Орон нутгийн бодлого шийдвэрт иргэдийг оролцуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих чиглэлээр 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг танилцуулах, туршлага солилцох семинар өнөөдөр Holiday Inn зочид буудлын хурлын танхимд болж байна. Семинарт дөрвөн аймаг, гурван дүүрэг, 14 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид оролцож байгаа юм.
Семинарыг Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна. Тус төсөл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чадавхыг бэхжүүлэх зорилгоор бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах зэрэг цогц үйл ажиллагаа явуулдаг.
Төслийн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналт, төлөөллийн чиг үүрэгтэй холбоотой шинэ санал, санаачилгыг дэмжих зорилготой тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2014-2017 онд аймаг, дүүрэг, сумын 60 орчим хурал тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, хурлаас шийдвэр гаргахад зөвлөлдөх санал асуулгын арга зүйг ашиглах, нийтийн сонсгол явуулах, цахим орчинг ашиглан залуучуудын оролцоог хангах, уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, боловсролын үйлчилгээнд хяналт үнэлгээ хийх чиглэлээр ажиллав. 2017 онд тэтгэлэг хэрэгжүүлсэн хурлууд нийт 16 журам, 4 хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.
Иргэдийн эрх ашгийг төлөөлөн ажиллах чиг үүрэгтэй иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хангалттай төсөв хөрөнгө байдаггүйн улмаас хуульд заасан чухал чиг үүргээ хэрэгжүүлэх бодит бололцоо нь хязгаарлагдмал байдаг. Тус тэтгэлэгт хөтөлбөр нь энэхүү бэрхшээлийг даван туулж, шинэлэг арга барилаар ажиллах сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэртэй болохыг хурлууд онцолж байна.
2018 онд төлөөлөл, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх санал санаачилгын зэрэгцээ Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран бэлчээрийн тогтвортой менежментийг сайжруулах чиглэлээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг олгоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна