СЗХ-ны дарга С.Даваасүрэнг хууль бусаар тогтоол зассан, төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан асуудлаар шалгаж байна

2018/04/04
УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ өдрүүдэлд Санхүүгийн Зохицуулах Хороонд шалгалт хийж байна.  Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Лу.Болд, Б.Ундармаа нар ахалж, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөхүүдтэй хамтран шалгаж байгаа юм.

Ажлын хэсэг Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэнтэй холбогдуулан Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Даатгалын хохиррол үнэлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн оролцогчдын УИХ-д ирүүлсэн гомдлын мөрөөр шалгалт хийж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.  

Шалгалтыг сүүлийн 2 жилийн хугацаанд банкнаас бусад санхүүгийн чиглэлээр СЗХ-оос гаргасан бодлого, шийдвэрүүд, тэдгээр нь салбарын мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг хүнд суртлаар боймлох нөхцөл байдлыг бий болгосон эсэхийг судлан дүгнэлт хийх аж.

Тодруулбал, дараах таван асуудлуудаар шалгаж эхэлсэн бололтой.

1.С.Даваасүрэн мэргэшсэн 58 хүнийг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн үү?

С.Даваасүрэн ажлаа авсанаас хойш 2016-2017 онд мэргэшсэн 58 хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн зохицуулах хорооны нийт ажилтнуудын тал нь буюу 50 орчим хувь нь гудамжинд гарсан гэсэн үг юм.

Мөн орон тоог өнгөн дээрээ цөөлсөн мэт харагдавч бүтцийг улам нүсэр болгож, данхайлгасан гэдгийг эх сурвалжууд дараах баримтуудаар нотолж байгаа юм. Тодруулбал, өмнө нь дэд дарга 2, ажлыэ албаны дарга 1, газрын дарга 7, хэлтсийн дарга 17 нийт 24 удирдах ажилтан байсныг газрын орлогч дарга 4, ахлах референт 16-г нэмж нийт 33 удирдах ажилтантай болсон аж.
  • СЗХ нь 7 гишүүнтэй, бүгд УИХ-аас томилогддог бөгөөд СЗХ нь хамтын удирдлагатай байгууллага. Гэвч бүтцүүдийг харьцуулж харвал 2016 оны бүтцэд СЗХ-ны дарга дангаар удирдаж байгаа мэт харагдахаар байгаа юм.
  • Ахлах реферэнт гэдэг албан тушаалаар хэлтсийн даргын үүргийг гүйцэтгүүлэн халхавчилж, угтаа бол дарга нарын тоог бууруулах бус харин ч нэмсэнийн доорх баримтаас харах боломжтой.
  • “СЗХ-ны ажлын албаны бүтэц, орон тоо, нэгжүүдийн чиг үүргийг шинэчлэн батлах тухай 261 дүгээр тогтоол”- оор зөвхөн Хяналт шалгалтын газар нэг орлогч даргатай байхаар тусгасан боловч  үнэт цаас, ББСБ-ын  газарт хоёр орлогч даргыг нэмж авсан байдаг.
  • Үнэт цаасны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвасүрэн нь төрийн албаны шалгалтанд унасан боловч ажилласаар байгаа аж.
  • СЗХ-ны бүтцийг өөрчлөхдөө төрийн албан хаагчдын зэрэг дэвийг дур мэдэн бууруулсан бөгөөд энэ нь УИХ-ын 73 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам ”-ыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Ингэснээр төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг үгүй болгосон нь СЗХ-нд олон жил тогтвор суурьшилтай ажиллаж, мэдлэг туршлага хуримтлуулсан олон мэргэжилтнүүд “ажилгүй” болсон, мөн өөр албан ажилд шилжих хүсэлт гаргасан байдлаас харж байна.
 




2. С.Даваасүрэн төсвийн мөнгөөр жилийн дотор 13 гадаад улс руу томилолтоор явжээ 

Эрхэм дарга С.Даваасүрэн 2016 оны 07 дугаар сарын 30-нд үүрэгт ажилдаа томилогдсоноосоо хойш 13 удаа хилийн дээс давж, албан томилолтоор явжээ. Шилэн дансанд тусгагдсанаар зөвхөн хоёр томилолтын онгоцны тийз болон зочид буудлын төлбөр нь 10 гаруй сая төгрөг болсон байна. Харин бусад томилолтуудын зардлаа шилэн дансанд тусгаагүй учир чухам татвар төлөгчдийн хэр хэмжээний мөнгийг гадаад томилолтонд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм.
  1. Их Британи              2018 оны 03 дугаар сарын 23 http://frc.mn/news/1989
  2. Шри Ланка Улс        2018 оны 03 дугаар сарын 19 http://frc.mn/news/1985
  3. Словак                      2017 оны 12 дугаар сарын 07 http://www.frc.mn/news/1890
  4. БНСУ                        2017 оны 11 дүгээр сарын 17 http://www.frc.mn/news/1870
  5. Австрали улсад       2017 оны 10 дугаар сарын 13 http://frc.mn/news/1839
  6. Египет улсад            2017 оны 09 дүгээр сарын 12 http://frc.mn/news/1822
  7. Герман улсад           2017 оны 05 дугаар сарын 03 http://frc.mn/news/1707
  8. АНУ                           2017 оны 04 дүгээр сарын 20 http://frc.mn/news/1692
  9. Япон                          2017 оны 03 дугаар сарын 29 http://frc.mn/news/1661
  10. Вьетнам улсад         2017 оны 03 дугаар сарын 17 http://frc.mn/news/1650
  11. АНУ                           2016 оны 10 дугаар сарын 05 http://frc.mn/news/1471
  12. Фижи арал                2016 оны 09 дүгээр сарын 07 http://frc.mn/news/1437 /
 
3. 300 орчим сая төгрөгийг тусламж, шагнал урамшуулалд зарцуулжээ
 
Өнгөрсөн 2017 онд буюу ганцхан жилийн дотор 300 орчим сая төгрөгийг тусламж, шагнал урамшуулалд зарцуулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна.
 
Тодруулбал, СЗХ нь нэг удаагийн буцалтгүй тусламжийг196,350,000 төгрөгөөр нэг удаа, 75,000,000 төгрөгөөр нэг удаа, ажлын үр дүнгийн шагнал урамшуулалд 25,920,000 төгрөгөөр нэг удаа тус тус зарцуулсан байна. Жишээлбэл,дөнгөж ажилд ороод удаагүй байсан ажилтанд 3 сая төгрөгөөр, дараа жил нь тус ажилтанд 5 сая төгрөгөөр шагнал урамшуулал олгож байжээ.

Тогтоолын төслийг өөрийн дураар нь зассан олон аж ахуй нэгжүүдэд ноцтой хохирол учруулав

СЗХ нь 2016оны 10 дугаар сарын 18-ны өдөр ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож 2,500,000 ₮ /Хоёр тэрбум таван зуун сая төгрөг/ болгон тогтоожээ. Тухайн үед энэхүү шийдвэр нь ББСБ-уудын эсэргүүцэлтэй тулгарч байсан бөгөөд энэхүү асуудал нь УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэж байсан юм. СЗХ-ны гишүүдээс 1 гишүүн нь ажилтай тул эзгүй, 1 гишүүн нь уг тогтоолын төсөл, танилцуулга нь тухайн хурлын өдөр танилцуулагдахаар орж ирсэн тул санал өгөхөөс түдгэлзэж байсан байна. Асуудал нь хурлаар хэлэлцэгдсэн асуудлыг тогтоол болгож гаргахдаа СЗХ-ны дарга С.Даваасүрэн дур мэдэж СЗХ-ны тогтоолыг зассанд байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл тогтоолын төслийг Хот болон хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ББСБ-уудын дүрмийн санг өөрөөр тогтоодог жишгээр боловсруулсан байсан бөгөөд зөвхөн хотод үйл ажиллагаа явуулдаг ББСБ-уудын дүрмийн санг нэмэхээр тусгасан байжээ. Гэтэл тогтоол болгон гаргахдаа нийтээр нь дүрмийн санг нэмэхээр агуулгаатайгаар засаж гаргасан юм.
 
Тогтоолын төсөл
 


Тогтоолын төслийн танилцуулга



Батлагдсан тогтоол/2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, 271 дүгээр тогтоол/



Улмаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор энэхүү 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 271 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан юм. Энэхүү тооцоо судалгаагүй гэнэт гарсан тогтоолоос болж бизнес эрхлэгчид бүхэл бүтэн 7 сар хохирсон бол одоо ББСБ-ууд дүрмийн сангаа нэмэгдүүлэх эх үүсвэр хайх ажилтай болсон.
 
Онцолж хэлэхэд СЗХ-ны өмнөх удирдлагын үед 2016 оны 03 сарын 11-ний өдөр 71 дүгээр тогтоолоор “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд Банк бус санхүүгийн байгууллагуудыг үйл ажиллагааны цар хүрээгээр нь 3 ангилж түүнд нь тохирсон байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг ялгавартайгаар тогтоож, шатлан нэмүүлэхээр тогтоож байсан бөгөөд банк бус санхүүгийн байгууллагуудын нийтлэг эрх ашигт нийцсэн шийдвэр болж чадсан юм. Тухайлбал, зөвхөн валют арилжааны үйл ажиллагаа эрхлэх ББСБ нь 400 сая.төгрөгний дүрмийн сантай байх гэх зэргээр тогтоосон бөгөөд үүний дагуу ББСБ-ууд үйл ажиллагаагаа цэгцэлж, дүрмийн сангаа нэмэгдүүлж байжээ.

Гэтэл энэхүү шийдвэрээс дөнгөж 7 сарын дараа СЗХ-ны шинэ удирдлага С.Даваасүрэн дүрмийн санг дахин нэмэхээр Хорооны гишүүдэд тулгасан юм. Ингэхдээ нийтээр нь нэмэхээр болгож СЗХ-ны хорооны тогтоолыг дур мэдэн зассан нь баримтаар нотлогдож байна.


 
Хүнд суртал, ёсзүйгүй үйлдлийг цаашид тэвчихгүй гэв
 
Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм.
 
Харин С.Даваасүрэн дарга СЗХ-г ихээхэн хүнд сурталтай байгууллага болгосон бөгөөд хууль, журмыг үл хайхран өөрийн бодлоор шийддэг бүтцийг бий болгосон юм. Жишээлбэл, ХЗХ-ны дүрмийн санг ашгийн бус байгууллага тул хуулиар тогтоодоггүй байтал шинээр тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудад дүрмийн санг багадаа 5 сая.төг болгох нөхцөлийг амаар тулгадаг, зарим байгууллагуудын албан хүсэлтэд хариу огт өгдөггүй талаар хувийн хэвшлийнхэн ярьцгааж байна.
 
Хариу өгөөгүй, эсвэл тусгай зөвшөөрөл нь шийдэгдээгүй 1-2 жил болсон байгууллагууд:
  • ХХБ Факторинг, итгэлцэлийн тусгай зөвшөөрөл хүссэн шийдэгдээгүй.
  • “Итгэл финанс” 2016 оны 10 дугаар сард Налайхад ББСБбайгуулахаар хүсэлт гаргасан шийдэгдээгүй.
  • “Евразиа капитал холдинг” 2016 оны 7 дугаар сард “Хувьцаагаа олон нийтэд санал болгох” шийдвэр гарсан боловч шийдэгдэлгүй байсаар хөрөнгө оруулагч нь буцсан.
Ухаангүй ноёнд урагшгүй албат” буюу амнаас цааш гардаггүй даргад ямар хариуцлага тооцох вэ?

СЗХ-ны өмнөх удирдлагуудын үед үнэт цаас, бичил санхүү, даатгал, ХАА-н бирж гэсэн чиглэлүүдээр тус бүр хорооны дэргэд орон тооны бус “Бодлогын зөвлөл”-тэй байсан бөгөөд улирал бүр хуралдаж бодлогын зөвлөмж гаргадаг байжээ. Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, багш, судлаачид, мэргэжлийн оролцогчдын төлөөлөл оролцдог байсан. Үүний зэрэгцээ Жайкагийн СЗХ-той хамтран хэрэгжүүлж байсан төсөлд “Бодлогын зөвлөл” байгуулж ажиллуулах талаар дурдсан байсан бөгөөд одоо энэхүү Бодлогын зөвлөлүүд байхаа больсон аж.

ХЗДХЯамнаас 2016 оны 10 дугаар сард СЗХ-ны журам, дүрэм, заавар маягтуудыг хуульд нийцүүлэх албан шаардлага ирүүлсэн боловч СЗХ-ны 2017 оны тайланд дурдагдсанаар одоог хүртэл ажлын хэсэг байгуулан ажилласаар байгаа нь тус хорооны ажил хэт удаашралтай явагдаж байгааг илтгэнэ. СЗХ-ны даргаар 2014-2016 оны хооронд хоёр жил ажиллаж байсан З.Нарантуяа болон одоогийн дарга С.Даваасүрэн нарын 2 жилийн хугацаанд хийсэн ажлыг харьцуулахад нэг иймэрхүү. Эрхэм уншигч та дүгнэлтээ хийх биз ээ.

 



Б.Орхон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна