Бидний үзэх дуртай ''70-аад оны шоу'', ''Юпитер'', ''Агуу шидтэн Оз'' зэрэг маш олон кинонд тоглосон, Холливудын сайхан бүсгүй Мила Кунисын The Talks сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
- Мила, та өөрийгөө бүх зүйлийг төгс байлгах гэж хичээдэг /perfectionist/ гэж хэлэх үү?
- Үгүй, учир нь төгс зүйлийг бүтээж болдоггүй. Би амьдралаа, бүх зүйлээ төгс байлгах гэж хичээдэггүй, учир нь энэ боломжгүй шүү дээ. Хэрвээ чи 1 метр 60 см өндөр бол 1 метр 60 см өндөр хэвээрээ л дуусна. Чи хорвоо дээрх бүх сайхан зүйлсийг өөрийн болголоо ч чи 1 метр 60 см хэвээрээ байна шүү дээ. Тиймээс төгс зүйлс гэж байхгүй.
- Холливудын оддын ертөнцөд төгс зүйлийг эрэлхийлдэг. Таны насны эмэгтэйчүүд бүгд л төгс харагдахыг хүсдэг шүү дээ. Энэ нь ямар асуудлуудыг үүсгэж байна гэж бодож байна вэ?
- Эмэгтэйчүүд бүгд л адилхан төрхтэй болж байна. Нэг хүн үсээ бороор будлаа гэхэд бусад нь бүгд бороод будаж тренд дагадаг. Хүмүүс хэн нэгнийг дуурайж, сайхан харагдахыг хүссэнээрээ өөрийнхөө онцлог шинжийг алддаг. Үнэхээр харамсалтай.
- Загварын ертөнц үүний гол буруутан гэж ойлгож болох уу?
- Яг үнэндээ би аль нь буруутайг сайн мэдэхгүй байна. Загварын сэтгүүл дээрээс бид хамгийн үзэсгэлэнтэй, төгс бүсгүйчүүдийг олж хардаг. Гэсэн ч та эдгээр зургууд бүгд фотошопоор төгс болтлоо засагдсан бүсгүйчүүд гэдгийг санах хэрэгтэй. Төгс зүйл гэж хаана ч байхгүй. Миний үзэсгэлэнтэй, сайхан гэж боддог зүйл өөр хүнд тийм санагдахгүй байж болно. Энэ бол хүмүүсийн өөр өөр үзэл бодолтой байдгийн жишээ.
- Та Хар хун киноны гол дүрд тоглохдоо нэлээдгүй жин хассан. Үнэхээр туранхай харагдаж байсан шүү.
- Тийм ээ, бүтээх гэж буй дүрдээ зориулж жин хасна, нэмнэ, үсээ будуулна. Би жүжигчин хүн учир өөрчлөлтөд бэлэн байдаг. Зураг авалт дууссаны дараа жин нэмэх нь илүү амар санагдсан шүү. /инээв./
- Танд туранхай байх таалагдсан уу?
- Үгүй ээ, үнэхээр дур гутам байсан. Би яг л Бөгжний эзэн киноны Голлум шиг харагдаж байсан. Хүмүүс намайг тэврээд ямар их турсныг минь гайхдаг байсан. Би тийм туранхай байхыг хүсээгүй учраас том өмд, цамд өмсөж нуугддаг байсан. Миний гар үнэхээр нарийхан, муухай харагдаж байсан. Туранхай байх надад таалагдаагүй.
- Холливудад таны насны бүсгүйчүүдийн хооронд өрсөлдөөн хэр хүчтэй явагддаг вэ?
- Заримдаа үчтэй, заримдаа сулхан. Би нэг шалгаруултад ороход найруулагч нь намайг үнэхээр муу жүжигчин хэмээн дүгнэж болно. Эсвэл хамгийн сайн жүжигчин гэж дүгнэж болно. Энэ бүгд зөвхөн хүний хувийн үзэл бодол дээр тулгуурладаг. Холливудад зөв буруу гэж байхгүй, 2 + 2 = 4 гэдэг шиг мэдээжийн зүйл байхгүй. Чи хамгийн сайн жүжигчин байлаа ч ажил олж чадахгүй байх тохиолдол байж болно. Холливудыг таах аргагүй шүү дээ.
- Та Украйнд төрөөд, Лос Анжелест 1991 онд нүүж ирсэн. Та өөрийгөө Америк хүн гэж боддог уу? Эсвэл төрөлх Украйны зан чанаруудаа өөрөөсөө олж хардаг уу?
- Би өөрийгөө Америк гэж боддог. Би хоёрдугаар ангид байхаасаа эхлээд Лос Анжелест амьдарсан. Гэсэн ч Америк хүүхдүүдийн мэдэхгүй зүйлсийг аав ээж минь надад зааж сургасан гэдгийг нас явах тусам олж мэдэж байна.
- Тэр үед Америк хэв маягт дасан зохицоход хэцүү байсан уу?
- Тийм. Гэхдээ 7 настай хүүхэд хийж буй зүйлийнхээ үр дагавар гэдэг зүйлийг мэддэггүй учир амьдрал илүү хялбар. Чи юу хийж байгаагаа ойлгохгүй ч эцэг эхийгээ дагаад хийж л орхино. Хүүхдүүдэд айдас гэж байдаггүй шүү дээ.
- Та жүжигчин болохыг хүүхэд байх үеэсээ хүсэж мөрөөддөг байв уу?
- Үгүй. Би хүүхэд байхдаа багш, эмч болохыг хүсдэг байсан. Гэсэн ч би цус харж чаддаггүй учир эмч болох мөрөөдлөө орхисон. Би эх барих эмч болохыг мөрөөддөг байлаа. Би ер нь жүжиглэхээс бусад бүх мэргэжлийг сайхан гэж боддог байсан.
- Тэгвэл та яагаад жүжигчин болсон юм бэ?
- Тохиолдлоор гэх үү дээ. Би жүжиглэх хоббитой байсан. Одоогийн менежертэйгээ 8 насандаа анх уулзаж байлаа. 22 насандаа жүжигчин болохоор шийдэж, миний амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн юм даа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна