Лодонгийн Түдэв: Сүүлийн хориод жилийн дотор манай ард түмэн “биегүй болж” эхэллээ

2018/01/11
Хүний үер

Хүний буруугаар дэлхийн цаг уур өөрчлөгдөж үер усны аюул нэмэгдэж, далайн төвшин дээшлэж их далайн эрэг хавийн улс орнуудад заналхийлэл эхлээд байна. Гэтэл бас зарим нэгэн хүн бүл цөөнтэй, бага буурай улс орнуудад өөр маягийн үер буух боллоо. Тэр нь “хүний үер” юм. “Хүний үер” хаалт хашилтгүй мэт болсон нь “даяаршил” гэдэг их гүрнүүдийн зарласан “хөдөлгөөний” далбаан дор хорин нэгдүгээр зууны нэгэн ноцтой үзэгдэл, магадгүй зарим гүрний “хар хайрцагны” бодлогын хэрэгжилтийн бамбай болж ч байж мэдэх нийгмийн үзэгдэл гэлтэй.

Цөөн хүн амтай ард түмэнд үйж живэх аюул ямагт нүүрлэж байдаг нь “хүний үер юм”. Хоёр тэрбумд ойртож буй хүн амтай том айлтай харьцуулбал хоёр сая хэдхэн зуун мянган монголчууд бол их далайд хөвсөн бяцхан зомгол лугаа адил юм. Тэгэхээр их далайн зах дээр зогсож буй усанд сэлж чаддаггүй хүн шиг л нөхцөл байдал үүдэн тушаа маань оршиж буй гэдгийг бид санаж байх учиртай. “Хүний үер” буух арга зам улам боловсронгүй болж, хууль эрхэмжийн баталгаажилтыг ч буй болгох үйл явц хүчтэй өрнөж, дэлхийн далайцтай болсоор байна.

Олон “хүний үерийн” урсгалыг чөлөөтэй тавьсан соёлтой гэгдэх нэг гол хэлбэр бол “аялал жуулчлал юм. Хоёр дахь хэлбэр нь "дүрвэгсэд”. Дүрвэгсдийн үерийг “Дүрвэгсэдийн конвенци” гэдэг олон улсын хууль зүйн баримтаар баталгаажуулсан. Тэр конвенцэд нэгдэн орсон улс бол дүрвэгсэдийн үерийг хаах боох эрхгүйтэй адил. Дүрвэгсдийн тэр конвенцэд нэгдээгүй нөхцөлд дүрвэгсдийн үерт автагдахгүй байх нэг төрлийн халхавчтай гэж болно. Гэхдээ цаг агаарын аюул, дайн тулааны хөнөөл, улс төрийн хавчлага мэтээс зугатагсад аль л чөлөөтэй, “хаалга нь түгжээгүй” орнууд руу өөрийн эрхгүй урсан орж ирэхэд яах ч арга байхгүйд хүрч болно.

Тэр тусмаа нэг сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин километр өргөн уудам газар нутагтай атлаа түүндээ эзэн болохын оронд дөрвөн ууын дундахь хонхорт хүн амын талаас илүү нь бөөгнөрчихөөд нэг хавтгай дөрвөлжин километр талбайд ганц хүн оногдохоор тийм их зэлүүд нутагтай манайх шиг айлыг бол нэг хавтгай дөрвөлжинд тав, зургаан мянга чихцэлдэн амьдарч буй бусад улс орнууд “шудрага бус” байдал гэж үзэж, тийм утгатай илтгэлийг хүртэл НҮБ-ийн зарим хурал, зөвлөлгөөнүүд дээр ярьж байсан удаатай юм.

“Хүний үер” халин орж ирэхийн бас нэг хэлбэр нь “ажиллах хүч” гэдэг их эелдэг нэртэй бөгөөд монголын мөнгө хөөсөн цөөнхийн ивээлээр ямарваа саадгүйгээр гол төлөв урд хөршөөс ирсээр байгаа ихэвчлэн идэр насны эрчүүд бол тийм үер мөн. “Хүний эрх” гэдэг боловсон мэт үгээр халхавчилсан “хүний үер” гадагшаа ч, дотогшоо ч урсах боломж олгож байна. Монголын эзэнт их гүрнүүд (скиф, хүннү, их монгол) түүхэн урт замдаа хүч чадал доройдоо биш, харин хүн амын тархацаас болж “хүний далайд” живж ууссаны улмаас туйлдаж ядраад “жанч халсан” болохыг түүх гэрчлэн үлджээ.

Өмнөх үеийг ярихаа азнаж, дэлхийн талыг эрхшээлдээ авсан томоохон эзэнт гүрнийг арван гуравдугаар зуунд байгуулан мандаж байсан Чингис хааны эзэнт төрийн намтар түүхийг тоймлоод санацгаая. Умар зүгт Алтан ордоны улс (Батхааны байгуулсан) өмнө зүгт их Юань улс (Хувилай хааны төвхнүүлсэн) Баруун зүгт Ил Хаадын улс (Зүч, Цагаадай, Өлзийт, Гүег хаадын) баруун өмнө зүгт Их Могол улс (Баабарын байгуулсан) гэж зуун дамжсан том улсуудыг төвхнүүлэн удирдах хамгаалах албанд Монголчууд зүтгэж гэр бүл, үр хүүхэд, мал сүрэгтэйгээ хүртэл очиж олон он жилүүдийг үдсээр нэг л мэдэхэд эзэгнэсэн улс орныхоо суугуул иргэдийн дунд живэн живсээр хүний олонд хүйгээрээ шингэсэн бөгөөд эх нутагтаа эргэж ирээгүй, ирэх ч нөхцөл бололцоо гараагүй хэрэг.

Тийнхүү Монголчууд хүний олонд автагдан “живж” ууссан болой. Гэвч найман зууны хойно ч гэсэн гарвалзүйн ухааны шинжилгээ хийхэд дунд Азийн өнөө үед монгол гэгдэхээ нэгэнт больсон үндэстнүүдийн хүн амын дотор Монгол гентэй (Си-3) хүмүүс хамгийн хязгаарлагдмал, хэсэгчилсэн судалгаагаар гэхэд л одоогийн манай Монголын хүн амын тооноос гурав дахин олон байгаа ажээ. Тэглээ ч тийм ген тээгчид зүс царайгаараа монгол гэх аргагүй харагдах нь олонтаа бөгөөд хэл яриа нь ч нэгэнт Монгол биш болжээ. “Хүний үерт үйхүй" гэдгийн мөн чанар ийм ажээ.

Орчин үед бол байлдан эзлэх замаар биш харин даяарших замаар хүний үер дуртай зүгтээ урсдаг болсон ажээ. Ажиллах хүч, аялал жуулчлал, дүрвэх цагаачлах гэхчилэн хэлбэрээр гадагш, дотогшоо хүмүүс урсч буй. Ийм нөхцөлд “Дүрвэгсдийн конвенцид” нэгдэхгүй байх нь чухал юм. Сүүлийн хориод жилд монголчууд бид өөрсдөө ч гадаад орнууд руу чөлөөтэй оддог болсон нь нэг талаар сайн хэрэг мэт ч гэсэн нөгөө талаар эх орноо эзгүйрүүлэхэд “нэмэр” гэхэд ч үгүйсгэхэд хэцүү зүйл. 2010 он хүртэл манай 30 мянган иргэн (ихэнх нь Баян-Өлгийгөөс) монголын харъяатаас гарсан, Өмнөд Солонгост гучаад мянган монголчууд ажиллаж амьдарч буй, энэ урсгал нэмэгдсээр,

Бусад онуудад (АНУ- д 17 мянга гаруй, хятадад долоон мянга гаруй, Чехад 7200, Орост 5008, Японд 5400, Германд 3852 гэх мэт) бараг 200 мянган монгол хүн байнга болон түр хугацаагаар суугаа гэхчилэн диаспора  монголчууд улам бүр нэмэгдсээр байгаа 2004 он гэхэд 1570 монгол хүүхэн харь орны бэр болон гадагшаа гарсан бол 2010 он гэхэд энэ тоо 6000 болсон нь 47 оронд албан ёсоор бүртгэгджээ.

“Эр хүн эр хүндээ хайртай
Эмэгтэй хүн гадны хүнд хайртай” гэсэн шог үг гарахад хүрчээ.

Эх орноо орхиж явагсадтай зөрөөд харийнхан орж ирсээр...

Зөвхөн 2010 онд гэхэд л Улаанбаатарын бүх хүн амтай тэнцэх, монголын хүн амын тавин хувьтай тэнцэх тоотой гадныхан (нэг сая 200 гаруй мянган) зуу шахам орноос ирж буцсан Зөвхөн хоёрхон жилийн (2007, 2008) баримтаар үзэхэд манайд 101 орны иргэд 2007 онд 27 мянга гаруй ирж суусан бол 2008 онд бараг дөчин мянгад хүрсний дотор хувиараа ирж удаан хугацаагаар суугчид,, байнга оршин суугчид, цагаачлагчид ихэнх нь байсан бөгөөд огт харьяалалгүй хүн дал гаруй ирсэн байна. Эдгээрийн бараг ерэн хувь нь хятадууд, дараа нь солонгосчууд оржээ.

Харийн цагаачлагчдын тоог хуулиар тогтоосон боловч тэрнээс аль хэдийнэ давчихаад байхад эрх баригчид мэдээгүй юм шиг л сууж байдаг ажээ. Тийнхүү манай оронд орогногчдын дотроос Хятад, Солонгос хүмүүс нэг бус удаа гэмт хэрэг үйлдэж тухай бүр хэвлэлээр мэдээлэгдэж байсан юм. “Хүний олон хүн барьдаггүй” гэдэг боловч хүний олон дотор хүн живж цөөнх болж улмаар уусаж алга болдгийг түүх нэг бус удаа сануулсан билээ. Үндэсний Аюулгүй байдал гэгчийн нэгэн гол асуудал энэ мөн гэдгийг цаг алдалгүй санууштай билээ.

Харин энэ он гарсаар ямарваа зөвшөөрөлгүй манай хойморт (нийслэлд) орогнож байсан тавиад хүнийг буцаан гаргах шиг боллоо. Гэхдээ зөвшөөрөл мэтийг янз бүрийн аргаар олж аваад сууж буй хүмүүс маш олон байгаа нь анхаарагдахгүй өнгөрсөөр байна. “Хүний үөрээс" хамгаалах хууль эрхэмжийн баримт бичгүүдээ нарийвчлан хянаж улам боловсронгуй болгох нь улсын их хурал, Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэдэг “тулгын гурав” болсон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэнтэй ч хуваалцаж, хэнд ч мэдүүлэх ёсгүй дархан эрх мэдлийн асуудал мөн л тулгамдсан асуудлын түрүүн эгнээнд тавигдаж байгааг шинээр сонгогдох Улсын их хурал хамгийн түрүүчийнхээ ажил болгон авч үзэх ёстой гэдгийг тэднийг сонгосон ард түмний эрх ашиг шаардсаар байх болно.

Үүнтэй холбогдоод “даяаршил” гэдэг (глобализация) гэмгүй сайхан мэт санагдах асуудалд өнгөц бус гүнзгий хандах хэрэгтэй нь сүүлийн хориод жилийн байдлаас маш тодорхой болж байгааг хэлэх хэрэгтэй. Энэ үгийг оросууд их түгээсэн “глобализация” гэцгээх нь англи, америкчуудын амнаас бараг л адилхан global, glo- balism гэж дуугарах үг ажээ. Монголчууд үүнийг үгчлэн орчуулж “дэлхийчлэл” гэж байснаа “даяаршил” болгон хэрэглэж байна. Үүнээс уламжлаад “даяарших”, “дангаарших” гэсэн нэр томъёо гаргаж хэрэглэсэн нь бодлоготой зөв шийдэл мөн.

“Дэлхийчлэл” аль эсвэл “дэлхийших” гэх юм бол нийтээрээ “ижилсэх” мэт ойлголт төрөхийн дээр аливаа үндэстний ялгарах өвөрмөц шинж үгүйсгэгдэхийн цаад утгыг агуулсан ойлголтод хүрэх юм. Гэтэл өнөө үед өрнөдийн соёл, иргэншилд “дагаар орж” уусч буй улс орон цөөнгүй ч гэсэн эртний соёлт, баатарлаг түүхт Монгол улсын тухай, дэлхийн хүн амын гурван ангилаллын “монголод” гэдэг хамгийн том арьстны гарвалын эцгийн хувьд үндэстний байтугай гарвалзүйн өвөрмөц чанараа "дэлхийчлэн" гэх бус харин ч "дэлхийшүүлэх эрхээ алдах учиргүй билээ.

Даяарших, дангаарших нэр томъёог монгол улсын хоёрдох Ерөнхийлөгч Нацагийн Багабанди илтгэл тавихдаа анх дэвшүүлэн гаргасан нь оновчтой болсон тул эрдэм шинжилгээний үгийн санд байраа эзлэж эхэлжээ. Дангаарших гэдэг нь үндэстнийхээ өвөрмөц онцлогийг хадгалахын нэр болохоос биш “зожигрох” тухай ойлголт биш юм. Хамгийн наад захын дангааршлын баримт дурдахад Голланд улс бяслагаараа, Шотланд улс Уиски дарсаараа, франц улс коньякаараа, Хятад улс торгоороо гэхчилэн дэлхийд өөр хосгүйгээр ноёрхлоо тогтоочихсон байгааг мэдэхгүй хүн өнөө үед байхгүй. Тэгвэл монгол улс өөр аль ч үндэстэнд байхгүй соёлын өвөрмөц ололтуудаараа бас ямааны ноолуур, тэмээний ноос, сүү тэр ч байтугай айргаараа дангааршихад өрсөлдөгч гарахгүй бизээ.

Энд ойлгомжтойг бодож хамгийн энгийн, ахуй амьдралын баримт ярьж байна. Түүнээс биш дангаарших ойлголт бол өргөн агуулга, гүнзгий утгатай том ойлголт юм гэж үзэх шаардлагатай. Дангааршлыг тээгч бол ард түмэн юм. Монгол уртын дууг жинхэнэ хятад эсвэл англи хүн сурч болох боловч дуураймал нь дорхиноо л мэдэгдэх ажээ. Тэгэхээр үндэстний маань дангааршлын үзэгдэл хүн амаас маань хамааралтай зүйл. Хүн амын өсөлт хичнээн сайн байхаас "монгол юм” тээгчдийн тоо нэмэгдэх учиртай. Монголчуудыг таван сая хүрвэл тун осолтой хүчин зүйл болох юм гэдэг болгоомжлол манай хоёр хөршид эрт цагт тогтсон ойлголт гэдэг билээ.

Монгол улсын хүн ам цөөрөх юмуу өсөлт муутай байх аваас хувь “хүний үерт” живэх магадлал нэмэгдэх нь гарцаагүй. Гэтэл сүүлийн хорь гаруй жилд манай улсын хүн амын өсөлт удааширч, ёс бусын хорогдол урьд үзэгдээгүй ихээр нэмэгдлээ. Аборт гэдэг үр зулбуулах харь зуршил дэлгэрснээс хорь гаруй жилд нэг сая орчим нялхас эхийнхээ хэвлийд хядууллаа. Архидалт гэдэг харь орны муу занд автагдсанаас жил бүр 600-1000 орчим хүн архиар хордон нас барсаар байна. Зөвхөн өөрөө үхэх төдийгүй бусдыг хөнөөдөг архичин улам олширлоо.

Автын осол гэдэг шинэ аюул буй болж сүүлийн хориод жилд доод зах нь 350 хүн амиа алдаж мянгаас цөөнгүй хүн зэрэмдэг болсоор байна. Өнгөрдөг жил гэхэд л ийм шалтгаанаар 362 хүн үрэгдэж 1033 хүн гэмтэж бэртлээ. Үүн дээр амиа хорлох муу ёрын баримт нэмэгдсээр байна. Бас хөлдөж үхдэг хүн ч олширсоор байна. Энэ бүх ёс бусын хорогдлыг тооцож, арга хэмжээ боловсруулах толгой төрд маань дутсаар л байна. Эзэгнэх хүнгүй бол эх орон, тусгаар тогтнол гэдэг яриа хоосон үг болно шүү дээ. Аль хэдийнэ таван сая хүнтэй болчих байсан үндэстэн маань ёс бусын ийм хорогдлоос болоод гурван саяд ч хүрч чадахгүй байна. Гаднаас түрхрэн орж ирсээр буй “хүний үер” дээр дотооддоо эзгүйрч буй айл өрхүүд нэмэгдээд байх юм бол үндэстэн маань живж сүйрэхэд амархан буй зээ.

Өнгөрсөн зууны гучаад онд их зохиолч Дашдоржийн Нацагдорж маань “Монголын үрс түм бум болтугай!” гэж мөрөөдөл залбирал дэвшүүлж байсан нь учиргүй биш учиртай зүйл билээ. Хорин нэгдүгээр зууны босгоор алхахад монгол улсын Ерөнхий сайд болсон Мэндсайханы Энхсайхан намайг хүлээн авч санал сонсоход нь “Крио банк” байгуулаач гэж хүссэн билээ. Манайх шиг хүн бүл цөөн улс бүү хэл Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс аль хэдийнэ. “Крио банк” байгуулаад идэр чийрэг, ухаан санаа төгөлдөр эрсээсээ үрийг нь авч гүн хөлдөөж банканд хадгалдаг болсноор барахгүй тэр банкнаас “үр зээлдэж” хүүхнүүд нь зургаагаас найм хүртэл хүүхэд нэг удаагийн төрөлтөөр ихэрлүүлж дэлхий дахинаар шуугиулж байдаг боллоо.

Монголчууд бид японы үндэсний сумо бөхийн дэвжээнд аврагалаж, дэлхийн олимп болон бусад том хэмжээний тэмцээнд “дангааршиж” байгаа тул “Крио банк” байгуулж сайн эрсийнхээ үрсийг хадгалахаар барахгүй дэлхийд хосгүй цэвэр бэлчээрийн мал аж ахуйнхаа сайн үйлдрийн шилдэг малын үрийг хадгалах Крио банктай байж яагаад болдоггүй билээ. Тэр тусмаа хүн ам маань цөөн, өсөлт удаан хорогдол их байгаа тохиолдолд үүнийг эргэцүүлэн бодох нь зайлшгүй зүйл мөн билээ. Харин саяхнаас санаачлагатай сайхан залуус (Доктор Р.Хадбаатар) гарч үр гүн хөлдөөж ашиглах, үр шилжүүлэн суулгах үрийн банк үүсгэн байгуулах санаачлага гарган лабротори, эмнэлэг байгуулж ажиллуулж байгааг төр халамжиндаа авч ивээж, дэмжих хэрэгтэй юм.

Аливаа улс гүрний хамгийн үнэтэй баялаг бол хүн ард нь, хүн ардын хамгийн үнэтэй баялаг нь бол эрүүл мэнд тэр тусмаа хуруу дарам цөөхөн ам бүлтэй монголчуудад бол эрүүл мэнд шиг үнэтэй юм байхгүй. Гэвч тэрхүү үнэт баялагийг нь хамгаалах төрийн үйл ажиллагаа хоцрогдлын туйлд хүрчээ. Уул нь “эрүүлийг хамгаалах яам” гэж эцэг өвгөд маань цохон их л учиртай нэрлэсэн яам одоо “хамгаалах” гэдэг дархан алдараа гээж ердөө л “эрүүл мэндийн яам” болсон. Өнгөрсөн зууны жараад он гэхэд монголын ард түмэн харьцангуй эрүүлжиж, элдэв өвчнөөс салсан.

Гэтэл сүүлийн хориод жилийн дотор манай ард түмэн “биегүй болж” эхэллээ. Зөвхөн нийслэлийн ганц амаржих газрын 2011 он буюу их ойн жилд төрсөн 9000 гаруй нялхсын 300 гаруй нь дутуу төрсөн бөгөөд тэдний тал хувь нь уушигны эмгэгтэй байсан ганц баримтыг эргэцүүлэн бодоход жихүүдэс хүрэх нь мэдээж. “Үртэй хүн баян” гэдэг уламжлалт монгол номлолыг “мөнгөтэй хүн баян” гэдгээр сольсон нөхцөлд үндэстний үр үндэс тасрах ёр нүүрэлдэг учир хүн амын нарийн бодлого боловсруулж түүнээ хууль эрхэмжийн баталгаатай болгохыг амьдрал, үндэсний эрх ашиг хатуу шаардаж байна. Дэлхийн хувьсгал нь “орон бүхний ядуучууд (пролетари) нэгдэхтүн гэсэн уриатай байсан бол дэлхийчлэн (глобализици) орон бүхний баячууд нэгдэхтүн гэх бололтой.

“Хэлчихвэл хэвдэх
Хэлэхгүй бол цээж эвдэх” энэ асуудлыг дахин дахин нурших минь хувийн хэрэг биш үндэсний хувь заяаны хэрэг юм шүү!

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, доктор Лодонгийн Түдэв


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна