Монголоо хэрхэн хөгжүүлэх вэ буюу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс асуух 10 асуулт

2017/07/03
Хүн төрөлхтөнд хүчээ мэдрүүлж байгаа хоёр их хөршийн хаяа хатавчинд тусгаар улсаа байгуулан 100 гаруй жил оршин тогтнож байгаа туурга тусгаар Монгол Улсынхаа төрийн тэргүүнд нэр дэвшин,түмэн олныхоо дэмжлэгийг авахаар зүтгэж байгаа нэр дэвшигч Та бүхний амгаланг айлтгаж байна. 

Мөнх тэнгэрийн ивээлд орших Монгол Улс, үндэсний нийтлэг эрх ашиг, тусын тулд Эзэн Богд Чингис хааны алтан арслант төрийн тамгыг эзэмшиж, хотол түмэн олноо ажилтай, орлоготой амьдруулах амлалт өгч байгаа эрхэм нөхөд та бүхнээс ард түмний амин хүсэл шингэсэн аман асуултуудыг явуулж байгааг хүлээн авна уу.

Хөх толбот Монгол үндэсний хийморь сүрийг бадрааж, хөгжилд тэмүүлсэн Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах өвгөдийн үүрэг захиас дор зүтгэх андгай, тангараг тавьж буй та бүхэн дараах асуултуудад тодорхой хариулж, ард түмэн мэргэн сонголтоо хийхэд дор бүрнээ туслана уу.

Нэгдүгээрт, Аж үйлдвэрийн салбараа нураан, ард түмнийхээ бүтээлч чанар, сэтгэлгээ, чадавхийг унтраан, улс орноо хөгжлийн хоцрогдолд оруулсан халамж хавтгайрсан, өр үйлдвэрлэгч эдийн засгийн тогтолцоог өөрчлөх талаар ямар зорилт, төлөвлөгөөтэй байгаа вэ?

Хоёрдугаарт, ЗХУ-ын мал аж ахуйн бааз суурь бүхий төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, улс төр, эдийн засгийн бүрэн хараат байсан Монголчууд бид 1990 оны цагаан морин жилийн Үндэсний ардчилсан хувьсгалын үр дүнд тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан ч сүүлийн 27 жил улс орноо удирдан, залж ирсэн улс төрчдийн цуврал алдааны улмаас энэхүү түүхэн боломжоо үл ашиглан, өнөөдөр БНХАУ-аас импортын бүрэн хараат, түүхий эдийн хавсрага, ядуу, буурай улс орон болжээ.

Улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, нийгэм эдийн засгийн ужиг хямралд автсан энэхүү нөхцөл байдлаас улс орон, ард түмнээ татан гаргах ямар төлөвлөгөө байна вэ?

Гуравдугаарт, Ардчилсан тогтолцооны үнэт зүйлийг үгүйсгэн, анархизм, авилгал, албан тушаалын наймааг цэцэглүүлсэн энэхүү бусармаг үйлдлүүдийг таслан зогсоож, эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлсэн төрийн бодлого, үйл ажиллагаа явуулах талаар ямар төлөвлөгөөтөй байна вэ?

Дөрөвдүгээрт,  Ажилгүйдэл үндэсний эмгэнэл болоод байгаа энэ үед Азийн бар болсон улс орнуудын хөгжлийн туршлага, менежмент, хууль эрх зүй, бизнесийн орчныг Монгол улсдаа нутагшуулах замаар Үндэсний аж үйлдвэрийн салбараа цогцоор нь хөгжүүлэх ямар төлөвлөгөө байна вэ?
Тавдугаарт,  Уул уурхай, мал аж ахуй, худалдаа үйлчилгээ, ченж, тендерийн нам технологийн, авилгажсан эдийн засгийн өнөөгийн тогтолцоог өөрчилж, улс орны эдийн засгийн бүтэцийг төрөлжүүлэн, импортын асар их мөнгөн урсгал дээр үндэсний компаниудаа бойжуулан өсгөж, бизнесийн шинэ орон зай бий болгох чиглэлээр ямар төлөвлөгөөтэй байна вэ?

Тавдугаарт,  Ажлын байр, тогтвортой цалин, орлоготой болох зорилгоор гадаад руу дүрвэж байгаа эдийн засгийн цагаач иргэдийн урсгалыг зогсоож, идэр насны эрдэм мэдлэг, ажлын арвин туршлагатай Монгол залуусаа эх орондоо эргэн ирж ажиллах боломжийг хангах зорилгоор үйлдвэрлэлийн бизнесийн шинэ орон зай бий болгох  ямар ажлууд зохион байгуулах төлөвлөгөөтөй байна вэ?

Зургаадугаарт,  Гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бэлэнчлэх сэтгэлгээг халж, Монгол хүндээ итгэж, түшиглэсэн хөгжлийн тогтолцоог бий болгох талаар ямар ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байна вэ?

Долоодугаарт, Аливаа нийгмийн хөгжил, дэвшлийн үндэс нь шинжлэх ухаан,техник, технологи, инноваци, үндэсний нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл байдаг бөгөөд өндөр технологийн аж үйлдвэрийн салбар луу гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүй, бизнесийн таатай орчин бүрдүүлэх талаар ямар ажлууд зохион байгуулах төлөвлөгөөтөй байна вэ?

Наймдугаарт,  Үндэсний ардчилсан хувьсгалын ачаар Монголчууд мал, орон байраа хувьчилж, хувийн өмчийн нийгмийн харилцаа төлөвших эхлэл тавигдсан сайн талтай ч хэрэглэгээний зах зээлийн борлуулалтыг гадаадын компаниудад хувьчлан өгсөн нь ажлын байр олноор бий болгодог үндэсний үйлдвэрлэгч компани, аж ахуйн нэгжүүд дампуурах шалтгаан болсныг ойлгон, үйлдвэрлэгчдийн дотоодын зах зээлийг хамгаалах талаар ямар ажлууд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна вэ ?

Есдүгээрт,  Бүс нутгийн болон хөрш орнуудын зүгээс гаалийн импортын татварын бодлогоор Монгол улсад худалдааны дайн зарлаж, үндэсний үйлдвэрлэлийн эсрэг  хориг арга хэмжээ аваад байгаа өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулж, дотоодын үйлдвэрлэгч нартаа экспортын гадаад шинэ зах зээл нээж өгөх талаар ямар ажлууд зохион байгуулах төлөвлөгөөтөй байна вэ?

Аравдугаарт, Манай улс орныг нийгэм эдийн засгийн ужиг хямрал руу чирсэн худалдааны эдийн засгийн өнөөгийн тогтолцоог тогтвортой хөгжил авч ирэх үйлдвэрлэлийн эдийн засгийн тогтолцоо шилжүүлж, үйлдвэрлэлээр дамжуулан нийгмийн баялагыг хүртээмжтэй, шудрага хувиарлан, дундаж иргэдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх талаар ямар ажлууд зохион байгуулах төлөвлөгөөтөй байна вэ?

Улс үндэсний хөгжил дэвшил, сэргэн мандалтанд амин чухал ач холбогдолтой энэхүү асуултуудад тодорхой хариу өгч Монгол хөгжүүлэх мэтгэлцээнээ үргэлжүүлэхийг хүсье.

Үндэсний Аж үйлдвэрийн Зөвлөл
2017.07.01


 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.147
    2024/10/20

    Кино бол нийгмийн толь

    Хариулах
  • 103.57.95.147
    2024/10/20

    Орчин үетэйгээ хөл нийлүүлвэл монгол улс хөгжинө

    Хариулах