“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Жаст” компанийн захирал Ш.Батхүү барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан хэргийг Олон улсын арбитрын шүүх хэлэлцээд “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэх, 99 сая ам.доллар төлөх, хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хүү төлөх шийдвэр гаргасан талаар мэдээлэл цацагдсан.
Энэ шийдвэр “Эрдэнэт” үйлдвэрт хэрхэн нөлөөлөх талаар тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэнгээс тодруулахад “Үйлдвэрийн үйл ажиллагаанд аливаа нэг сөрөг үр дагавар дагуулахгүй” гэлээ.
Тэгвэл Хууль, зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан гэдэг 2013, 2014 оны үед эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэр хэрэг нь Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Энэ маргаанд Засгийн газар тал болж оролцоогүй. Тиймээс Засгийн газарт хүлээх үүрэг, хариуцлага байхгүй.
Баталгаа гарсан гэдэг асуудалд эрүүгийн хэрэг үүсчихсэн шалгагдаж байгаа. Сүүлд "Хадгаламж" банкыг хураах асуудал үүсч, Ш.Батхүү гэдэг хүнийг хорьсон байдаг.
Олон улсын арбитраас “Эрдэнэт”-ийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэдэг худлаа. Байдал амаргүй байгаа юм билээ. Давж заалдах ажиллагаа нь хийгдсэн юм билээ. Тэгээд олигтой юм болоогүй. Нийт дүнгээрээ 51 сая ам.долларын үндсэн зээл. Дээр нь, шүүхийн шийдвэрийг нь биелүүлээгүйтэй холбогдуулан алданги, хүү тооцдог. Үүний талаар цаашид яриа, хэлэлцээр хийх асуудал байгаа юм билээ. Түүнээс яг "Эрдэнэт" үйлдвэрийг битүүмжилсэн гэдэг нь худал.
“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкныхантай ярих бололцоотой. Нууц юм байхгүй. Ардчилсан намынхан л улстөржүүлээд яриад байгаа асуудал. Өмнөх эрх баригчдын үед ч яригдаж л байсан.Ташаа мэдээлэл тарааж олон нийтийг ойлгомжгүй байдалд оруулж байгаа л явдал.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед танилцуулга юм нь хийгдээд, ажлын хэсэг байгуулаад манай яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалсан юм билээ. Маргаан бол “Эрдэнэт” үйлдвэр, “Стандарт” банк хоёрын хоорондын асуудал” гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна