Төв Азийн аялал жуулчлалын төв болох Казахстаны амбийц

Zuv.mn
2 цаг 6 минутын өмнө

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас аялал жуулчлалын хөгжлөөрөө хамгийн дөнгүүр яваа нь Казахстан. 2000 онд 1.47 сая жуулчин хүлээж авдаг байсан тус улс 12 жилийн дараа 4.81 жуулчин хүлээж авдаг болж, гурав дахин өсгөжээ. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд эхний 10-т ордог хүн ам хамгийн сийрэг суурьшсан улсын нэг, газар нутгийн ихэнх нь үзэх харах юмаар хомс тэгш тал, тийм ч учраас ЗХУ-ын үед газар тариалангийн бүс байсан гээд жуулчдын нүдийг баясгах юм энэ улсад үнэндээ бага. Гэсэн ч дээр дурдсан өсөлтийг гаргаж, аялал жуулчлал хүлээж авдаг улсын эрэмбэд 51 дүгээрт бичигджээ.  

Энэ бол аль ч улсын хувьд чамлахааргүй амжилт хэдий ч казахстанчууд сэтгэл ханасангүй. Аялал жуулчлалын салбараас олох орлого ДНБ-ийх нь дөнгөж 0.3 хувьтай тэнцдэг гэсэн үзүүлэлт сэтгэл дундуур байх шалтгаан болсон байна. Дэлхийн нийт эдийн засгийн тав орчим хувь нь аялал жуулчлалын салбарт ногддогтой харьцуулахаар үнэндээ ч гутармаар байсан хэрэг. Улс орноо хамгийн сайхан, үзүүштэй гэж бодоцгоодог, үндсэрхэг үзэл нь хэнээс ч дутахгүй казахстанчууд мөнгөн дүнгээр нь авч үзвэл, 500 сая ам.доллар буюу АНУ-ын олдог мөнгөний 2000-ны нэг хувийг хүртсэндээ шаралхахгүй гээд ч яах билээ.

 Ингээд дэлхийн жишигт хүрэх зорилт тавиад Ерөнхийлөгч Н.Назарбаевын дэмжлэгтэйгээр аялал жуулчлалыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг 2013 онд баталжээ. Ирэх жуулчдын тоог бус, ирсэн жуулчдаас олох орлогын хэмжээг нэмэгдүүлэхийг зорьсноороо энэ удаагийн төлөвлөгөө өмнөхөөсөө ялгаатай байв. Тэдний энэ төлөвлөгөөг тооноос чанарт шилжих хуультай зүйрлэсэн ч болох юм. Ингээд ажлаа эхэлжээ.

Юуны өмнө дэлхийн хэвлэлд Казахстаны аялал жуулчлалын орчин, нөхцлийн талаар юу гэж бичиж байгаад анхаарлаа хандуулсан байна. Мөн жуулчдаас санал авчээ. Ингээд зам тээвэр, зочид буудал, аяллын шинэ маршрут үүсгэх зэрэгт чиглэлд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2020 он гэхэд зөвхөн энэ салбарт 250 мянган ажлын байр бий болгоно гэсэн зорилт дэвшүүлээд ажиллаж эхлэв.

Юуны түрүүнд Астана, Алматы, Дорнод, Өрнөд, Өмнөд Казахстан гэсэн таван кластер үүсгэн хөгжүүлнэ гэсэн зураглал гаргалаа. Хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалтын ажлаас гадна гадаад харилцааны чиглэлээр олон ажил зохион хэрэгжүүлжээ.

Визийн бодлого

Армен, Беларусь, Монгол, ОХУ, Украин улсын иргэдэд 90 хоног, Аргентин, Азербайжан, Серб, БНСУ, Тажикистан, Турк, Узбекистаны иргэдэд 30 хоног визгүй зорчих боломж олгов. Казахстаны эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг орны иргэдийг 15 хоног визгүй зорчуулах хөтөлбөр 2014 онд санаачилан Их Британи, Герман, Итали, Малайз, Голланд, АНУ, Франц, Япон гэсэн найман улсыг хамруулж, дараа жил нь АвстралиБельгиУнгарИспаниМонакоНорвегиАрабын нэгдсэн нэгдсэн эмират, Сингапур, Швед, Швейцарь, Финланд улсыг нэмсэн байна. Харин яагаад ч юм БНХАУ-ыг хөтөлбөрийн гадна үлдээжээ. Гэхдээ сүүлд нэмсэн бөгөөд хятадууд одоо Казахстанд 30 хоног визгүй зорчих эрхтэй.       

Аялал жуулчлалын шинэ маршрут үүсгэж, сурталчлав

   2013 онд Казахстанд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдэсэн гурван газар (Хожи Ахмед Ясавийн бунхан, Тамгалын хадны сүг зураг, Сарыарка нуур) байв. Хөтөлбөр батлагдсанаас хойш Агуу их Торгоны замын дагуух Каялык, Карамерген Талгар, Актобе, АкыртасКуланКостобеОрнек хотуудыг хамтад нь 2014 онд, Баруун Тянь Шаний нурууг 2016 онд бүртгүүлж, аялал жуулчлалын таван брэндтэй болжээ. Одоо дахин 13 газрын бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.      

     Харин дээр дурдаад өнгөрсөн дөрвөн тэрбум ам.долларын тухайд жуулчдын тав тухыг хангах дэд бүтэц, үйлчилгээг бий болгоход зарцуулж байна. Дэлхийн аялал жуулчлалын салбарт 1.2 их наяд ам.доллар буюу өдөр бүр гурван тэрбум ам.доллар эргэлдэж байдаг. Дэлхий дээрх 12 ажлын байр тутмын нэг нь энэ салбарынх болтлоо хөгжчихөөд байхад Казахстан дутаж болно гэж үү.     

            Жуулчдыг урин дуудахын тулд энд тэндхийн үзэсгэлэнгүүдэд жилд нэг удаа оролцох нь хангалтгүй, харин долоо хоног бүр тасралтгүй идэвхжүүлэх нь чухал гэдгийг тэд ойлгосон. Одоо Казахстанд жуулчдад зориулсан шинэлэг үйлчилгээ, жуулчны баазууд долоо хоног болгон шахуу шинээр бий болж байна. Мэдээлэл тал дээр ч анхаарч байгаа учраас ялангуяа Азиас хангалттай жуулчин авч чаддаг болжээ.  Онгоцны билетийн захиалга, зочид буудлын орлого 2014 онд дөрөв, 2015 онд найм, 2016 онд 10 хувийн өсөлттэй гарсан байна. Түүнээс гадна, 2016 онд Дорнод Казахстан аялал жуулчлалын кластерт аялсан эхний 100 жуулчин бэлэг дурсгалын зүйл авахад 2.5 сая тенге (8000 орчим ам.доллар) зарцуулсан гэсэн мэдээлэл хөтөлбөр хэрэгжүүлэгчдэд баяр шиг л сонсогдсон нь мэдээж. Тооноос чанарт шилжих хууль үйлчилж эхэлсэн нь энэ. Мөн 2016 онд 80 сая хүн амтай Иран улстай аялал жуулчлалын салбарт хамрах тохиролцоонд хүрчээ. Иранаас 5-50 хүртэлх хүнтэй жуулчдын баг Казахстанд визгүй зорчих боломж ийнхүү бүрдсэн аж. Астанад болсон “Экспо 2017” үзэсгэлэнгийн үеэр визгүй зорчих эрхийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 48 улсад нэгэн зэрэг олгож байгаагаа зарласан тус улсын аялал жууллалын салбар энэ онд улам цэцэглэх нь дамжиггүй. Харилцан визгүй зорчих боломжийг олон улсад олгосноор өөрсдөө ч олон улсад зорчих боломжоо нээж, өдгөө тус улсын пасспорт 90 улсад визгүй зорчих эрхтэйгээрээ хүчирхэг пасспортуудын 2026 оны чансааны 56-д жагсжээ.

Казахстан улс аялал жуулчлалын салбарын хөгжлийн индексээр 2024 онд дэлхийд 50 дугаар байрт бичигдсэн. Улсаа сурталчлах тал дээр жилд сая ам.доллар ч зарцуулж чаддаггүй /Чех зэрэг улсууд жилд улс орноо сурталчлахад 100 саяас дээш ам.доллар зарлагаддаг байна./ улсын хувьд энэ бол том амжилт юм.             

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна