Багануураас салхилах бодит АЮУЛ

2018/03/12
Бидний санаанд оромгүй газраас ноцтой аюул заналхийлнэ гэж хэн санах билээ. Хамар дор орших Багануураас шинэ аюул гэтэж байна.

УЧИР ЮУН

БНХАУ-ын төрийн өмчит компаниуд Монгол Улсын нийт эрчим хүчний нийлүүлтийн болон суурьлагдсан хүчин чадлын 50 хувийг эзэмших, нийлүүлэх болж байгаа нь далд аюул, ноцтой хөнөөлийг даллаж байна. Засгийн газраас Багануурт Дулааны цахилгаан станц барих концессын шалгаруулалт явуулахад БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22-р товчоо”, “Пинггао групп”-ийн консорциум шалгарчээ. Ингээд барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд байгуулсан байна.

"Цөмийн энергийн барилгын 22-р товчоо" нь БНХАУ-ын Цөмийн энергийн инженер барилга угсралтын корпорацийн охин компани бол “Пинггао групп” нь Төрийн цахилгаан дамжуулах шугам сүлжээ компанид харъяалаг­ддаг аж. Аль аль нь БНХАУ-ын төрийн өмчлөлд (энд асуудал бий) байдаг.

УЧРАХ ХОХИРОЛ

Юуны өмнө төсөл хэрэгжүүлэгчдийн байгуулсан "Багануур холдинг лимитед” компани нь оффшор бүст (Хонгконг) бүртгүүлсэн, хувьцаа эзэмшигчид нь тодорхойгүй байна. Энэ нь оффшор бүс рүү хөрөнгө гарах, орлогоо татвараас зугтаалгах эрсдэлийг үүсгэж байгаа юм. Үүнээс гадна  Кон­цессийн гэрээнд эрчим хүчний тогтвортой байдлыг алдагдуулах, иргэдийн санхүүд хохирол учруулах, үндэсний аюулгүй байдлыг доголдуулахаар ноцтой заалтууд оржээ.

Концессийг 25 жилийн хугацаатай байгуулсан. ТЭЗҮ-ийн дагуу 350 мВт-ын хоёр блок бүхий 700 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар босгоно гэжээ. Эндээс асуудлууд ундарна.

Монгол Улсын үндсэн эрчим хүч түгээх систем, шугамын хүчин чадал нь 120-150 мВт-аар хийгдсэн байдаг. Гэтэл хятадуудын барьж байгаа станцын дамжуулах чадал 350 мВт байгаа нь тогтворгүй байдал үүсэх, систем нурах эрсдэлийг бий болгож байгааг цахилгааны мэргэжилтэй захын хүн хэлнэ. Түгээх сүлжээний чадлаас хоёр дахин их чадлаар Багануурын ДЦС-аас эрчим хүч нийлүүлэх нөхцөлд хэлбэлзэл үүсч, систем бүхлээрээ нурах ч аюул бий. Хоёр эгнээ замаар дөрвөн эгнээ машины цувааг нэвтрүүлэх гэвэл ямар хүндрэл үүсэх вэ гэдгээр үүнийг зүйрлэж, төсөөлж болно.

Дэлхийн жишгээр Дулааны цахилгаан станц барих өртөг дунджаар 1мВт нь нэг сая ам.доллар байдаг. Үүгээр бол Багануурын ДЦС-ын өртөг 700 мВт =700 сая доллар байх ёстой. Гэтэл 1.2 тэрбум ам.доллар буюу бараг хоёр дахин үнэтэй төсөвлөгдсөн нь асар их хардалт дагуулж байна. Зөрүү мөнгө хаачих гээд байна вэ?

Цахилгааны үнэ, нийлүүлэх нөхцөл маш их асуудалтай байна. Тэдний байгуулсан Цахилгаан Худалдах, Худалдан авах гэрээг харвал Монголын эрчим хүч дамжуулах систем жил бүр хамгийн багадаа 4.2 тэрбум кВт.ц эрчим хүчийг тохирсон тарифаар бодон худалдах авах үүрэгтэй ба хэрэв энэ хэмжээнд хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүрэг хүлэээсэн байна. Гэтэл Монгол Улсад ийм хэмжээний хэрэглээ байхгүй. Хоосон мөнгө төлж, алдагдал хүлээн тэрийгээ хэрэглэгчдийн цахилгааны төлбөр дээр нэмэх байдал шууд үүссэн. Багануурын ДЦС–аас нийлүүлэх эрчим хүч нь Монгол Улсын хэрэглээний 60-70 хувийг эзэлж, үүнийг зах зээл нь шингээж чадахгүйд хүрэх учир ДЦС4, ДЦС3, ДЦС2 станцын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж, улмаар хаахад хүргэхээр байна. Энэ нь маш олон хүн (3000) шууд ажилгүй болно гэсэн үг.

Олон улсын жишгээр цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг тооцоолохдоо дараах дөрвөн бүрэлдэхүүн хэсгийг тооцсон байх ёстой.

-Тогтмол зардал
-Хувьсах зардал
-Санхүүгийн буюу хөрөнгө оруулалтын зардал
-Нүүрсний зардал


Гэтэл Багануурын цахилгаан станцын гэрээнд тусгасан үнэд нүүрсний зардал шингээгүй, харин бусад зардлууд нь Монгол Улсын хэрэглэгчийн үнийн индекс (CPI), Хятад улсын үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI)–ийн өөрчлөлтөөс хамааран жил бүр тохируулга хийн нэмэгдэж байх томьёололоор бодогдно гэж заажээ. Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд Монгол Улсын Засгийн газар Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 1 кВт–ыг нь хамгийн багадаа есөн центээр (225 төгрөг) үг дуугүй худалдаж авах заалт байна.

Харьцуулахад ОХУ-аас импортоор авч байгаа 1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ 2010 онд 60.06 төгрөг, 2013 оноос хойш 81.8 төгрөг байгаа ажээ. Дотооддоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг импортын цахилгаанаас бараг гурав дахин өндөр үнээр худалдаж авахын утга учир юунд байх вэ.

Олон улсын жишгээр нүүрсний зардлыг оруулж тооцвол Багануурын ДЦС-ын гаргах цахилгааны хэрэглэгчдэд очих үнэ 250 төгрөгөөс дээш болохоор байгаа юм. Одоо бол нүүрсний үнийг оруулалгүй, үнийг маш  их дарж мэдээлж байна.

“Дөргөний УЦС” баруун бүсийн хэрэглэгчдэд 1 кВт цахилгаан эрчим хүчийг 32.11 төгрөгөөр худалддаг. Үүнийг Багануурын ДЦС–ын 250 төгрөгтэй харьцуулбал урьд хожид дуулдаагүй өндөр үнэтэй цахилгаан болчихоод байгаа юм.

 БУСАД ЭРСДЭЛҮҮД

Монголын эрчим хүчний системд байгаа хамгийн том блок IV ДЦС–д байгаа нь 120 мВт. Мөн ОХУ–аас цахилгаан импортлох боломжит дээд чадал 210 мВт байдаг. Гэтэл Багануурын цахилгаан станцын нэгж блокын чадал нь 350 мВт байхаар төлөвлөгдсөн нь эрсдэлүүд дагуулж байна.

Хэрэв Монголын эрчим хүч нийлүүлэлтийн 50 хувийг (700 мВт) хан­гах болсон хойноо Бага­нуур ЦС–ын нэг блокод түр зогсолт эсвэл аваарын байдал үүсэхэд тэдний гаргаж байсан чадлыг богино хугацаанд орлуулан, хэвийн нөхцөлийг ханган ажиллах боломж Монголын эрчим хүчний сис­темд алга. Энэ нь аюулгүй байдал, тогтвортой бай­далд том эрсдэл учруулна.

Үндэсний аюулгүй байдалд учруулж буй гол эрсдэл нь Хятадын төрийн өмчит компани эрчим хүчний системд 25 жилийн турш ноёлох гэж байгаа явдал юм. БНХАУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаад улсад байгаа өөрийн хөрөнгө оруулалт, өмчийг цэрэг, зэвсгийн хүчээр хамгаалах тухай заалт бий. Тэгэхээр Монгол Улсын зүрхэнд, эрчим хүчний системийн 50 хувийг эзэлсэн хятадын хөрөнгө оруулалт 25 жилийн турш байх нь эрсдэл мөн. Цахилгааны төлбөр жаахан саатах үед л аян шалтаг гаргаж болно.

Нөгөө талаар энэ төсөл нь мега төсөл гэх ангилалд багтаж байгаа учир аюул эрсдэлээр дүүрэн, бүтэхгүй байх магадлал ихтэй ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан: “Хөрөнгө оруулалт нь  тэрбумаас их бол Мегатөсөл гэж хэлдэг. Тэрбум доллараас дээш хөрөнгө оруулалттай мега төслүүдийн гуравны хоёр нь унаж, нэг нь л бүтдэг. Бид том төсөл мөрөөдөж болно. Гэхдээ ихэнх нь унадаг, нурдаг гэдгийг мартаж болохгүй. Мега төсөл одоохондоо санхүүгийн баялгийг бүтээхээсээ илүүтэй баялгийг  устгагч болж байна хэмээн удаа дараа анхааруулсаар байгааг анзаарахгүй орхиж болохгүй” хэмээн ярьжээ.

Дэлхий даяар мега төслүүд эрсдэл дагуулж буй. Том төслүүдийн эрсдэл нь нийт эдийн засгаа чирч эрсдэлд оруулах аюултай байдаг. Том төслүүдийн 85 хувь нь анх төлөвлөсөн хугацаа болон төсвөөсөө хэтэрдэг, мөн 1/3 нь л амжилтад хүрдэг гэсэн судалгаа (McKinsey, 2016) бий. Монголбанкны шинжээчид ч мега төслийг амжилттай хэрэгжүүлэх магадлал манайд маш бага гэж дүгнэсэн байдаг.

Багануурын ДЦС төсөлд учирч буй дараагийн нэг эрсдэл нь нүүрсний хангамж, Том ордын дэргэд байгаа юм чинь гэж тайвшрах хүн байгаа бол дараах асуудалд анхаарахыг хүсье.

Стратегийн ангилалд орсон Багануурын ордын нөөцтэй талбайн 60 гаруй хувийг (530 сая тонн) нэг хувийн компани эзэмших болж, Багануурын уурхайтай шүүхдэлцсээр 12 жил болж байна. Та бидний сайн танил "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авагч өнөөх Цоожийн Пүрэвтүвшин энэ компанийн захирал юм. Тэрээр “Алтайн гянт” компани цор ганц хувьцаа эзэмшигч. Энэ хүн "Эрдэнэт"-ийн 49 хувийг гартаа оруулсан шигээ тодорхойгүй байдлаар Багануурын уурхайн нөөцийн 60 хувийг эзэмших болсноор Багануур ДЦС-ын нүүрсний хангалт найд­варгүй байдалд орчихоод байгааг огт ярихгүй байна. “Багануур” компанийн зүгээс гаргасан гомдлын дагуу 2012 оны 10 сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хууль бус тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ. “Алтайн гянт” компани шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа өнгөрснөөс гурван жилийн дараа 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Гэсэн ч “Алтайн гянт” компани хөөцөлдсөөр байгаад нэхэмжлэл гаргах эрхээ 2016 онд сэргээлгэжээ. Одоо тэд Багануурын үндсэн нөөцийг эзэмших эрхтэй болж байгаа нь ДЦС-ын нүүрсний хан­гамж, үнэд хүндрэл үүсэх урьдач нөхцөл болж байна.

Багануурын ДЦС-ын төсөл нь анхнаасаа маш эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон, Ч.Сайханбилэг, М.Сономпил, Д.Эрдэнэбат, Д.Зоригт гээд улстөрчид маш их дэмжиж, хүчээр зүтгүүлсэн төсөл юм. Эд нараас сайд асан М.Сономпилийг АТГ шалгаж байгаа бөгөөд гадуур тархсан мэдээллээр бол Хятадын компаниас их хэмжээний авлига авч, 16 давхар зочид буудлын барилга бариулсан, барилга дээр нь хятад компанийн ажилчид ажиллаж байсан нь тогтоогдсон гэж байгаа.

Зарим эх сурвалжийн баттай бус мэдээллээр Багануурын ДЦС-ын концесст ялсан Хятадын компани 60 сая орчим ам.долларыг “тендерт ялахын тулд зарцуулсан” гэх яриа байгааг холбогдох хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгаж үзэх ёстой. Станц барих үнэ өндөр байгаа, хожим цахилгаан нийлүүлэх нөхцөл, үнэ тариф ч Монголын эрх ашигт нийцэхгүй байгаа, дээр нь нүүрсний хангамж нь маргаантай, тодорхойгүй төлөвт орчихсон, аюулгүй байдлын болон тогтвортой байдлын шаардлага хангахгүй ийм төсөл бидэнд огт хэрэггүй.

Эрчим хүчний яамны одоогийн удирдлага, эрчим хүчний системийн удирдах ажилтнууд ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төслийг эртхэн зогсоох, Монгол Улсын техникийн боломж шаардлагад нийцсэн төслүүдийг илүүтэй дэмжих ёстой болоод байна. Та бүхэн үүргээ эс биелүүлбэл хожмын өдөр буух хариуцлага чанга байх болно гэдгийг сана.

Багануурын ДЦС төсөл нь үндэсний эрх ашигт нийцэхгүй, дутуу боловсруулсан, эсвэл санаатайгаар эрсдэл учруулахаар байгааг Засгийн газар, холбогдох яамд, АТГ, тагнуулын байгууллага нь анхааралдаа авах шаардлагатай байна.

Ч.Мөнхбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна