О.Осоржамаа: Жүжигчин болох мөрөөдлөө эхлүүлсэндээ маш их баяртай байна

2018/02/12
Бүжгийн болон инээдмийн төрлийн “UB Squad” кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийж, олны хүртээл боллоо. Тус кинонд сошиалаар олны танил болсон О.Осоржамаа дүр бүтээжээ. Гэхдээ өнгөрсөн намраас хойш сураг тасарсан энэ залуу өөрийн тоглосон киногоо үзэж амжаагүй байгаа гэнэ. Кино багийнхан нэлээд эрэл сурал болсны эцэст ням гарагт “Хархорин” захаас олж уулзан урилга өгсөн байна. Өнчин, ядуу ч гэсэн амьдрахын төлөө тэмцдэг, басхүү өөрийн зорьсон хүсэл мөрөөдлөө хаяаагүй яваа О.Осоржамаатай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө кинонд тоглосонд баяр хүргэе. 

-Баярлалаа.  

-“UB Squad” кино нээлтээ хийж, О.Осоржамаагийн тоглосон хэсэг үзэгчдийг нэлээн хөгжөөж байна. Ингэхэд яаж яваад энэ кинонд тоглох болов?

-Намайг өнгөрсөн зун “Өргөө” кинотеатрын өмнө шорлог зарж байхад Ш.Батсуурь ах утсаар ярьж, кинонд тоглох санал тавьсан юм. Би эхэндээ итгээгүй, надаар хэн нэгэн тоглож байна гэж бодсон ч зөвшөөрсөн. Харин хоёр хоногийн дараа над дээр хоёр хүн ирэхэд яалт ч үгүй итгэсэн. Кино багийхан намайг маш гоё хүлээж авсанд маш их баяртай байдаг. Миний мөрөөдөл жүжигчин болох.

Жүжигчид хүмүүст баяр, гуниг өгдөг нь их гоё санагддаг. Гэхдээ амьдралын боломж муу болохоор мөрөөдлөө биелүүлэх боломж олддоггүй байлаа.

-Яагаад жүжигчин болохыг мөрөөдөх болов?

-Би бага байхаасаа хошин шог их үздэг байсан. Бооёо ахад их дуртай. Жүжигчид хүмүүст баяр, гуниг өгдөг нь их гоё санагддаг. Гэхдээ амьдралын боломж муу болохоор мөрөөдлөө биелүүлэх боломж олддоггүй байлаа. Харин сая анхныхаа кинонд тоглож, мөрөөдлийнхөө зүгт эхний алхмаа хийсэндээ маш их баярлаж байна. Энэ бол миний хувьд маш том амжилт. 

-Энэ кино бүжгийн төрлийнх байсан. Өөрөөр хэлбэл өмнө нь бүжиглэдэг байсан уу?

-Би ер нь бүжиглэх авьяастай. Өвөрхангайд оюутан байхдаа бүжгийн тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртэж байсан маань маш их хэрэг боллоо. Кино хийх үед хэдхэн секундын дүрсийг нэлээн олон удаа авах тохиолдол байдаг юм байна. Харин миний тоглосон хэсгийн зургийг ганцхан удаа авсан. Найруулагч, зураглаачид намайг магтахад өөрөөрөө маш их бахархсан шүү.

“Сити” сургуулийн оюутнууд “Осоржамаа энэ сургуульд суралцах юм бол би суралцахгүй. Өнчин, ядуу хүн нь тэр биш” гэсэн яриа гаргасан юм билээ.

-Түрүүн “Мөрөөдлийнхөө зүгт эхний алхмаа хийлээ” гэж ярилаа. Зун нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Жүжигчний мэргэжлээр суралцана” гэж ярьж байсан чинь юу болсон юм бэ?

-“Сити” их сургуулийн захирал М.Мөнхжаргал эгч намайг хүний ёсоор урьж, сургуультайгаа танилцуулж, жүжигчний мэргэжлээр суралцах урилга өгсөнд маш их баярласан. Тухайн үед миний мөрөөдөл биелсэн мэт санагдаж байлаа. Харамсалтай нь удалгүй урилгаа буцаасан.  

-Яагаад тэр вэ?

-“Сити” сургуулийн оюутнууд “Осоржамаа энэ сургуульд суралцах юм бол би суралцахгүй. Өнчин, ядуу хүн нь тэр биш” гэсэн яриа гаргасан юм билээ. Гэхдээ би М.Мөнхжаргал багшид ерөөсөө гомддоггүй. Харин ч намайг ядарч явахад нийтийн байр түрээслэн суулгаж, шорлогны тэрэг хийж өгсөн зэрэгт нь баярлаж явдаг. 

-“Сити” сургуульд суралцаж чадахгүй болсны дараа хэцүү байсан уу?

-Би гаднаа инээж, дотроо уйлж байсан. Өнчин, ядуу, танил талгүй хүн жүжигчин болох ёсгүй юм уу хэмээн бодож, уйлж хоносон шөнө надад олон байсан (Уйлав) ... Гэхдээ би мөрөөдлийнхөө төлөө чулуу шиг хатуу зүтгэсээр байгаа, зүтгэх ч болно.  

-Гэхдээ чи чадлаа шүү дээ. Сургуульд суралцаж чадаагүй ч кинонд тоглолоо?

-Харин тийм ээ. Кинонд тоглох боломж олгосон Ш.Батсуурь ахдаа маш их баярлалаа. Миний тоглосон анхны кино гэмт хэрэг, алаан зодоон, садар самуун, хүчирхийлэлгүй гэсэн. Бусдад инээмсэглэл бэлэглэсэн сайхан кино болсон гэдэгт би итгэж байна. Хүмүүс энэ киног үзээд эерэг энерги аваасай.

-Бүтээсэн дүрийнхээ тухай жаахан ярьж болох уу?

-Би киногоо үзээгүй байгаа болохоор сайн тайлбарлаж чадахгүй байна. Ямар ч байсан хүмүүсийг инээлгэхийн тулд бүжиглэх авьяасаа харуулсан. Хүн инээлгэнэ гэдэг чинь буян биз дээ. Та бүхэн киноноос үзээрэй.

-Киногоо гарахыг хэр их хүлээв?

-Зунаас хойш маш их хүлээсэн ч кино гарч өгөөгүй. Миний ойр дотныхон “Тэр хүмүүс чамайг хошгируулж, шоу хийсэн байна” гэж байсан. Харин би “Үгүй. Тэд тийм хүмүүс биш. Кино удахгүй гарна” гэж хэлдэг байлаа. Гэхдээ кино гарахгүй удах тусам өөрийгөө хошгирчихсон юм биш биз дээ гэж бодоод их уйлсан. Харин одоол киногоо үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Надад итгэхгүй байсан хүмүүс энэ киног үзээсэй.

- Ингэхэд өнгөрсөн намраас хойш яагаад сураг тасрав?

-Утсаа алдсанаасаа хойш фэйсбүүкт орж чадахгүй байгаа.

-Одоо хаана ажиллаж байна вэ. Шорлогоо зарж байна уу?

-Үгүй ээ. Өвөл болохоор шорлог зардаггүй. Би “Хархорин” зах дээр хогийн бараа зарж байгаа.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Хогийн пункерээс түүсэн зүйлийг хэлдэг юм. Хүмүүс намайг хог ухаж байгааг харсан л байх. Гэхдээ тэнд хэрэгтэй юм байдаг. Зарим зүйл 500, 1000 төгрөгийн үнэ хүрнэ. Би ямар аав ээжийнхээ мөнгөөр туйлж байгаа биш, өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах гэж зүтгэж яваа хүн шүү дээ.

-Таны амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

-Ерөөл бат оршиг.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна