Би яагаад, яаж, хэрхэн "Цэвдэг жаран" романаа бичсэн бэ?

2017/12/25
Би энэ асуултыг өөртөө ч, танд ч тавьж байна. Бичихийн тулд, нэг шинэ номтой больё гэж бичээгүй ээ. Олныг биш, хэрэгтэйг бүтээх тэрхүү нас биед тулж иржээ. Төрөгдөл гэж нэг юм бий, тэрхүү сэтгэл доторх төрөгдөлийн судас чимх чимхээр бүр бага залууд цохилж эхэлсээн. Хэлмэгдэгчийн үр сад буюу миний ижий Долгор, түүний төрсөн дүү Бүжээ тоонот гэр, тогоотой цай, дээдлэх бурхан шүтээн, дэргэд асах гал голомтод цуг төрж, өсөж, харцаар нь хүмүүжиж, халтирахад энгэрт нь наалдаж, халуун сургаалыг сонсож, гашуудах үедээ гашуудаж өссөөн. Амьд алтан түүх тэрхүү Батмөнх даян хаанаас угшил гарвалт тайж угсаат, таван ханатад байсаан. Тэд маань аав, ээж, ах лам нарыгаа ярихлаараа дээлийн энгэр дэх нулимс нь хатдаггүй шиг санагддагсан. Хэлмэгдэж үзсэн хүн л энэ гашуун зовлонг мэдэрнэ, мэднэ үгүй нь бол бараг тоохгүй, лавтай зүрхээрээ хүлээж авахгүй ч байж мэдэх. Зовлонг бие дээрээ үзэж, хайлсан тугалгыг арьсан дээрээ дусааж байж ойлгодог бололтой. Тагнуулын төв архивт "Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны туслагч тайж Мэндбаяр, түүний хүү ээж Долгорын минь аав "Ерөнхий" хэмээх тайж Цэдэв, аграмба гавж Мэндбаярын Чоймбол, тайж Мэндбаярын Лувсандорж, тайж Мэндбаярын Зундуй, тайж Мэндбаярын Жамьян нар "Ёнзонхамбын хувьсгалын эсэргүү байгууллагад элссэн, цуурхсан хэмээн Шүүх цааз бичгийн 43, 44, 47, 48 дугаар зүйлд зааснаар хөрөнгийг хурааж, буудан алсугай" гэж заасан 1938 оны 11-р сарын 12-ны өдөр Онцгой бүрэн эрхт комиссын 36 тоот тушаал үлджээ. Яг ижил үг үсэгтэй. "Алсугай" гэсэн үг ямар аймшигтай сонсогдоно вэ? Хонь малыг ч ална гэж ярихгүйгээр зөөллөж, утга шилжүүлж хэдэн арван янзаар эерүүлж хэлдгийг та юу эс андах вэ? Нэг халуун бүлийн 6 хүнийг цаазаар авсан тохиолдол нэг хэсэг зуур "байхгүй ээ" гэсэн хариулт авч байсаан. Гэвч сүүлдээ энд тэндээс гараа бизээ. Гэвч ээж минь "Аль ч төрд муу юм бүү санаарай. Төрд нь биш, хүнд нь байдаг юм. Үйлийн үр нь ирвэл яаж ч болдоггүй юм билээ. Төр өөрчлөгдөнө гэдэг төлгөн хонь хургалахаас амар юм билээ" гэж ярьдаг, захидаг байлаа. Тэгээд ч ахан дүүс бид энэ тухайд ярьж ирсэнгүй, дэлгүүрт гоймон давснаас өөр юмгүй байх үед ижийн минь төрсөн дүү Бүжээ буюу бага ижий минь хэлмэгдэгсдийн ар гэрт өгсөн 6 сая төгрөгийн ихэнхийг сүм, хийдүүдэд ном уншуулахаар өргөж, үлдсэн багахан хэсгийг бүх ах дүү, ач гучид тургыг тураалгүй, тус бүрт нь өгч билээ. "Цэвдэг жаран" романыг бичихдээ ижийнхээ захиснаар аль ч төрд муу юм бүү санаарай гэсэн талбиун сэтгэлийг санаж, ямар нэгэнд, хэн нэгэнд өс хонзон өвөрлөсөнгүй, Гэвч түүхийг түүх хэвээр нь үлдээх нь зохиолч миний иргэний үүрэг.

Зургаа дахь роман "Цэвдэг жаран" номоо бичихэд зүрх алдах үе байн байн гарч байлаа, зохиолч дүрдээ хэт орох нь жүжигчин дүрээ "улайстал" бүтээхийг зорьдогтой адил байх. Үгээр дүр бүтээх нь биеэр дүр бүтээхээс ер дутахгүй төдийгүй, харин ч бүр илүү, бүр илүү хэцүү гэж бодно. Үүнийг зохиолч дүрээр, номоор өвчилнө гэж ярьдаг л даа,

Ийм ч гэлээ монголчууд нь монголчуудыгаа, ахан дүүс нь ахан дүүсээ хядсан хар түүхийг цагийн гэгээнд сануулж, түүхэн харанга дэлдэж уран зохиолд үлдээх нь хүний мууг үзэж байгаа бус харин ч буян хийлээ гэж боддогоо хэлье. Хэлмэгдүүлэлд их бага гэж байхгүй.Үүнд нэг хэсэг нь баярлаж, нөгөө хэсэг шархалж үлддэг. Бууны онгорхой хүйтэн амны өмнө,хараахан гохыг дараагүй байх энэ ертөнцийн хамгийн аймшгийн өмнө зогсож байсан, өвдөг сөхөрч байсан 3О.ООО гаруй гэсэн тойм тоотой хүний халуун амийг Монголын түүх мартвал, монгол төрийн ой санамж бүдгэрвэл юу болох билээ. Даанч юм үзээгүйд нь эвгүйцэл төрдөг юм билээ. Хааяа хааяа эсрэг үг цухуйлгаж байдаг юм билээ шүү. Энд аль нэг намын үзэл суртал гэхээсээ илүүтэй хүний мөс чанар яригданаа. Зарим судлаач 4О.ООО-өөд гэсэн тоог ч хэлдэг. Бүгд 18- 4О,5О-иад насны цэл залуугаараа улсууд шүү дээ. 3О-аад онд тэр тусмаа 32 он, 37 -39 онуудад ийм цуст хэлмэгдүүлэл гараагүйсэн бол өнөөдөр манай Монголын хүн ам дор хаяж 7 сая болчихсон, оюун ухаан, авьяас билэг, бяр чадал, бүхий л зүйлээрээ дэлхийд гарчихсан, түрүүчээсээ Нобелийн нэг бус шагналтнууд, дэлхийн шатрын аваргууд төрж, дэлхийн шинжлэх ухаанд нээлт гаргаж, буддын гүн ухаантнууд юу гээчийн хосгүй гайхамшигт сүнбэм ботиудыг цувуулж гаргасан байх болоо? Буддын шашинтны хаад гэж болох Далай ламууд манай монгол лам нарын оюун ухааны ай савыг бахдаж, зарим нь бүр тэр дороо шавь орж байсан юм шүү. Ийм л "алтан гавалтнуудын" үр удмууд өнөөдөр энэхүү даяаны хаахна очсон байх бол? гэж зохиолч би хааяа шаналан боддог, эргэцүүлдэг. Бидний мэдэхээр хэчнээн олон Зава Дамдин гавж, хэчнээн олон Д.Нацагдорж, хэчнээн олон Ц. Дамдинсүрэн, Б.Ринченг цааш нь харуулсан гэх вэ?

Энэ бүхнийг эс өгүүлье. Зохиолчид ном бүтээл болгоноо баярлаж баясаж хийдэг л байх. Гэхдээ би "Хөх жавар", "Цэвдэг жаран" хоёроо улайссан төмөрөнд гараа хүргэх гэж байгаа шиг халгаж байж, гар хүргэн барин байж, чичирч байж хийсэн. Хүмүүсээ, жаахан ч юмыг бодооч ээ гэсэндээ тэр. "Ай бурхан минь, би чинь ямар л хүмүүстэй хамт амьдарч байжив дээ" гэж Зигмунд Фрейдийн дуу алдсан үг хадаасаар төмөр зурах шиг ясанд янгинамаар хахир хүйтнээр сонсогддог. Энэ дууг мэдрэмхий хүмүүс л сонсоно л доо.

"Эмгэнэлийн нөгөө тал нь гэрэл гэгээ байдаг. Ерөөс сонгодог зохиол бол эмгэнэлээрээ үлддэг" гэсэн үг ч бий. Эртний Грек, Ромын уран зохиол, тэгээд Английн Шекспирийг цэгнээд үзээрэй. Яахав, монгол зохиолч бид гэж даяанаас гадуур довон дээрээ үзгээ мэрээд суух ёсгүй биз дээ.

Монголын төрийн дээдэс хагарч хуваагдвал монголын минь их хувь заяа хаашаа эргэж, ямар гамшигт аймшиг нүүрлэх вэ? гэдгийг "Цэвдэг жаранаараа" өнөөгийн засаг төрийнхнөөс чангаар асууж байна. Ард олон төрийг нураадаггүй, зөвхөн дээдсүүд л нураадаг. Биднийг ЗО-аад оныхон шиг, баруунтан зүүнтэн, японы тагнуул туршуул, фан монголын үзэлтэн, үндсэрхэг үзэлтэн, зөвлөлтийн эсрэг үзэлтэн, октябрийн хувьсгалаас зугтсан цагаантан буриадын оргодол хулгайч, лам тайж нарын удам, эх орноосоо урвагч гэж цоллох цаг давтагдахгүй ч гэлээ, арай өөр нэр хаягаар бие биеэ аль муухайгаар дуудалцан хайран сайхан төрийн ордонд ноход хэмлэлдэх шиг уралцаж, хагаралдаж байгаа бус уу? Түүх давтагддаг гэдэг. Сайн түүх нь давтагдаж, муу нь арилан одтугай гэж залбиръя. Хагаралдаан, хэмлэлдээнд гаднын найзууд баясалдана уу? гэхээс өрөвдөхгүй. Түүхэн бүх цагт л биднийг эвдрэлцүүлэх гэж яс хаяж байсан. Их Монгол маань бага монгол болж, Их хаад маань бага хаад болж, Их газар нутаг маань бага газар нутаг болж, эцэстээ өөрийн мэдэлгүй Манжийн болоод харийн гарт орж байсныг өнөөдөр явж өнгөрсөн түүхээсээ санах ёстой.

Би энэ романыхаа аль ч баатрыгаа үзэн ядах сэтгэлээр биш, үнэн голоор нь нээж харуулахыг л мөр болгон дээрээ үзгээ тавьж, зогсоож, дахин дахин бодож, өгүүлбэрийн мөрөө эргэн харж, байж бичсэн юм шүү. Их хэлмэгдүүллийг бусдын, харийн Сталинч урт гар дор, улаан коммунизмын үзэл дор өөрийн гараар хийсэн Чойбалсангийн маршалын алтан мөрдэс дээр ч нулимсаа унагааж, "Даанч дээ,та...үүнийг зогсоож болоогүй юмуу? хүч хүрэхгүй ч гэлээ арай цөөхнийг шийдэж болоогүй юмуу? ядаж тантай цуг 1921 оны ардын хувьсгалыг хийлцсэн Догсом, Лосол хоёрынхоо дотор нь орсон шиг мэднэ шүү дээ, ердөө маргааш нөгөөдөр нь Буянт -Ухаад монгол наадам болох гэж байхад баривчилна гэж үү? Лам Амар монголд ямар гэм хийсэн юм бэ? гэж бишгүй асуусан. Хэн ч байсан, Чойбалсангаас өөр хэн байсан ч үүнийг хийнэ л гэдэг. Энэ үг өршөөл юмуу? Лхүмбэ яагаад хийгээгүй юм бэ? Энэ хүний гараар их хэлмэгдүүллийг хийлгэхээр коминтернчид, түүний сүнсүүд шийдсэн юм билээ. "Үгүй ээ, чадахгүй, би хар толгойгоороо дуусья" гэжээ. Улс төрийн арга эв, дипломат арга эвээр хандаж болоогүй юмуу? гэж асууж байлаа. Гэвч хэцүү байжээ. Хадан хясаанд тулж, түүнээс үсрэх нь юу ч биш. Зөөллөх арга л байсан. Ерөөс аливаа туйлширсан үзэл суртал шиг муу муухай юм алга. Алив ухаантнууд минь, философичид минь, одоо тэр америкийн, өрнөдийн тэнүүлч, харийн хар цунамитай янз бүрийн балай үзэл суртал ярьдагаа боль, тэгж суудаг цаг одоо биш. Тэд ёстой чөтгөр шулмас руугаа хийсэг. "Монголизм" гэж ярьцгаая. Хэтэрхий мэргэн жараахайнууд минь сонссоноо, харснаа, дуулснаа, уншсанаа монгол үндэснийхээ хөрсөн дээр буулгаад ярь. Номчирхол, намчирхал, шашинчирхлын аль аль нь гай тарихыг харлаа.

Би хуурай баримтгүй юм бичээгүй ээ. Романч бүхнийг үзээгүй туулаагүй ч сонссон нь их байх ёстой. Сэтгүүлчийн хувиар маршалын үеийнхэн олон амьд түүхт хүмүүстэй ойртон уулзаж цаад учрыг олохыг аль 7О, 80-аад оноос л хичээж, эрж хайсан. Ганц жишээ хэлэхэд, АНУ-д суугаа номын анд, эрдэмт нөхөр Ширчингийн Баатар гэхэд л тэндэхийн их сургуулийн номын санд байсан ховор баримтыг элдэв аргаар олоод явуулж л байлаа. Саяхан монгол төр нүдээ олж Төрийн шагнал хүртээсэн нэрт түүхч Д.Өлзийбаатар абугай ч тулж зөвлөсөн. Бас би олон жил Баянгол дүүргийн 1Ү хорооллын эцэст амьдарч байлаа. Тэнд нэг хэсэг орон сууцыг хуучнаар бол Нийгмийг аюулаас хамгаалах яамныханд өгсөн юм байж. Тэр ахмадуудтай өглөө бүр агаарт гарахдаа, явган алхахдаа уулзаж, үлгэр шиг сонинг сонсож байсан нь энэ романд үлдсэн шүү. "Битгий цааш нь хэлээрэй" гээд л чухлыг, огт сонсоогүй, дуулаагүйг хэлж байсан юм шүү. Тэр ч бүү хэл ялтныг цаазалдаг тусгай гүйцэтгэгч офицертэй, тусгай мэдээлэгчидтэй уулзаж, ний нуугүй ярьдаг байлаа.Заримд нь хатуу идээ өгч байж ам алдуулна. Баримтгүй түүхэн зохиол бол хуурай навчгүй, хатсан мод гэсэн үг. Ерөөс түүхэн зохиолд "фантазия" буюу хэт урансайханжсан сэтгэлгээ түүхийг эмгэнэлтэйгээр гуйвуулдаг юм байна гэдгийг хувийн туршлагаасаа мэдэрсэн. Фантааз бусад төрөл зүйлд хэрэгтэй. Харин туухэн баримтат зохиолд "зэвэрсэн хадаас" шиг муухай харагддаг гэдгийг дашрамд хэлээд авъя.

Энэ романы хуудас бүр нь надад хэцүү байсан ч гэлээ 35-р бүлэг буюу "Сүүн дээр дуссан хар нулимс" дээр буюу ямар ч гэм зэмгүй эмэгтэйчүүд, тэр бүү хэл хэвлийдээ үр тээсэн эхчүүдийг хорьж, шүүж тамлаж байгаа дээр ирээд цахимынхаа товчлуурыг эвдэх шахсан. Би өөрөө бичихгүй байж болох ч чухамдаа, далдын хүч, бурхан "Үнэнийг үнэнээр нь хэл, эс тэгвээс чи өөрөө үйлийн үрийг амсах болно" гэсэн ер бусын хүч нөлөөлсөн. Гэхдээ би олж мэдсэний өчүүхнийг гаргасан, тэр бүр дэлгээд хэрэггүйг орхисон.

Хүрээ хотын хамгийн ганган гоё Төв хорооны "цагаан Долгор" гэж алдаршсан эмэгтэй нохой бөөсөнд бариулж, чихнээс нь, хамраас нь бүр нүднээс нь бөөс цувахыг мэдрээд арьс хөндийрөх шиг болсон, гянданд зумарч дутуу төрөхийг мэдрээд алийгаа олохоо байсан, маршал Дэмидийн эхнэр Навчтай буудахын өмнөхөн До яамны сайн санаат төлөөлөгч Пунцаг уулзаж "Эгч минь ухсан нүхний амсар дээр очоод тайван байгаарай. Эрчүүдийн хоорондоо ярьж байхыг сонссон, бууны амыг харах хэрэггүй, нүдээ аних хэрэгтэй гэдэг юм билээ шүү. Заримынх нь нүдийг боодог гэнэ лээ гэхэд:

"Үгүй ээ, дүү минь...нүдийг минь боолоо ч авч хаяад, яргачдын улаан нүүр лүү тас ширтэж байгаад буудуулна. Алив эгч нь босъё, шоронгийн өмхий үнэртэй салбарч урагдсан муухай дээлээ ч ёсоор нь өмсөөдөхье, үс гэзгээ янзлаадахья, Сайхан явсан янзаараа биш ч гэлээ, санчиг үсээ өөд нь татахгүй садарсан байдалтай үхэхгүй шүү. Шороонд булагдсан хойноо ч муухайгаа харуулмааргүй байна" гэсэн өгүүлбэр зүгээр амнаас сул унаа гэж үү? Үгүй ээ.

Тэр аймшигт цаг үед төрөөгүй нь юутай азтай вэ? Гэвч хүмүүсээ, ийм харанхуй, балмад, аймшигт, харгис хатуу "цэвдэг жарныг" тойроогүй биш дайрсан юм шүү гэдгийг сануулъя.

Миний ном зохиолыг уншдаг, бүр хэдэн хоног өдрөөр номын худалдаагаар эрж хайж байгаад сүүлдээ ололгүй над дээр ирдэг тэр хүмүүс, надтай ер нүүр учраагүй, нэг үг ч сольж үзээгүй, тэр ч байтугай гудамжны тохой буланд, хаа нэгэн газарт таарсан ч гэлээ танихгүй юм шиг өнгөрсөн байж магадгүй энэхүү нэгэн цахим дэлгэцийн найзууд, андууд та нарыгаа миний энэ шинэ романыг аваарай гэж шахаж шаардахгүй ээ. Харин "Худалдаад авчихлаа, барьж аваад дорхноо уншчихлаа, найзууддаа бэлэглэчихлээ" гэх хамгийн дотно тэр сэтгэлийн үгэнд баярлаж хөөрдөг, бусдын нэгэн адил эгэл энгийн нэгэн зохиолчоо. Би хаа ч явсан, хэзээ ч гэсэн миний гар дээрээс номыг чинь авьяа гэвэл номын худалдаанаас хямдаар, сэтгэлийн үгээ үлдээж, гарын үсгээ зураад л өгнө. Үүнд нэрэлхэх юм байхгүй. Бусдын гарт байгаа өөрийн номоо хараад баярлахгүй тийм тэнэг зохиолч энэ дэлхийд байхгүй. Нобелистүүд ч тэр....

Номын арвин буяныг бурхан үргэлж магнай дээрээс харж, гэгээн мэлмийгээ тусгаж байдаг гэнэ лээ.

Зохиолч До.Цэнджав


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна