Г.Уянга: Цаазын ялыг тодорхой гэмт хэргүүд дээр хэрэглэхээр зүйлчилж байгаа

2018/04/02
Бага насны хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт цаазын ял оноох тухай нэмэлтийг Эрүүгийн хуульд оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилж, энэ сард эхлэх УИХ-ын Хаврын чуулганд өргөн барихаар болсон юм.

Энэ асуудалтай холбогдуулан өнөөдөр Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга, Хуулийн бодлогын орон тооны бус зөвлөх Р.Булгамаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИРГЭНИЙ НИЙГЭМ, ХҮНИЙ ЭРХИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Г.УЯНГА:

Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг газар авч байгаатай холбогдуулан олон нийтийн шаардлага, эсэргүүцэл маш өндөр байна. Зөвхөн өнгөрсөн оны статистик мэдээллийг дурдахад, 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэд өртсөн байна. 1 нас 4 сартай, 1 нас 8 сартай хүүхэд хүчирхийлэлд өртсөн зэрэг сэтгэл сэртхийлгэм, аймшигт хэргүүд нийгмийг цочроож байна. Тиймээс иргэд дорвитой арга хэмжээ авахыг төр, засгаас шаардаж байна.

Өмнө нь буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн яам руу албан бичиг явуулж, үүндээ бага насны хүүхдийг хүчирхийлэх, энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялын асуудлаар байр, сууриа илэрхийлж саналаа явуулсан байдаг. Нийгмийг сэртхийлгэсэн, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргүүд газар авч байгаа тул хууль санаачлах эрхийнхээ хүрээнд асуудлыг судалж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд гэмт хэрэгтэнд цаазаар авах ял оноох хуулийн төслийг УИХ-д оруулж, батлуул гэдэг саналыг Засгийн газарт өгсөн. Гэвч, Хууль зүй, дотоод хэргийн яам Ерөнхийлөгчийн саналд албан ёсоор ямар нэг хариу ирүүлээгүй байна. Харин өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс олж харсан. Дүгнэлтээр цаазын ялыг сэргээх боломжгүй гэсэн юм шиг байна.

Монгол Улс 2010 оноос өмнө Эрүүгийн хуульдаа цаазаар авах ялыг зургаан төрлийн гэмт хэрэгт хэрэглэдэг байсан байна. 2010 оны нэгдүгээр сарын 14-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, “Монгол Улс цаазын ялыг гүйцэтгэхгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийж, Монгол Улс “Иргэний болон улс төрийн эрхийн тухай” олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт II Протоколд нэгдэн орсны улмаас энэ төрлийн ялыг хэрэглэхгүй байхаар зарласан.

Гэвч, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “…онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;” гэж заасан байгаа. Мөн Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулчихвал, олон улсын гэрээг Үндсэн хуульд заасанчлан дагаж, мөрдөхгүй байх боломжтой болох юм.

Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн гэмт хэргүүдэд хэрэглэх саналыг оруулах гэж байна. Өнөөдрөөс эхлээд санал асуулга явагдана.

Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хуулийн төслүүдэд олон нийтийн саналыг нэг сарын турш авч байхаар заасан. Олон нийтийг энэ санал асуулгад идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙН БОДЛОГЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨХ Р.БУЛГАМАА:

Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд нийгмийн аливаа тулгамдсан асуудлын хүрээнд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж байдаг. Ялангуяа, бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэх, амь насыг нь хороох гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас гадна энэ үйлдэл маш их харгис болж байна.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус шинжтэй хэдий ч бид бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, амьд явах эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Тэдгээр хүүхдүүдэд ч гэсэн Хүний эрхийн тухай ойлголт зүй ёсоор хамаарах ёстой. Тийм учраас хүчиндэх гэмт хэргийн санкцыг чангатгах, бүх насаар нь хорих арга хэмжээг хуульд нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэмж тусгуулах нь зөв гэдэг саналыг тавьж байгаа.

Гэхдээ цаазын ялыг сэргээхдээ зөвхөн нэг төрлөөр буюу монгол хүний зан заншил, ёс суртахуунд нийцэмгүй жигшүүрт үйлдэл гаргаж байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэж, амь насыг нь хороож байгаа үйлдэлд нь хууль зүйн хариуцлагыг нь чангатгах үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа.

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“SBN” телевиз Д.Мягмартогтох: Монгол Улс цаазын ялгүй оронд тооцогдож байна. Энэ асуудлаа олон улсад зарласан бөгөөд аливаа тусламж дэмжлэг авахад энэ статус шалгуур болдог. Хоёрдугаарт, цаазын ялыг буцаах боломжгүй байдаг. Хэн нэгнийг гүтгээд цаазаар авах вий гэх болгоомжлол мөн нийгэмд байна. Эдгээр эрсдэлийг хэрхэн тооцож байгаа вэ?

–Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга: Цаазын ялыг тодорхой гэмт хэргүүд дээр хэрэглэхээр зүйлчилж байгаа. Бага насны хүүхэд хүчирхийлсэн болон амь насыг нь хохироосон гэдэг бол тодорхой баримттайгаар нотлогдох хэрэг. Түүнээс улс төрийн хэрэгтэнд энэ ялыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, цаазын ялгүй гэсэн статусаас хамаарч зээл, тусламж олгодог, цаазын ялыг сэргээвэл олон улсын байгууллагууд зээл, тусламж өгөхөө зогсооно гэсэн тодорхой баримт надад алга. Энэ талаар би мэдэхгүй байна. Гэхдээ зээл, тусламж нь монголчуудын амьдралыг шийдэх үндсэн асуудал биш. Бид эх орондоо айдасгүй, аюулгүй амьдрах нь чухал. Зээл, тусламжийн асуудлыг бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хөнөөх асуудалтай шууд холбож ойлгож болохгүй байх.

-“ЕTV” телевиз Д.Алтанхүү: Парламент хуулийн төслийг дэмжихгүй бол  дараагийн алхам юу байх вэ. Хоёрдугаарт, цаазын ялтай байлаа гээд энэ төрлийн гэмт хэрэг буурах суудалгаа байгаа юу?

–Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга: Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа оруулж, түүнийг нь УИХ-ын олонх дэмжвэл батлагдана. Ерөнхийлөгч арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн яам руу явуулсан бичигтээ хэд, хэдэн хувилбаруудыг судалж, УИХ-д оруулах санал хүргүүлсэн. Ийм олноороо бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж, амь нас нь хохирч байгаа үйлдлийг зүгээр хараад сууж болохгүй, ямар нэгэн шийдэл гарц хэрэгтэй гэж үзсэн хэрэг. Харамсалтай нь, дөрвөн сарын хугацаанд Засгийн газраас ямар нэг арга хэмжээ авсангүй. Ер нь бол бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа, тэр нь улам олширч байгаа асуудлыг шийдэх, бууруулах нь төрийн үүрэг мөн. Ерөнхийлөгчийн саналд цаазаар авах ялыг хэрэглэх, эсвэл Европын зарим оронд хэрэглэдэг шиг хөнгөлөх ялыг хэрэглэж болох юм гэдэг хэд, хэдэн хувилбар тусгагдсан.

Өмнө нь Монгол Улс цаазаар авах ялыг хоёр удаа халж байсан. Харамсалтай аль, аль тохиолдолд нь цаазын ялыг сэргээн хэрэглэхээс өөр аргагүй болж байсан байна. Жишээ нь, 1953 оны наймдугаар сарын 5-нд Ардын Их хурал “Алах ялыг өөрчлөх тухай” 96-р зарлиг гаргаж, энх тайван цагт алах ялыг хойшид хэрэглэхгүй гэж үзсэн ч эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, онц хүнд, ноцтой, харгис гэмт хэрэг нэмэгдсэн байна. Ингээд ердөө 10  сарын дараа буюу 1954 оны зургадугаар сарын 9-ний өдөр Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 67-р зарлигаар Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай егүүтгэсэн гэмт хэрэгт буудан алах ял хэрэглэж байхаар тогтон, цаазын ялыг сэргээж байсан байна. Ер нь бол эрүүгийн нөхцөл байдал эрс хүндэрсэн ийм үед, тэр тусмаа бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тоо нэмэгдэж тул төр гарцаагүй арга хэмжээ авах ёстой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна