Манай улс соёлын тав, биет бус 14 өвийг ЮНЕСКО-д бүртгүүлээд байна

2018/02/05
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс 2017 оны тайлангийн хурал Гадаад харилцааны яаманд боллоо.Тус тайлангийн хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-ын МҮК-ын дарга Д.Цогтбаатар манай улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээллийн салбарын зорилтуудыг хэрэгжүүлэхэд ЮНЕСКО-той хөгжүүлж буй хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтойг тэмдэглэв. 

ЮНЕСКО-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн орсны 55 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлж, хамтын ажиллагаагаа цаашид улам идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс  хамтран ажиллах тухай шинэ Санамж бичгийг 2017 онд байгуулсан нь чухлыг онцолсон.

2017 онд Монгол Улсын Засгийн газар “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад, “Уул овоо тахих монгол зан үйл” өвийг Соёлын биет бус өвийн жагсаалтад шинээр бүртгүүлж, “Тогтвортой хөгжлийн IV зорилт – боловсрол 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ. Мөн ЮНЕСКО-ын “Хүн ба Шим мандал”, “Ус зүйн хөтөлбөр”-ийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирэв. Боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, инновацийн салбарт хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх шаардлага байгааг МҮК-ын дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэмдэглэн, тус комиссын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав. 

Манай Улс ЮНЕСКО-д 1962 онд гишүүнээр элсэн орсон. Монгол Улс 10 конвенцид нэгдэн орсон бөгөөд манай орны байгалийн болон соёлын таван өв, соёлын биет бус 14 өв ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтуудад бүртгэгдсэн байна.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс Гадаад харилцааны сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд, Үндэсний статистикийн хорооны дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, Монцамэ агентлагийн дарга, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болон ГХЯ, БСШУЯ, БОАЖЯ, ХНХЯ-ны газрын дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр 1963 онд байгуулагдсан ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна