"Нийслэлийн тэргүүний фермер"-үүд тодорлоо

2018/02/15
Улиран одож буй тахиа жилд хөдөлмөр зүтгэл, амжилтаараа манлайлсан зургаан хүнд өчигдөр НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх “Нийслэлийн тэргүүний фермер”, “Нийслэлийн тэргүүний тариаланч” шагналыг нь гардуулан өглөө. 
Энэ үеэр шагнал гардсан эрхэмүүдийн сэтгэгдлийг сонссоноо товч хүргэе.



"Нийслэлийн тэргүүний тариаланч" СХД-ийн 22 дугаар хорооны иргэн Я.Батбилэг

-Баярлалаа. Миний хичээл зүтгэлийг үнэлж, шагнасан нийслэлийн удирдлагууддаа маш их баярлаж байна.
Би 1987 онд ХААИС-ийг төгссөнөөсөө хойш эзэмшсэн мэргэжлээрээ өнөөдрийг  хүртэл ажиллаж ирлээ. Одоо хувиараа газар тариалангийн аж ахуй эрхэлж байна. 
Одоо өргөн хэрэглээний хүнсний ногоо болон 10 гаруй төрлийн нарийн ногоо тариалж байгаа. Цаашид бид усалгааны шинэ технологи, тоног төхөөрөмжүүдийг судалж байгаа. Мөн цаашдаа навчит нарийн ногоо тариалахыг зорьж байна. 

"Нийслэлийн тэргүүний фермер" СХД-ийн 32-р хорооны иргэн Ж.Чимэд-Очир:

Ажлыг маань үнэлэн урам өгч шагнасан Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Отгонсүх нартаа талархаж байгаагаа илэрхийлье.
 Миний хувьд энэ чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байна. Ажилдаа их дуртай болохоор надад хийж буй зүйл маань их сайхан байдаг. 


"Нийслэлийн тэргүүний фермер СХД-ийн 32-р хорооны гахайн аж ахуй эрхлэгч С.Түвшинтөгс:

Энэ бол миний анхны шагнал. Би энэ салбарт 12 жил ажиллаж байна. Миний ажлыг үнэлэн урам өгч шагнасан Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нартаа маш их баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Манай ферм 70 орчим гахайтай. Цаашид фермерээ илүү өргөжүүлэхээр төлөвлөж байна. 

"Нийслэлийн тэргүүний фермер СХД-ийн 21-р хорооны иргэн Ц.Дамдинсүрэн:

Энэ жил сар шинийн хаяанд "Нийслэлийн тэргүүний фермер" болсондоо баяртай байна. Хөдөлмөрийг минь үнэлсэн эрхэм хүмүүст баярлалаа. Би 1998 оноос хойш 20 гаруй жил фермерийн салбарт ажиллаж байна. Манайх 80-аад үхэртэй. Тодорхой хэдэн хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.

 "Нийслэлийн тэргүүний фермер", СХД-ийн 21-р хорооны иргэн Л.Доржсүрэн

⁃ Сэтгэгдэл маш өндөр байна. Намайг дэмжиж, 30 гаруй жилийн маань хөдөлмөрийг минь үнэлэн шагнасан Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нартаа маш их баярлалаа. Цаашид илүү хичээж ажиллах болно. Бид Нийслэлийн иргэдээ эрүүл хүнсээр хангахыг зорьж ажилладагтаа баяртай байдаг. Цаашдаа хэрэгжүүлэхээ төлөвлөж буй ажлуудаасаа хуваалцаач Фермерээ улам өргөжүүлж, үр хүүхэддээ өвлүүлэх маш том зорилт өмнөө тавьж байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх: Нийслэлээс хөдөлмөрч иргэдийгээ бүх түвшинд дэмжиж ажиллахаар зорилт тавьж байгаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонсүх “Жил бүр "Нийслэлийн иргэдийн хурал" болон "Засаг даргын тамгын газар"-аас "Нийслэлийн тэргүүний" хүнийг шалгаруулдаг. Миний сонгогдсон тойрог болох СХД 21, 32-р хорооноос таван хүн "Нийслэлийн шилдэг фермер" шалгарсан байгаа. Өнөөдөр буюу сар шинийн өмнөх өдөр шилдэгүүдийнхээ шагналын гардуулан өгч байгаадаа баяртай байна. Цаашдаа 21-р хороо нь нийслэлийн сүү сүү бүтээгдэхүүнийг голлон хангах бүс нутаг болон өргөжих юм. Иймд дараа дараагийн жилүүдэд илүү олон сайн малчин, шилдэг фермерүүд төрөх байх хэмээн итгэж байна. Нийслэлээс ч мөн эдгээр хөдөлмөрч иргэдийгээ бүх түвшинд дэмжиж ажиллахаар зорилт тавьж байгаа. 
Ирж буй нохой жилдээ нийт Монголын ард түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлэхийн ерөөлийг дэвшүүлье.













А.Буянгэрэл








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна