэсэн нэр усгүй сүүлийн 10 жил шахам ярьж байгаа хий хоосон шүүмжлэлээс ялгагдахгүй байсан нь дайралтын хүчийг сулруулж байлаа. Мөн асуултаас ихэнхдээ бултсан булзайруулсан шинжтэй хариулж байсан нь хүнд асуулт бүрт энэ асуудлаас чухал асуудал зөндөө байна гэж олонтаа хэлж байснаас харагдана.

3. Х.Баттулга – Мэтгэлцээний үндсэн туршлагагүй, сөөнгө хоолой, бага зэргийн эв дүйгүй яриатай ч энэ мэтгэлцээнд боломжийн оролцсон. Хамгийн хүнд асуултуудыг өөртөө авч байсан ч ерөнхийдөө давгүй хариулаад гарчихаад байсан. Гэхдээ тэрээр 1072 хувьцааны тоог буруу хэлсэн, Барилга хот байгуулалтын сайдын нэрийг андуурсан. Гэр бүлээ танилцуулахаас шууд татгалзсан төдийгүй парламентийн засаглалтай оронд тэргүүн хатагтай хамаагүй байдаг гэхчлэн ярьж байсан нь түүний сул тал байсан. Мөн хэтэрхий баясгалантай байдлаараа өөрийгөө тайван байгаа, сандраагүйгээ харуулах гэж оролдож байсан нь үр дүнд хүрсэн байж болох ч нөгөө талаараа маазраа маягийн дүр төрхийг харуулсан.

За ингээд дүгнэхэд энэ бол нэр дэвшигчдийн хамаарал бүхий хүмүүсийн бичээд байгаа шиг хэн нэгэн илүүрхсэн мэтгэлцээн бол байгаагүй. Нэг нь өөрт нь ирсэн асуултаараа өөрийгөө үгүй хийж, нөгөө нь асуултыг дандаа өөр юм ярьж хариулсан төдийгүй тээртэй нарийн хоолойгоороо алдаж, гурав дахь жендерийн мэдрэмжгүй, нарийн деталь мэдээллийг алдаж хэлж байснаараа сул талтай байсан.

Аль нэг талыг баримтлалгүй шуудхан хэлэхэд ийм байлаа. Миний бие Карл попперын мэтгэлцээнээр 3 жил, Парламентийн мэтгэлцээнээр 4 жил, мэтгэлцээний шүүгчээр 4 жил ажилласан бөгөөд 2016 онд Монгол улсаас анх удаагаа дэлхийн их сургуулиудын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд оролцож 400 багаас 186-р байрт жагсаж байсан туршлага дээрээ тулгуурлан энэхүү дүгнэлтийг хийсэн бөгөөд цахим ертөнцөөр дүүрэн нэр дэвшигчээ хамгаалсан хүмүүсийн хоосон хийрхэл маягаар хийсэн дүгнэлтүүд бодитой дүгнэлт болохгүй байгаад харамсаж энэхүү дүгнэлтийг гаргалаа.

Отгонтэнгэр их сургуулийн багш, хуульч, лектор Ү.Амарбат

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна