Үзэгдэх өнгөнд бүү хуурт, үнэн ямагт ганц байдаг

2017/12/27
Энэ бол японы орчин цагийн сонгодог зохиолчдын эгнээнд байр сууриа баттай эзлэсэн Харуки Муракамигийн «1Q84» романы эхэнд нэг таксины жолооч хэлдэг үг болохыг санаж байгаа биз дээ? Миний санахад тэр жолооч их гүн ухаанлаг хүн байсан болов уу гэдэг бодол үе үехэн сэтгэлд сэрхийн орж ирдэг юм аа. Ингээд би өөрийн үндсэн хэлэх гэсэн санаа руугаа оръё. 

Манай Монголын «Ньюс.мн» дээр байл уу даа? “Хятад улс Австралийн нүүрсэнд оногдуулдаг гаалийн татвараа тэглэжээ.” гэсэн мэдээ гарсныг та бүхэн харсан байх аа. Сайн муу мэдээг сонсож чаддаггүй ганц нэг комментчид “Аягүй бол муусайн хужаа нар манай Тавантолгойн нүүрсний үнийг шалд нь унагах гээд ийм арга хэмжээ авсан эсэхийг сайн судлаж үзэх хэрэгтэй.” гэж бичсэн нь ч харагдаж байсан. 

Үүнтэй зэрэг шахам Австралийн цэргийн нисэх хүчин Хятад улс болон зүүн өмнөд азийн дийлэнх улс орнуудын хооронд газар нутгийн ширүүн маргаан өрнөөд байгаа Параселийн арлуудын ойролцоо эргүүлийн нислэг хийж байгаа мэдээг гадаад хэл дээр мэдээллээ олж уншдаг хүмүүс бас олж харсан байх аа. Манай дотоодын хэвлэлээр л коксжих нүүрс 30-40 доллар болчихлоо гээд шуугиад байх юм. Гэтэл Австрали нүүрс зуу хол давсан доллараар зарагдаад байгааг хятадын нүүрсний арилжааны захын сүлжээ рүү ороод харахад олж мэдэж болно. Миний санахад овсгоотой Австраличууд Вьетнам, Филиппинчүүдэд тэгтлээ хайртайдаа хэдэн мянган км-ийн хол орон зайд эргүүлийн нислэг хийгээгүй нь лавтай. Тэдний нүүрсний хувьд Хятадуудын тэглэсэн гаалийн татвар бага санагдаад үнэн дээр нь дахин хэдэн доллар нэмчих санаатай цэрэг улс төрийн башир арга хэрэглэж байж таарна. Нэг тонн австрали нүүрсний тээврийн зардал 10 доллар байдаг юм байна л даа. Гэтэл юанийн ханшны уналт болон нефтийн үнийн бууралт зэрэг дэлхийн эдийн засгийн орон зайд үүссэн шинэ нөхцөл байдал нэг тонн нүүрсний тээврийн зардлыг 5 доллар болтол бууруулсныг тэд эдийн засгийн хувьд томоохон боломж хэмээн тооцож байна. Дээр нь бас дахин хэдэн доллар Хятадуудаар нэмүүлчихвэл Австраличуудын хувьд Параселийн арлуудын асуудал энх тайвны арга замаар нааштай шийдэгдэж таарна.

Нүүрс гэснээс Занарын хийн нөлөөгөөр америкийн асар олон нүүрсний уурхай ажилгүй болох дээрээ тулснаас шалтгаалаад тэдгээр уурхай болон тэнд ажиллагсдыг ажилтай нь байлгах гэж Америкчууд өөрсдийн үйлдвэрлэсэн нүүрсээ Хятадад номхон далай дамжуулан тээвэрлэн авчирч хямд худалдсанаас болоод дэлхийн нүүрсний үнэ цэнэ эрс уналтанд орсон тухай би та бүхэнд нэлээд дээхнэ мэдээлж байсныг санаж байна уу? Америкийн зүүн эргээс ачаалж Панамын сувгаар дайран Номхон далайг гаталган авчирч худалдсан нэг тонн нүүрснээс ердөө аравхан доллар олохын тулд тэр шүү дээ. Гэтэл бид нар өргөн нарийн цариг гэж маргалдаад, нэг тонн нүүрсний шилжүүлэн ачилтанд 3-5 доллар хаяхад яадаг юм бэ гэж цамаархаж байгаад одоо ямархуу байдалтай сууж байгаа билээ. Бид ч юу байхав дээ, хэдэн улс төрчдийн балаг энэ. 

Сүүлийн үед Параселийн арлууд орчимд үйл ажиллагаа нь ихээхэн идэвхижээд байгаа Америкийн Номхон далайн флотын хөлөг онгоцуудыг хал балгүйхэн холдуулах арга зам бас л Хятад улс Америкуудад нүүрсний зах зээлээ илүү чөлөөтэй нээж үнэ цэнийг нь нэмэхэд байж мэдэх л юм. 

Үзэгдэх өнгөнд үл хууртах учиртайн эхний жишээ энэ бөлгөө. 

Халхголыг Солонгосчуудад түрээслэж чөлөөт бүс байгуулна байгуулахгүй гэж манайхан дээр доргүй баахан маргаан шуугиан болоод өнгөрсөн. Эцэстээ ямархуу шийдэлд хүрснийг гагцхүү Бурхан л мэдэх байх. Харин өнгөц үзэгдэх өнгөнд хууртсан төрийн түшээд маань хүртэл дээрх асуудлын үнэн мөн чанар нь чухам юу байж болох тухай бодож үзсэн болов уу? 

Украйны Хятадад гаргаж байгаа үр тарианы экспортын хэмжээ нэг жилийн дотор найм дахин өссөн гэж би саяхан нэг бичлэгтээ оруулсан. Тэгвэл 100 мянга гаруй хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй Өмнөд Солонгос улс Хятадад экспортлодог хүүхдийн сүүн тэжээлийн хэмжээ ердөө нэг жилийн хугацаанд 12 дахин нэмэгдэж 55 сая долларын хэмжээнд хүрсэн бол яахав? Австрали, Шинэ Зеланд, Герман зэрэг сүү үйлдвэрлэлийн томоохон гүрнүүд дэлгүүртээ Хятадуудад хүүхдийн сүүн тэжээл худалдахгүй буюу тооны хязгаартай худалдах засгийн газрын шийдвэр тушаал хүртэл гаргасныг Өмнөд Солонгосчууд овсгоотой ашиглаж байгаа нь энэ. Үнэндээ зуны цагт Монгол орон сүүгээр халгиж цалгих нь холгүй байдаг. Тэр их сүүг орон нутагт боловсруулан чанар сайтай хүүхдийн сүүн тэжээл болон хуурай сүү үйлдвэрлэж өмнөд хөршийн зах зээл дээр гаргаж болох биш үү гэдэг тал дээр манай төрийн түшээд улс төрийн намууд ухааны шандсаа уралдуулаад үзээсэй билээ. Өмнөд Солонгосчууд энэ асар том бизнесийн боломжийг олж харчихаад манай Халх голын сав газарт шүлсээ унагаад байгаа нь тэр л дээ. Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар хоёр хүүхэд төрүүлж болно гэсэн нааштай бодлогоо зарласнаас хойш Өмнөд Солонгосын хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ өсгөх гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа нь тойруу замаар Халх голын сав газартай холбогдоод байгаа хэрэг юм. Өөрсдөө дотоод нөөцөө ашиглая гэхээр даанч дээр өгүүлсэнчлэн зуу гаруй мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийнх нь дийлэнх шахам нь уулархаг орон байдаг болохоор ёстой тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүйн үлгэр байгаа нь тэр. 

Үзэгдэх өнгөнд бүү хуурт хэмээсний хоёрдахь жишээ энэ болой. 

Орос Украйны хямрал хоёр жил гаруй үргэлжлэсний сацуу манай комментчид хоёр тал болчихоод «Хөөрхий Хохолууд» болон «Орос ах» нарыгаа өмөөрч баахан маргалдсаныг хааяа харж суухад зугаатай шүү. Үнэндээ энэ хямралын цаана Америкчуудын хэрэгжүүлээд эхлэсэн «Занарын хувьсгал» хэмээх далд шалтгаан байгаа нь үзэгдэх өнгөөр халхлагдсан үнэн шалтгаан болохыг ойлгож мэдэрсэн хүн хэд бол? Америкчууд усны баялаг нөөцөндөө тулгуурлаж занарын хийг ашиглаад хатуу төлөвт шилжүүлэх аргыг олсон нь байгаль орчинд маш ээлтэй, агаарын бохирдол бараг үүсгэдэггүй зэрэг давуу талтайн зэрэгцээ үнийн хувьд нефтээс хавьгүй доогуур үнэтэй болохоор өөрсдийн нээсэн тэрхүү эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Европ руу гаргаад эхлэснээр хэрэг явдлын өрнөл цаашаа хэрхин үргэлжилснийг бид мэднэ. 

Үзэгдэх өнгөнд бүү хуурт хэмээхүйн гуравдахь жишээ энэ юм. 

1994 онд Америкийн дэлхийн байдлыг судлах хүрээлэнгийн захирал ноён Браун «Хятадын хүн амын тэсрэлт» хэмээх судалгааны дүнг танилцуулсан нь Хятад улсын өнөөдөр тулгарч байгаа томоохон асуудлуудыг оновчтой гаргаж тавьсан байдаг л даа. Хятадын засгийн газар тухайн үед «Браун гэгч» хэмээн их л зэвүүрхэн нэрлэдэг байснаа одоо эргээд «Ноён Браун» гэж хүндлэн дээдлэх нь холгүй болсон байна лээ. Тэр илтгэлд газрын тосны хэрэглээ, үр тарианы хомсдол зэрэг олон асуудал хөндөгдсөн байсан. Би ч хувьдаа үнэхээр тиймэрхүү зүйл болвол яадаг билээ гэж жихүүрхэсхийж байсныг нуух юун. Одоо ч олон монгол хүний байр суурь тиймэрхүү л байгаа болов уу? Харин «Сэм авга» угаас сэргэлэн хүмүүс болохоор дээр өгүүлсэн «Занарын хувьсгал» энэ тэрийн судалгаа хийгдэж хэрэгжихэд ноён Брауны илтгэл ихээхэн түлхэц үзүүлсэн нь гарцаагүй. Миний сайн мэдэж байгаагаар нэг хоёрхон жилийн дараа «Америкчууд Аргентин, Бразил зэрэг Латин америкийн улсуудад тариалангийн талбай түрээслэж аваад эхлэлээ.» гэхэд нь ямархуу зорилго чиглэлтэй болохыг нь мөхөс миний бие харин там тумхан гадарлаж байсан шүү. Өдгөө Бразил, Аргентин зэрэг Латин Америкийн томоохон улс гүрнүүдтэй Хятад улс жилдээ зуун тэрбум доллар давахуйц томоохон арилжаа наймаа үсэргэж байгаагийн дийлэнх нь үр тариа, хүнсний ногоо байдаг гэхээр одоо та бүхэнд асуудлын сэжүүр ойлгогдож байгаа биз дээ. Энэ том арилжаа наймааны цаад эзэд нь «Сэм авга», бүр тодруулаад хэлчихвэл хэдэн сэргэлэн жүүд байгаа гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. 

Үүнтэй холбогдсон нэг сонирхолтой баримт гэвэл Хятадууд Америкаас жил болгон хэдэн арван сая тонн шар буурцаг худалдан авдаг байснаа генийн өөрчлөлттэй гэдэг шалтгаанаар авахаа байчихсан нь Аргентин Бразил хоёрт асар том бизнесийн боломж гаргаж өгсөн нь тодорхой. Жилдээ 79 сая тонн шар буурцаг дээрх хоёр орноос худалдан авч байгаа нь Хятад гээч том гүрний хүнсний тосны гол эх булаг болж байгаа юм. Идэх хүнсний тосоо нэрж аваад үлдсэн шаар нь дээд зэргийн сайн гахайн тэжээл болон хувирдаг ажээ. Хамгийн сонирхолтой нь Хятадын дотооддоо тариалсан шар буурцаг тонн тутам нь 4100 юаний үнэтэй байдаг бол Номхон далай гатлуулж авчирсан импортын шар буурцаг гаалийн татвараа төлөөд 3100 юань байгаа нь хятадын тариачдад томоохон цохилт, дарамт үүсгэнэ биз дээ? Тэрхүү мянган юаний зөрүүг нь засгаас татаас хэлбэрээр олгож байгаа нь бас л нэг ядарсан атлаа удаан үргэлжлэхгүй арга буй за. Оросууд ч гэсэн овсгоо зараад сүүлийн үед бага сага шар буурцаг тариалан Хятад руу гаргахад цаадуул нь бага гэлтгүй булаалдаад авч байгаа тухай хятад хэлтэй хүмүүс тэндхийн сүлжээн дээрээс уншиж болно. 

Миний санахад Өмнөд Солонгосчууд Халх голыг маань сонирхоод байгаагийн хамгийн том шалтгаан сүү ч биш бараг л шар буурцаг тариалж Хятадуудын мөнгийг саах гэсэн хэрэг байж таарна. Дээхнэ Солонгос үндэстний гол хүнс болох кимчиний дийлэнхийг нэлээд олон жил Хятадууд Зүүн хойд нутагтаа даршлан бэлтгэж тэдний олон тэрбум долларыг халааслаж байсан юм чинь. Солонгосчууд жилдээ хорин тэрбум буюу манай үндэсний нийт бүтээгдхүүнээс бараг гурав дахин их мөнгийг кимчиндээ зардаг гэхээр бас л чамгүй их мөнгөө Хятадуудад өгсөн байж таарна аа даа. Та бүхэн цаг завтай бол бодоод үзээрэй. Халх гол, аль эсвэл Сэлэнгийн сав газарт шар буурцаг тариалаад жилдээ арван сая тонныг 3100 юанаар хятадад худалдвал хэдэн тэрбум доллар болох бол? Би тоонд угаас муу хүн л дээ. Ямар ч байсан одоогийн манай үндэсний нийт бүтээгдхүүнтэй тэнцэх хэмжээний дүн гарч байдаг шүү. Юун Оюутолгойн 2031 оноос авч эхлэх ашиг. Юун Гачууртын ордоо арван жил ухуулаад хүртэх 200 сая доллартай харьцуулах байхав. Мөртлөө жил болгон ундраад байж болох ашиг гэдгийг Солонгосууд харсан байж таарна. Дорно дахины хүний ухаан юм даа. Хэрвээ тос шахаад зарвал нэг тонн нь 5700 юань. Зөвхөн шаар нь л гэхэд нэг тонн нь 2300 юань гэдгийг ч бодчихсон байгаа. Нэмүү өртөг шингээнэ гэж манай төрийн түшээдийн ярьдаг зүйл угтаа бол энийг л хэлээд байгаа хэрэг шүү дээ.

Үзэгдэх өнгөнд үл хууртах учиртайн өөр нэгэн жишээ энэ буюу. 

Энэ бичлэгтээ би Өмнөд Солонгосчуудтай хамтран ажиллахгүй гэдэг санаа огтхон ч хэлэх гээгүй юм шүү. Харин ч солонгосчуудтай, япончуудтай, хятадуудтай байж болох эдгээр салбаруудад яагаад харилцан ашигтай хамтран ажиллаж болохгүй байх билээ гэдэг санааг цухас дурдсан хэрэг. Миний бичлэгийг уншаад бид л зөвхөн Оюутолгой, Тавантолгой гэж яриад байдаг болохоос биш манай Монголд ашиглаж чадвал ямар асар их нөөц боломж байдаг юм бэ гэдэг ойлголт та бүхэнд эрхбиш төрсөн байх аа. Хятад улс өнгөн дээрээ асар хурдацтай хөгжиж байгаа боловч үнэндээ байгаль орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, амьдрах орон зайн хомсдол, хүйсийн тэнцвэрийн алдагдал, хүн амын хөгшрөл гээд асар их далд бэрхшээлтэй тулгарч байгаа юм л даа. Тэр болгоныг шийдэхэд дагалдаад бас л маш олон төрлийн бизнес боломж гарч ирж байна. Түүнийг шийдэх арга замыг сүүлийн үед манайхаас бусад оронд бол «Хямралын менежмент» гэж нэрлээд өдөр тутмынхаа амьдралд өргөн хэрэглэдэг болсныг дээрх хэдэн жишээнд цухас дурдсан нь энэ юм. 

Нарийн царигаар хятадын танк ороод ирэх вий гэдэг болгоомжлол Монгол хүн бүрийн сэтгэлд байхад илүүдэх юу байхав. Нөгөө талаар Монголын хөрсөнд ургасан шар буурцаг тэргүүт үр тариагаа, сүүгээ, мах, ноос, ноолуураа, цэвэр усаа өмнөд хөршийн далай шиг том зах зээлд гаргаж болох биш үү гэдэг шийдлийг давхар бодож тооцоолж яагаад болохгүй байх билээ? Цэвэр ус л гэхэд Хятадын зах зээлийн багтаамж одоогийн байдлаар 100 тэрбум юань байгаа нь жилдээ дөчин хувиар өсөж байна. Манайхаас бусад улс орнууд тэр том бялууг хувааж идэхээр уралдацгааж байна. Ямар сайндаа Хятадын «Чайна петролиум» компани цэвэр усны бизнесийн салбар руу орж байхав. “Нэг литр бензинийг зургаа долоон юанаар зараад бидэнд ирж байгаа ашиг хариугүй юм байдаг. Гэтэл Төвдөд савлаад зардаг 0,5-ын савтай ус багадаа гэхэд долоон юань хүрч байна.” хэмээн уг корпорацийн захирал халаглан өгүүлсэн байна лээ. 

Таны ярьж байгааг сонсоход сонин сайхан л санагдаж байна. Харамсалтай нь цагаа тулахаар манай улс төрчид бас л нөгөө өргөн нарийн цариг гэж маргалдаад бүтэхгүй л дээ гэж та бас бодож байна уу? Тэгвэл бас л үзэгдэх өнгөнд хууртсан төдий хэрэг шүү. Өмнөд хөршөөс дүүрэн орж ирээд хоосон буцаж байгаа хэдэн мянган чингэлгийг дээр дурдсан бараагаар дүүргэж буцаагаад байхад л эхний ээлжинд тээврийн асуудлыг маш хямд төсөр шийдэх боломжтой. Харин багтаж шингэхээ байсан хойно өргөн нарийн цариг, шилжүүлэн ачилтын үнэ тарифийн маргаанаа үргэлжлүүлэхэд оройтох юу байв гэж.

Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна