Наран ивээлт Очирбатын Дашбалбарыг үгүйлэн дурсахын учир

2017/12/26
Наран өөд залбиран  цацал сүүгээ өргөж, нартай тэнгэрийн ивээл дор үе үеийг үдсэн монгол бүсгүйчүүд, тэнгэр бурхандаа бишрэлтэйн дээр өгзгөн дээр нь тэнгэрийн Элчийн хөх тамгатай охид хөвгүүдийг алтан хэвлийдээ тээж төрүүлдөг ачлалын дээд шүтээн авралын дээд хүн бурхад  бөлгөө.

Ардын журамт цэргүүдийг манлайлан, ашдын жаргалын нарыг  мандуулж өгсөн их жанжинаараа нэрийдсэн, Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт, болор мэт гэгээн тунгалаг усанд нь огторгуйн наран алтан бөмбөлөг шиг хөвөн наадсан “Наранбулаг” хэмээх бяцхан горхийн хөвөөнд “Цагаан дарь эх лугаа амьд бурхан ээжээсээ Улаан сахиусын овгийн Очирбатын Дашбалбар маань мэндэлсэн юм.

О.Дашбалбар нэгэнтээ “Тийм ээ, би Наранбулагийн хөвөөнд энэ дэлхийтэй учрахаар болзсон юм. Энэ хорвоо намайг анх Наранбулагийн дэргэд тосож авсан юм. Үүлс, тэнгэр, газар, дэрс, тогоруудыг би анх энд харсан юм. Ээж аав  хоёр минь намайг анх Наранбулагийн хөвөөнд хөлд орохыг минь харсан юм. Нутгийн ах дүүс минь намайг Наранбулагийн хөвөөнд хэлд орсныг минь мэднэ. Наранбулаг бол миний булаг, дэлхий дээр ирээд анх амссан рашаан минь юм” хэмээн тунхаг мэт үгээ түмэн олондоо сонордуулжээ.

Наран ивээлт эрхэм анд минь, Наран гэх суманд, Наранбулаг гэх  ариун дагшин булгийн хөвөөнд нар таширласан олон сайхан нэртэй тэр үзэсгэлэн төгөлдөр газар төрсөн  байдаг нь ч учрал тохиол бүрдэж, далдын далдаас үл үзэгдэх  бурхан зохицуулж өгсөн юм шиг л  санагданам.

Өнгийн чулууг хүлхэн бидэртэх ариун тунгалаг урсгалдаа огторгуйн нарыг булхуулж, алтан бөмбөг лугаа наадуулан мэлмэрэх Наранбулаг бол Очирбатын Дашбалбарын амин хайртай рашаан булаг мөнөөс мөн. Тийм ээ, Наран сумын Дашбалбар, Наранбулагийн Дашбалбар, Нарны  орон монголын эгэлгүй хөвүүн бол Дашбалбар.Наран ивээлт  Очирбатын Дашбалбар нарны явдлыг дорнын тооллоор тооцвоос нэгэн жарны өмнө Монголдоо мэндэлж, нэгэн жарны нас сүүдрийг энэ жил  хүүшлүүлж буй. Эх оронч, номч мэргэн, нэрт яруу найрагч энэ эрхэм хүний жаран насны ойг журмын нөхөд болоод  гэр бүлийнхнийх нь хүрээнд Уран зургийн галерейд даруухан тэмдэглэж өнгөрүүлсэн юм.

Харин төрүүлсэн үрдээ  төмөр нүүртэй төр гэгч өөрөө нэн халгайтай хэмээн ярьдгийн учир шалтгаан  хэн бүхэнд тайлагдах  мэт  улс төр, уран зохиолын төлөө амь  биеэ зольсон, эх оронч Очирбатын Дашбалбарын жаран насных нь ойг тэмдэглэх  тухай Монголын төр засаг  ажин түжин, анир жимэр  өнгөрүүлсэн билээ.
 
“…Нар үгүй болохгүй
Нар үгүй болбол
Дээлтэйгээ бид хөлдөнө
Дэлхийтэйгээ хүн төрөлхтөн хөлдөнө
Нар үгүй болохгүй” гэж О.Дашбалбарын бага ангийнх нь багш, Дорнын эл хульхан хөдөө талаас эгшиглэн дуулсан яруу найрагч Данзангийн Нямсүрэн нэгэнтээ бичсэн юм.Энэ шүлэг  наран бөмбөрцгөөр жишээ татаж “Элбэрэл буянаа үеийн үед  түгээн хайрласан  газар нутгаа алдвал, газар нутгаа хувьчлах нэрээр үрэн таран хийвэл  гадныханд гар дэлгэн тавиад туучихвал эх орон ч үгүй ,эх орон байхгүйн учир гишгэх газаргүй   ард түмэн бид үхсэнээс ялгалгүй  болно” гэсэн утга уянгын цогцын маш тодорхой хувилбар  лугаа санагднам.

Дашбалбар минь өөрөө ч ялагдашгүй ямагт мандан бадрах болно гэдэгтээ итгэлтэй  явсан юм. Тэрээр “Би ялагдашгүй.Биед минь УЛААН САХИУСЫН авшиг оршиж, билэг билгийн чинад хүрсэн Ногоон дарь эхийн энэрэл ивээнэ. Би ялагдашгүй. Намайг ялъя гэвэл нарыг ял. Нарыг ялахгүй бол намайг ялахгүй” хэмээн гэрээсэлж үлдээжээ.
/Улаан сахиусын хүү.1998.10.20-23/
Очирбатын Дашбалбар олноос онцгойрон тодорч зах зээл гэх нэртэй завхрал нүүрэлсэн энэ цагийн эхэнд , улсын гэх тодотголтой эд хөрөнгө эзгүйрч, зальтай зайтай, аргатай сүлбээтэй авч идэхийн донтой, албан тушаалын сэжүүртэй  хэн нэг нь завшиж,гадныхныг урин залж  тэдэнд  газар нутгаа худалдахыг санаархагсад төрийн сэнтийд төвхнөж, далд санаагаа хууль болгож хуйвалдааны гэмээр тогтоол шийдвэр гаргахын  төлөө улайрч байх үест, эх орон ард түмнийхээ төлөөх тэмцэлд чин зоригийн гайхамшигийг үзүүлж “Уул ус, ургамал амьтан, эрдэнэс баялаг эх орны минь газар нутаг тэр чигтээ  бүх ард түмний өмч, эзэн бидний юм “ хэмээн түмэн олондоо  зарлан тунхаглаж, түүнийхээ төлөө чин үнэнчээр тэмцэж явсан юм.

Дашбалбар  хэзээ ч үнэнээс буцдаггүй, үйл хэргээсээ цуцдаггүй, ард түмнийхээ төлөө бол үхэж үрэгдэхээс ч айдаггүй чин зоригтон байсан билээ.

“Дашбалбар дайчин тэмцлээ орхихгүй
Дайсан  мэт  тэдэнтэй тэрсэлдэхээ больчихвол
Дахин дахин тэдэнд сануулж тэмцэлдэхээ байчихвал
Далай баян эх орны минь эрдэнэс баялгийг
Гаднынхантай хуйвалдаж  үнэгүй  цөлмөх
Гай тарьсан луйварчингууд амраахгүй” /Ч.Д/
хэмээн бичмээр үе олонтой тохиолдож байсан даа.

Тийм ээ, Дашбалбар нэгэнтээ “Би чоно адил амьдарч, намайг чоно лугаа адил үзэн ядаж, намайг чоно лугаа адил намнахаар хөөцөлдөж/оюун санаа, сэтгэл зүйг хувьд шүү/, би хүн хэрнээ араатны зовлонг биеэр амсч байна. Гэвч би амьдарна. Амьдрах төдийгүй тэмцэх болно “гэж   андгайлж байсан ч ид сайхан дөчин хоёр насандаа, дөч давсан эр дөрөв дарсан ат хэмээн  монголчууд бидний хэлж заншсанаар  идэрмэг сайхан үедээ  хор идсэн чоно лугаа  амь насаараа хохирч алагхан хорвоог орхисон доо хөөрхий.

“Аяа тэр цагаас хойш арван найман жил алсарч
Аяа тэр үед төрсөн хөвүүн арван наймтай эр хүн болж
Очирбатын Дашбалбарын тэмцэж явах үед
Онгон төрхөөрөө байсан эх нутаг минь нүд халгамаар болж
Олз омгийн золионд  өртсөөр миний нутаг
Овоолсон шороо, онгойж харласан нүх болж
Гар нь ганзганд,хөл нь дөрөөнд хүрсэн залуус
Гаднын оронд зарцлагдсан боол болж
Монгол хүний амь үнэгүй болж
Монгол төрийн хууль “цаазын ялгүй” болж
Алуурчин дээрэмчингүүд айх аюулгүй болж
Алуулсан хэн нэгний амь хохь нь болж
Монгол минь үлдэх, эсэх нь оньсого мэт болсон ч
Мохож шантралгүй тэмцэгсэд ховорхон болжээ” /Ч.Д/
Ийм цаг үе нүүрлэнэ гэдгийг анх түрүүнд олж харж, ийм бузар булайг үзэхгүйн тулд илд мэт хурц үгээр  илэн далангүй  балбаж, далай баян эх орны минь эрдэнэс баялгийг  гадныханд үнэ төлбөргүй гар дэлгэн барихын төлөө далд санаа өвөрлөгсөдийг дайснаа гэж үзэн ядаж, тэдний эсрэг тэмцэлдсэнийхээ төлөө  тэдэнд доромжлуулж, чоно лугаа ад үзэгдэж, Дашбалбарын өөрийнх нь хэлсэнчлэн  хүн байтлаа араатны зовлонг биеэр эдлэж явсан нь ч  зайлбаргүй үнэн бөлгөө. Үнэн үг хэлсэн хүнд хүн өштэй,үхэр унасан хүнд нохой өштэй гэгчээр өнөөх Дашбалбарыгаа  ад үзэж аль муу муухайгаар нэр хоч зүүгээд ч зогсохгүй УИХ-ын гишүүн С.Зоригийг 18 хутгалж алсан гэж нүгэлтэй муухай гүжирдэж, энэ тухай орон даяар телевиз , радиогоор цацагдаж гол дүрд нь улсын гавьяат жүжигчин Сосорбарам тоглож, Радио телевизийн дарга /тэр үед даргалж байсан/ Билэгт даарин дээр давс нэмнэ гэгчээр хөөрцөглөн хашгичиж  байсныг ч уншигч түмэн минь эргэн санаж буй биз ээ.

Ардчилалын алтан хараацай С.Зоригийг бусдын гарт бусармагаар амь үрэгдэхэд  гэрч болж үлдсэн гэргий Булгантай нь гэрт нь хамт   байсан гэх  улсын  баатар Э.Бат-Үүлийг орох байх газраа олж ядан, хэлэх эсэх үг  нь ч  эвлэрч өгөхгүй  барьц алдан балмагдаж  байхад  УИХ ын гишүүн О.Дашбалбарыг онилж  С.Зоригийг алсан гэж  аймшигтай муухай гүтгэж  анд нөхрийг минь  амьдаар нь тамлаж байхад тэрээр

“Уй гунигтай үедээ бичсэн бүхэн минь үнэн байдаг юм
Уур хүрсэн үедээ тэрлэсэн бүхэн минь шүлэг болдог юм
Доомжлуулах тусам   би улам өнгө ордог юм
Долоон бурхан од шиг улам тод   гялалздаг юм” гэж  бичиж байсан билээ.

Жинхэнэ үнэнийг  хэлбэл чоно бус хүн нь л  юм болохоороо,чоно лугаа ад үзэгдэж аль муугааараа гүтгүүлж гүжирдүүлж,   уйлж бачуудмаар өдөр олонтой тохиож байсан ч уудам тал шигээ уужуу тайван  нэгэн байсан билээ  тэр.

Дашбалбар шиг уяхан цайлган сэтгэлтэй,эгэл энгийн, анд нөхөд,ах дүүсээ, аав ээжийгээ, ард түмнээ хайрлан дээдлэх хүн ховорхон гэдгийг үерхэж нөхөрлөж явсан үе тэнгийн биднээс өөр хэн хэлж, хэн гэрч болохсон билээ. Үеийн нөхөд  хэн хүнд олон боловч үерхэж нөхөрлөсөн нь цөөхөн нь л байдаг даа.

Дашбалбартайгаа  хааяа нэг /үргэлж уулзалдахын аргагүй тэр тийм их завгүй явдаг байлаа/ уулзахад тэрээр  уулга алдан бөөн  хөөр баяр  болж, сонинд бичиж нийтлүүлсэн юмаа олж уншсан уу гэж дахин дахин асуун лавлаж,чин сэтгэлээсээ юм ярих гэж хичээнгүйлэн байх нь одоо ч нүдэнд харгдах шиг болдог юм.

Итгэлт сайн анддаа нууж хаах ч юмгүй хэн хүнд хэлмээргүй юмаа ч чамаас өөр хэндээ ч хэлэхсэн билээ дээ гээд сэтгэлээ уудалж байгаад л ярьж гарна. 1996 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт  Монголын Уламжлалын нэгдсэн намаас нэр дэвшихээр болчихсон тул надтай уулзаж нарийн ширийн юмаа ярих гэсэн юм гэж утасдаж билээ.

Чингээд Дашбалбар бид хоёр өдөржин хамт хөөрөлдөж, хөхөрч наргиж, хөгжилдөн баясаж  хотоор баахан тэнэж өнгөрүүлсэн юм. За Дамиа би Сүхбаатараас УИХ-д сонгогдоно гэхэд хоёр том намаас дэвшсэн сүрхий улстай үзэлцэх хэрэг гарлаа.Манай нам шив шинэхэн, гишүүд гээд байх юмгүй, бараг л надаас өөр ард түмэнд танигдсан гэх хүнгүй, ядаж мөнгө байхгүй, тусалж дэмжих  юм ер нь маруухан даа, тэглээ гээд ч яалтай билээ. Тулаан гэдэг хүсэх юм биш, тулгараад явчихвал  буцах юм биш гэдэг л болдог байх даа, хамгийн хэцүү өрсөлдөгч нь Ху намаас дэвшсэн Гүндсамбуу  доктор  гээд над руу эгцлэн хараад бодол болон суусан билээ. Тэр нь Гүндсамбуу хэр сүрхий хүн бэ? Хэр зэрэг дайчин бэ? гэх зэргийг надаас тодруулах гэсэн бололтой. Гүндсамбуу бид их сургууль төгссөн цагаасаа ШУА-д ажиллаж байсан тул бие биесээ мэдэхийн дээр би түүний талаар бас бус ойлголт өгчих хэмжээнд байсан байх аа. Би Дашбалбарт  анхаарах, болгоомжлох, санаж явах хэд хэдэн зүйлийн талаар саналаа дэвшүүлээд, чамайг л Сүхбаатарчууд сонгох байх гэж хэлсэн билээ… Нам нь даанч том юм даа гэснээ сэтгэлээ ч засах гэсэн үү, надад ер нь бодсон санасанаа илчилье ч гэсэн үү “Намайг  гурван эхнэртэй гэж энэ  муусайн луйварчингууд сөрөг довтолгооноо эхэлчихсэн байна. Өөрсдөө өдөр нэгтэй болзож ,орой нэгийг онхолдуулдаг,тоог нь гаргахын аргагүй шалиг завхай юмнууд. Би бол арван хэдтэй байхдаа амраг хайраа өгч авч суусан албан ёсны ганцхан эхнэртэй. Чи тэртэй тэргүй сайн мэднэ. Харин хайртай халамжтай хоёр хүүхэн бол бий.

Чи бараг мэдэх ч  биз. /Би энэ тухай нь  гадарлаж байсан ч мэдэхгүй л дүр эсгэлээ/ -Чамаас би ер нуух юм алга. Өнөөдөр хоёулантай нь чамайг танилцуулна гэлээ. Би жаалхан дурамжхан байгаагаа ойлгуулаад авлаа. Тэгсэн чинь  “Би авгайгаа  өвдөхөд өдөр шөнөгүй сахиж  дэргэдээс нь дэлэм ч газар холдоогүй. Энд тэнд гадаад явахдаа ч дагуулж явсан минь    цөөнгүй. Бүр бурхан Жагарын оронд очиж, Ганга мөрний  усанд булхуулж  дэлхийн долоон гайхамшигийн нэг  Тажмахалыг үзүүлсэн, би авгай хүүхдээ орхиод явах адгийн тэнэг ч амьтан биш, чи зүгээр надтай хамт яваад  л харчих” гэж намайг дагуулаад хуучнаар Зуугийн дэлгүүр буюу одоогийн “Наран” их  дэлгүүрийн өмнөх эгнэсэн гурван өндрийн хамгийн баруун талын байрны долдугаар давхар дахь нэг айлд  орж явчихлаа.

Баахан бурхан тахил, бурханы ном судар, хатгамал гоёл болчихсон айл. Энэ нь Дашбалбарын нэрлэдгээр  Анимаа буюу Халтарынх бөгөөд үл таних залуухан ганц хоёр эмэгтэй, Дашбалбарыг хувилчихсан юм шиг адилхан  жаалхан  охин байсан нь Индра. Тэнд өрөө тасалгаагаар дүүрэн алимны хайрцганд хийж савласан юм хураалттай байсан нь Балбарын маань бичиж нийтлүүлсэн сонин сэтгүүл, ном зохиол, улс төрийн холбогдолтой өөрийнх нь бичсэн сонины хайчилбарууд хэзээ хэнд тарааж өгч барна даа гэмээр дүүрэн байсан юм.

Энэ нь Дашбалбар  сонгуульд хэрхэн бэлдсэнээ л  надад үзүүлж надтай зөвшөлцөх гэсэндээ  өөрийнх нь сонгуулийн ажлыг  нугалж өгсөн гол  газраараа  оруулах  гэсэн юм уу гэж  санагдсан билээ. Ер нь Дашбалбарын хувьд ганц хоёр эмэгтэйтэй нэр холбогдсон гэхээс  биш түүнийг садар самуунд хөтлөгдөж хэнийг ч хамаагүй эргүүлж  тойруулж хээгээ алдаж явахыг би  огтоос мэдэхгүй билээ.

Дашбалбарын араас одоогийн “Мөнгөн үеийн яруу найрагчид” гэж өөрсдийгөө өргөмжлөөд байгаа залуусын ихэнх нь  дагаж,дагахаар ч барахгүй Дашбалбарынд газраар зулаатай хонож өнжиж, Дашбалбарыг ахаа гэх нь ахаа гэж багшаа гэх нь багшаа гэж, Дашбалбарынх үнэгүй дэн буудлын газар шиг түм түжигнэж бум бужигнана гэгч болж байсан даа.Дашбалбарыг ер нь ихэс дээдэс хүүхэд нялхас гэж ялгаварлахгүйн дээр хэн ч байсан миний нөхөр, миний дүү хэмээн хүндэлж эрхэмлэсэн  зөн олны дуудлага болсон бурхан шиг сайхан хүн байсан юм хэмээн хэлэхээс ч өөр  аргагүй. Хотын айл гэдэг хэн хүний  хөлхөлддөг  бүхлээрээ шахуу шалан дээр  унтаж бүгдээрээ тэнд  хонож өнжиж байдаг ч юм биш .

Яруу найрагч Д.Нямсүрэнгийн :

…“Дон дон гэдэг хүүхдийн тоглоомын дуу гарч
Дотроос нь улавчтай хөлний удах чимээг  хүлээхүйд
Босгоныхоо дэргэд   ирж шилэн шагайвчаар
Буудах гэж байгаа юм шиг сэмхэн  шагайвлана
Алах алахгүй ангаа л ингэж
Анчин хүн дуранддаг­сан даа” гэж бичсэнчлэн  хот газрын хэнийх ч бол оруулах эсэхээ  бууны онь шиг шагайвчаар дурандаж л байж шийддэг дээ.Дэндүү олноор нь гэртээ бужигнуулсан айл бол дэндүү сайхан сэтгэлтэй Дашбалбарынх л байсан байх аа.

Тэр олон залуусыг уран зохиолд татан оролцуулах гэж,тэдэнд өөрийнхөө хүсэл тэмүүлэл , тэмцэл зорилгыг ухааруулах гэж тэднийг монголоо гэсэн сэтгэлтэй  эх ороноо хайрлах  үзэл бодолтой хүмүүс болоосой гэсэндээ  өөрийнхөө үр хүүхэд шиг өөрийнхөө ах дүүс шиг ханддаг байсан хэрэг шүү дээ. Тийм сайхан хүнтэй үерхэж нөхөрлөж явна гэдэг үл мартагдах дурсамжаа хадгалж  явна гэдэг бас л ховорхон завшаан, тэр болгонд  хүртэхгүй  заяа төөрөг гэж боддог юм би.

Дашбалбарын баярлах, Дашбалбарын үнэн санаанаасаа хөөрцөглөн хөхөрч байх, түүний үнэн үгээ учирлан хэлж байх нь ч ямар сайхан байдаг гээч ээ?

Дашбалбартай үерхэж  явсан  дурсамжаасаа  ганц нэгхэнийг  ч болов эргэн дурсахуйд:

-О.Дашбалбар 1996 оны УИХ-ын сонгуульд ялчихлаа. Бид бүхэн өөрсдөө ард түмний итгэл сэтгэлийг  өвөрлөсөн юм шиг л баяр хөөр болцгоож билээ. Ялсан баатрын алдрыг яадаг ч байсан тэмдэглэхгүй өнгөрч  болохгүй байх аа гэсэнд Дашбалбар маань их л урамтай байсан юм.

Тэгээд би авгай хүүхэдтэйгээ /бага хүүгээ дагуулаад/ хамт  Дашбалбарын туслах хурандаа Д.Агваандоржийг аваад бид хэд Манзуширын хийдэд очиж  хийдийн эргэн тойрон хүрээлсэн модон дунд нэгэн нарлаг сайхан өдрийг баяр баясгалангийн хязгааргүйд  умбаж өнгөрүүлсэн юм. Олон олон лам хуврагууд олон  он жилийн туршид эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буян ном хурсан тэр үзэсгэлэнт сайхан  газар, шувууд нь шулганан шулганан жиргэж, өөрсдийн хэлээр бидэнтэй баяр жаргалангаа хуваалцах  мэт ямар сайхан байсан гээч. Тув тунгалаг уулын горхины шуугиан уул усаа, лус савдагаа ариун дагшин байлгахыг эрхэмлэн захих мэт нэг л уянгалаг хөг аялгуу түгээн мяралзаж, өнгө өнгийн чулуу нь ариун тунгалаг уснаа солонгийн долоон өнгөөр бидэртэн нүд булааж байсансан.

Зураг түүх өгүүлнэ гэдэг үнэн бөлгөө. Би тэр үед зураг дарангуут шууд  гардаг зургийн аппарат авч явсан юм. Бид янз янзаар зураг хөргөө даруулж түүнээ харж элдвийг хөөрөлдөж байсан маань гэгээн дүрээрээ дурсамж болон  бууж  мөнхрөн  үлджээ.
Тэр үед Дашбалбар  сүрлэг сайхан уулын модон дундуур сүлжин шуугих голын болор тунгалаг  уснаа өрөөсөн  хөлөө дүрж  нэг гараараа модны мөчрөөс барин зогсох зуураа:

-Мөнхдөл өө чи, “Монголын  улс төр болоод уран зохиолын ертөнцөд  алдар нэрээ өргөж яваа УИХ-ын гишүүн том хүнтэй зургаа татуулж байгаагаа  мэдэж байна уу? Ахтайгаа авахуулсан зураг чинь чамд  маш сайхан дурсамж болон үлдэх болно” гээд манай хүүгийн толгойг илэн өхөөрдөж  байж билээ. Балбарыг хоёр гуравхан жилийн дараа биднийгээ орхиод бурханы оронд  одох юм гэж тэрхэн үед  хэрхэн төсөөлөхсөн билээ дээ.

Монголын Үндэсний  Чөлөөт Зохиолчдын Холбоог ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, доктор С.Байгалсайхан, зохиолч С.Даваахүү бид хэд тэргүүлж байх үедээ тус холбооны бодлогын хүрээнд  2000 оны эхээр  Яруу найрагчдын шилмэл шүлгийн цомог, Шүүмж судлалын эмхэтгэл болон зарим зохиолчдын номыг хэвлүүлж  уншигч олны хүртээл болгосон юм. Энэ ажлын хүрээнд мөн  тэнгэрийн орноо одсон эрхэм нөхдийнхөө гэгээн дурсгалд зориулан О.Дашбалбарын “Наранбулагийн эгшиглэн, Ш.Уянга, Ж.Болдэрдэнэ нарын “Үдлээд буцах хорвоо” номыг миний бие эмхэтгэн бүрдүүлж, эвлүүлэн нягталж  уншигч түмэндээ өргөн барьсандаа бага ч болов сэтгэлийн таашаал хүртэж явсан бөлгөө. “Анд нөхдийн барилдлагаас  эрхэм дээдийн  ариун нандин зүйл нэгээхэн ч үгүй. Аав нь хүүгээ,ээж нь охиноо, хүүхдүүд нь аав, ээжээ хайрладаг. Араатан ч үр төлөө эрхэмлэн энэрдэг ч  цусан төрлөөр бус сэтгэл оюунаараа садан төрөл бололцох нь зөвхөн хүмүүн заяатанд л оноогдсон гайхамшигт хувь тохиол” хэмээн нэгэн мэргэн ухаантан айлджээ.

“Анд найзыгаа алдах шиг уй гуниг, сэтгэл зүрхний тамлан үгүй” хэмээн Английн зохиолч,яруу найрагч Стивенсон Роберт Льюисийн хэлсэнчлэн  андыгаа алдсан шаналан минь  ч тайтгарах завдал олоогүй тэрээхэн үед Дашбалбарын  манай хүүтэй хамт  авахуулсан зургийг “хэт хожмоо чамд маш сайхан дурсамж болно” хэмээн хэлж байсан сэгэлийнх нь үгийг  санан санан байж номынхоо гадна хавтсан дээр зориуд тавьсан юм.

Харин хожим нь Дашбарын маань гэргий  Н.Борхүүхэн  тэр номны чинь хавтсан дээрх зургийг хүмүүс үзчихээд Халтараас гарсан охин нь юм уу гэж асуугаад байх юм.  Аливаа  юм ер нь ямар нэг тээнэгэлзэл үгүй яг л байгаа үнэнээрээ хүнд хүрч байх нь зүйтэй болов уу гэж би бодох  юм.

Чи тэр зургандаа “Очирбатын Дашбалбар, Дамдиндоржийн Мөнхдөлийн хамт” гээд  тайлбар  биччихсэн бол зүгээр байж дээ хэмээн сануулж  билээ.

Даанч харамсаж халаглаад баршгүй  хамгийн хэцүү шаналан минь эдүүгээ амьд сэрүүн байсансан бол жаран насныхаа жаргалыг эдэлж явах эрхэм анд минь эзгүйрч үгүйлэгдэхийн учир буюу.

Тэгэвч эх орон ард түмнийхээ төлөө үнэнийг эрхэмлэн тэмцэж явсан андын минь амьдрал нь даанч ахархан байлаа даа  хэмээн харамсахын гачлан байвч О.Дашбалбарын  алдар гавьяа нь үүрд мөнхийн бөлгөө.

“Амьдралын утга учир бол үхсэнийхээ дараа ч амьд хэвээр  алдарших” хэмээн  эх орныхоо төлөө тэмцэж яваад дайнд амь үрэгдсэн Татар Зөвлөлтийн яруу найрагч Муса Джалиль  хэлжээ.

Хэн ч үхлээс зайлж завдахгүй, тэгэвч дэлхий нартайгаа байсан цагт оршиж л байх тийм агуу их ололт амжилтаараа хүмүүс өөртөө хөшөө босгож байдаг юм гэж эртний Германы нэгэн мэргэн ухаантан онцолжээ.

Тийм ээ, Дашбалбар ч өөртөө ялагдашгүйн  хөшөөг босгож мөнхөлсөн юм.

Улаан сахиусны хүү Очирбатын Дашбалбар өөрийгөө ялагдашгүй, үхэшгүй  гэдгээ батлан алтан мутраараа андгайлан бичиж  үлдээсэн юм.

Тэрээр… “Би ялагдашгүй.Намайг ялъя гэвэл эхлээд сэтгэлийг минь ял. Яаж хүний сэтгэлийг хүн ялж чадахсан билээ.Энэ тухай Эрнест Хемингуэй хэмээх зохиолч гайхамшигтай хэлсэн .Хоосон чанарт уужим сэтгэлийг илдээр чавчаад нэмэргүй,буудаад нэмэргүй, шатаагаад нэмэргүй, живүүлээд нэмэргүй. Хоосон чанар живдэггүй, шатдаггүй, үхдэггүй.

Би ялагдашгүй. Тэнгис далайг уух гээд  үз, оддыг тэврэх гээд үз,уул нуруудыг зальгих гээд үз,оддыг тэврэх гээд үз, тэнгэрийг нураах гээд үз!
 
Би тэдэнтэй нэгдмэл оршиж байна.
Сэтгэл минь тэнгис далай, уул нуруу, нар, одод, тэнгэр болж хувирсан цагт би ялагдашгүй! Биед минь  нууцын орны  аниргүйн чанадыг улаан сахиус шившиж байна..” гэжээ. /1998.10.20-23/

Тийм ээ.Дашбалбар эдүүгээ нэгэн жарныг гаталжээ. Тэгэвч тэр өнө мөнхийн дөчин хоёртой.Түүний хувьд үхэшгүй мөнхийн баатар  Жангар хорин тавтай,үл мартагдах ,үл мөхөх , үл үхэх Дашбалбар өөрөө дөчин хоёртой.

“…Гялалзагч одод сая живаа жилийг үдэж,угтсан ч
Ганц ч од надаас илүү наслаагүй, тэд дөчин хоёртой
Сарны дор уулс,толгод мянган оныг элээсэн ч
Саруул хорвоод надаас ах бус, тэд дөчин хоёртой !
Дуулсан бүхнээ би дөчин хоёр жил мэдэрсэн болохоор
Дуулиант хорвоо надтай чацуу,дөчин хоёртой”  хэмээн бүхий олноо түгээн өөрийгөө өргөмжилжээ.
“Алдарт үйлсээрээ мөнхөрсөн Дашбалбар минь
Алагхан хорвоод мөнхийн дөчин хоёртой
Арван найман жилийн тэртээд амьсгал отголсон гэвэл
Арга ч үгүй өнөөдөр жаргалтайн дэлгэр  жаран настай”/Ч.Д/
 
Сайн үйлс дэлгэрэх болтугай !
 
Зохиолч, сэтгүүлч Ч.Дамдиндорж


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна