Хөвсгөл нуурын баруун эрэг 40 км авто замтай болно

2018/02/05
Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газар нь Азийн хөгжлийн банкнаас 468 сая долларыг зээлэх зээлийн хэлэлцээрийг хийж байгаа билээ. Санхүүжилтын ерөнхий хөтөлбөрийг баталсан бөгөөд гэрээг соёрхон батлах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн нь энэ юм. 

УИХ-ын гишүүдийн олонх нь энэ саналыг дэмжсэнээр Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас 468 сая ам.долларын зээл авах боломжтой болоод байна. Зээлийн жилийн хүү 2 хувь, хугацаа 25 жил, эхний таван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

Дээрх 468 сая долларын 38 сая ам.долларыг нь Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулах юм. Зуны цагт 3-10 мянган хүн Хөвсгөл нуур руу амрахаар очдог байна. Энэ үед нуурын баруун эргийг дамнасан 40 км замаар 3-4 мянган машин явахад асар их тоос, тоосонцор босч далай руу ордаг байна. Үүнээс үүдэн далай бохирдож, замагжиж байгаа аж. Мөн нуурыг тойрсон цэвэрлэх байгууламж, хог хаягдлын асуудал Хөвсгөл нууранд тулгамдсан асуудал болоод байгаа талаар тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлсэн. Хэрвээ энэ байдал олон жил үргэлжилбэл бид цэнгэг усны гол нөөц болох үзэсгэлэнт Хөвсгөл нуураа аюулын ирмэгт аваачих юм. 

Тиймээс дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд 38 сая долларыг зарцуулна гэж буй. Тодруулбал, тус мөнгийг доорх ажлуудад зарцуулах аж. 

Үүнд: 

1. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нисэх онгоцны буудлаас Чүчүгийн даваа хүртэл 6 метрийн өргөнтэй 40,2 км хатуу хучилттай авто зам, 150 машины зогсоол, явган хүний зам, дугуйн замтай болно.

2. Хатгал, Ханхын ойролцоох бүх аж ахуй нэгжүүдийн хаягдал усыг цуглуулах 50 м3 дээш багтаамжтай цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулна.

3. Хатгал, Ханх сумдын хог хаягдлын цэгийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн шинэчлэх.

4. Эгийн голын гүүрийг шинэчлэн барьж байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна