Түр зуурын тэвчээр түгжрэлээс гарах боломж олгоно

2018/04/03
Нийслэлчүүдэд гол хэдэн бэрхшээл бий. Хүйтний улиралд утаа униар, дулаан цагт цэвэрлэх байгууламжийн үнэр танар, жилийн ихэнхэд авто замын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ дутмаг гээд цааш үргэлжилнэ. Гэвч нийслэл хотынхон энэ бүхнээс бүтээн байгуулалтын замаар алхам алхмаар салж буй. Эдгээрээс авто замын түгжрэлээс богино хугацаанд салах томооохон ажлуудыг ойрын хоёр жилийн хугацаанд өрнүүлэх гэж байгааг онцолж байна.

Хатуухан хэлбэл Монголд өнөөг хүртэл нийгэм нь төрийн төлөө үйлчилж ирснээс биш хүний төлөө үйлчилж байсангүй. Гаднын оронд очихоороо л хүний төлөө үйлчилдэг нийгэм байдгийг мэдэрч шогшрохоос хэтэрдэггүй. Тэгвэл цаанадаа хоёр жил орчмын дараа Улаанбаатар хот дэлхийн бусад нийслэл хотоос дутахааргүй орчин үеийн стандарт хангасан хэд хэдэн гүүр, гүүрэн гарц, Монголд анх удаа давхар авто замтай болох гэж байна. Энэ хүрээнд 2018 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл хэрэгжүүлнэ. Мөн ойрын үед нийслэлийн хэмжээнд 5 эх үүсвэрээс 63 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Үүнээс 2018 онд 435 км авто зам, 8050 м урт гүүрийн барилгын ажлыг хийх юм.

Авто замын бөглөрөл, түгжрэл дунд хэзээ ч эргэж нөхөгдөхгүй цагаа үрж, уур уцаар, бухимдлаар биеэ зовоож, ажил, хичээлээсээ хоцорч, түүгээр үл барам гал, усны гамшиг, хүний амь настай холбоотой эгзэгтэй үед яаралтай тусламж цагтаа очиж чадалгүй осол эндэлд хүрэх ийм нөхцөл байдлыг цаашид удаан үргэлжлүүлэхгүйн тулд нийслэл хотод Баянзүрх, Сонсголон, Яармагийн гүүрийг орчин үеийн шинэ стандартаар шинэчлэн барих, Замын цагдаагийн уулзварыг гүүрэн гарцтай болгох их ажил эхлүүлсний зэрэгцээ, Улаанбаатар хотыг Налайх-Чойрын авто замтай холбох ажлыг нэн түрүүнд гүйцэтгэхээр боллоо. Зам, гүүрийн бүтээн байгуулалт өрнүүлэхэд эрхээ илүүтэй ярьдаг нийслэлчүүдийн хувьд хүлээх үүрэг гэж бий. Тиймээс хотын захиргаанаас дөрөвдүгээр сарын 15-наас авто машины дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа болгох талаар иргэдээс санал асуулга явуулж байна.

Нийслэлд өнөөдөр 600 мянган авто машин хөдөлгөөнд оролцож буй. Хоёр хүн тутмын нэг нь машинтай гэсэн үг. Жил бүр Улаанбаатарт 40 мянган авто машин нэмэгддэг гэсэн тооцоо бий. Замын цагдаагийн уулзварыг 440 гаруй метр урт гүүрэн гарцтай болгох бүтээн байгуулалтын хүрээнд л гэхэд дан ганц энэ ажлын зэрэгцээ нэвтрэх чадварыг сайжруулах үүднээс 7 түр зам барина. Барилгын ажлын зэрэгцээ Ус сувгийн удирдах газраас 13 төрлийн ажил хийх гэж буйн дотор 3,5 км урт цэвэр усны шугам барих аж. Энд авто замаас гадна төмөр зам нэвтрэн өнгөрдөг учраас машины дугаарын хязгаарлалт хийхгүйгээр барилгын ажил явуулах боломжгүй. Замын цагдаагийн өмнөх уулзвараар цагт 2500, өдөртөө 25 мянган авто машин нэвтэрч өнгөрдөг гэсэн судалгаа бий. Энэ их хөл хөдөлгөөнтэй зэрэгцэн зам, барилгын ажил хийх боломжгүй юм.

Зөвхөн энд ч биш, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд бүтээн байгуулалтын ажил хийж 17-20 хоногоор авто замыг хэсэгчлэн хаах шаардлага үүсчээ.Мөн инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажлын хамгийн онцлог нь Монголд анх удаа давхар замтай болох гэж байгаа явдал юм. Монголчууд “Зовлонгийн түргэн, жаргалын удаан” гэдэг. Хэсэгхэн хугацаанд дугаарын энэхүү хязгаарлалтыг мөрдөөд дулаан цагт бүтээн байгуулалтаа амжуулж шинэ гүүр, замаа ашиглалтад оруулахын төлөө нийслэлчүүд сэтгэл нэгдэх нь дамжиггүй. Баянзүрх, Яармаг, Сонсголонгийн гүүрүүд орчин үеийн шинэ стандартад нийцсэн найман урсгалтай, дугуйн зам, явган хүний замтай болно гэдгийг дээр хэлсэн. Дугуйгаар явах сонирхолтой залуус олон байдаг ч тэд нэг бол авто замаар машинтай сүлжилдэн давхиж, эсвэл явган хүнтэй шахцалдан явахаас аргагүй болдог байдал үүгээр эцэслэж, өөрийн гэсэн замаар аюул эрсдэлгүй зорчдог болно.

Яармагийн гүүрийг гэхэд өргөтгөл, шинэтгэл хийгээд 2019 онд ашиглалтад өгөх учиртай. Нарны гүүр зэргийг барихад ингэж дугаар хязгаарлаагүй, их мөнгө зарцуулаагүй гэсэн яриа гарах болов. Гэвч Нарны гүүрийг барьж байсан 2009-2012 оны хооронд Улаанбаатарын авто машины тоо өнөөгийнхөөс цөөн байв. Бас нийслэлийн баруун талд өнөөдрийнх шиг орон сууцны хорооллууд хараахан баригдаагүй байсан юм. Үнийн хувьд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийсэн бөгөөд тухайн үед нэг ам.доллартай харьцах монгол төгрөгийн ханш 1428 төгрөг байхад 262 м урт уг гүүрийг 36 сая ам.доллараар гүйцэтгэсэн байдгийг албаны эх сурвалж нотлон мэдээлэл хийлээ.

Тэгвэл нэг ам.доллартай харьцах монгол төгрөгийн ханш 2500 төгрөг байгаа өнөө үед Яармагийн гүүрийг 50 сая ам.доллараар барих гэж буй нь харин ч хямд өртөг юм. Гэтэл сайн юманд садаа мундахгүйн үлгэрээр сошиал ертөнцөөр бүтээн байгуулалтын талаар сөрөг агуулгатай мэдээлэл цацагдаж эхэллээ. Төрийн хариуцлагатай өндөр албан тушаалтны нэг болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сошиал орчинд “Гудамж төслийнхөн дөрвөн сая ам.доллараар нүхэн гарц барих байсан. Гэтэл 47 сая ам.доллараар гүүрэн гарц барих гэлээ. Түгжрэлийг бууруулахад аль аль нь ялгаагүй” хэмээн жиргэжээ. Мөн Дунд голыг хааж гүүр барих гэж буй мэт ямар ч баримт, ТЭЗҮ-гүй зураг сэлт олон нийтийн сүлжээгээр явах болов. Эндээс харахад З.Энхболд дарга социализмын үеийн ямар нэг зам, гүүрийн ажлын үнэ өртөгтэй өнөөдрийн бүтээн байгуулалтыг андуурсан бололтой. Нийслэл хотод өмнө нь хэзээ ч байгаагүй олон урсгалтай давхар зам, гүүрүүд байгуулах гэж байхад төрийн өндөр албан тушаалтан ийнхүү мэдэн будилах нь зохимжгүй юм. Гудамж төслийн хүрээнд гүүр бариагүй.

Хэрэг дээрээ авто замын уулзварын нэвтрэх чадварыг сайжруулахад Саппорагийн уулзварт л гэхэд 2,5 тэрбум буюу тухайн үеийн ханшаар 1,5 сая ам.доллар зарцуулсан байдаг. Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зарцуулж хот, хөдөөгийн 99 уулзвар, авто зам шинэчилсэн гэхээр нэг уулзварт хоёр орчим сая ам.доллар зарцуулсан байна. Ийм нөхцөлд яаж дөрөн сая.ам доллараар гүүр барих вэ? Дугаарын хязгаарлалт хийнэ гээд иргэдээ зөнд нь орхихыг нийслэлийн удирдлагууд хүсэхгүй байна. Өдгөө дугаарын хязгаарлалт хийхдээ нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, замын нэгдүгээр эгнээгээр илүү шуурхай нэвтрүүлэхээс гадна хөл хөдөлгөөн ихтэй Нарантуул, Бөмбөгөр, Хархорин зэрэг захуудыг баасан гарагт амруулж, ажиллах цагт нь өөрчлөлт оруулж, долоо хоногийн сүүлийн өдрүүдэд иргэдэд ая тухтай амрах боломж олгохоор холбогдох байгууллагууд ажиллаж эхэллээ.

Замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд хүнс, бараа татах, барилгын материал зөөх ажлыг шөнийн цагаар гүйцэтгэдэг болох ажээ. Иргэд дугаарын хязгаарлалтыг буруу хэмээн эргэлзэж байгаа бол эерэг талууд бас бий. Дугаарын хязгаарлалтад багтаагүй захын тойруу замуудаар зорчиж болно. Нийтийн тээврийн хэрэгслийг сонгох боломжтой. Зуны цагт сургууль, цэцэрлэг амарч, оюутнууд орон нутгаа зорихын үед нийтийн тээврийн үйлчилгээ илт хөнгөрч, бэрхшээл арилдаг. Бас эрүүл мэндээ дэмжих хөрөнгө оруулалт болгон өөрт ашигтайгаар эргүүлж болох юм. Гэртээ гүйлтийн зам дээр гүйж, эсвэл фитнесс төвүүдэд мөнгө заран хичээллэхийн оронд гурав дөрвөн буудал газар явган алхах нь жингээ хасч, булчин шөрмөсөө чангалах үнэгүй дасгал болох жишээтэй.

Зуны дэлгэр цагт хотоос гадна зусландаа тухалж, гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, амарч сувилуулах боломж ч байна. 2016 оны зун нийслэлчүүд нийтээрээ АСЕМ-ийн үеэр ямар дэг журамтай, хот хөл хөдөлгөөн багатай байсан билээ. Түүн шиг бөглөрөл түгжрэлээсээ салахын тулд яагаад хэсэгхэн хугацаанд тэвчиж болохгүй гэж. Москваг ганц өдрийн дотор бариагүй гэдэг үг бий. Нийслэл хүрээний бууринаас орчин цагийн Улаанбаатар хот хэрхэн өнөөгийн дүр төрхөө олон сүндэрлэсэн түүх ч урт. Өнөөгийн Улаанбаатар хот нь тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ, Унгар, Чех, Болгар, Румын, Ардчилсан Герман гээд олон орны мэргэжилтэн, барилгачдын хичээл, зүтгэл, гараар босч өндийсөн түүхтэй. Тэдэнтэй мэдээж монгол барилгачид ч мөр зэрэгцэн ажилласан. 1950-иад оноос 1960-аад оны эхэн хүртэл, өөрөөр хэлбэл Хятадад соёлын хувьсгал гарахаас өмнө Монгол-Хятадын харилцаа хамгийн сайн үедээ байж, 1958 онд 22,5 сая шилжих рублийн зээл, 1960 онд 45 сая шилжих рублийн зээлийг Хятадын талаас Монголд өгч, үүгээр хятад барилгачид Энхтайваны гүүр, Яармагийн гүүр, Спортын төв ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн болон 120 мянгат зэрэг 50 мянган ам.метр талбай бүхий орон сууц, Шувуун фабрик, хөдөө орон нутагт хэд хэдэн төмөр бетон гүүр, Налайх хүртэлх авто зам зэргийг барьжээ. Эдгээрээс дээрх зам, гүүрүүдэд 60 жилийн хугацаанд өнгө засал төдийгөөс өөр дорвитой засвар хийлгүй бүтэн жарны ачаа эргэлтийг тээж өнгөрүүлээд байна. Эндээс ямар чанар чансаатай барьсныг харж болно.

Өдгөө ч БНХАУ-ын тал хөнгөлөлттэй зээлээр Яармаг, Сонсголон, Баянзүрхийн гүүрүүдийн ажлыг барилгачдынхаа хүчээр гүйцэтгүүлэхээр болжээ. Ингэхдээ туслан гүйцэтгэх ажилд Монголын 21 компани ажиллаж, гүйцэтгэлийн ажлын 70 хувийг Монголын, 30 хувийг Хятадын тал хариуцахаар болов. Монгол барилгачид эндээс давхар зам барих ажилд дадлагажихаас гадна барилгын болон бусад хэрэгцээтэй материалыг Монголоос авч, хөрөнгө мөнгийг Монголдоо үлдээх нөхцөл тавиад байна. Хятадын тал өгсөн зээлдээ эзэн нь байж, өөрсдийн гараар чанартай авто зам, гүүр барьж үлдээснийг нэгэн жарны өмнө харуулсан. Өнөөдөр ч бид түүнд итгэх учиртай. Засгийн газрын түвшинд хийгдсэн гэрээ, хэлэлцээрээс буцаж, хөрөнгө оруулагчдаас нүүр буруулах учиргүй юм. Улаанбаатарыг Налайх-Чойрын авто замтай холбох зам нь Монгол орны босоо тэнхлэгийн гол трасс, Алтанбулаг-Замын –Үүдийг холбосон замын нэг хэсэг юм. Харамсалтай нь газар чөлөөлөх ажилд саад учирснаас барилгын ажил удаашрахад хүрчээ. Гэтэл 2020 он хүрвэл Хятадын тал энэ замд өгөх зээлээ цуцална гэсэн байна.

Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж гаргав гэгчээр ийм байдлаар хойрго хандаж болохгүй. 1960-аад оны эхээр нийслэлд 40, 50 мянгатын орон сууцыг барьж эхлэхэд айлууд газраа чөлөөлөхгүй хэмээн хэрхэн зөрүүдэлж байсныг “Аман хуур” кинонд хошин аясаар харуулсан байдаг. Гэхдээ л тэд газраа өгч, удалгүй шинэ сууцанд орж башийдаг шүү дээ. Одоо бол шинэ зуун. Бүтэн жарны өмнөх шиг газраа хав даран мугуйдалж таарахгүй. Иргэдэд тэвчээр байвал их удалгүй найман урсгалтай, явган хүний болон дугуйн замтай цэлгэр сайхан давхар замаар сүнгэнэдэг цаг ирэх нь. Үүнийг улаанбаатарчууд сайн мэдэж байгаа. Бүтээн байгуулалтад хувь нэмрээ өөр өөрийнхөөрөө оруулж байгаа, оруулах нийслэлийн иргэддээ баярлалаа.

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна