Бурханбуудайд булууны минь яс ивээс болно...

2018/04/10
Цахилгаан шатнаас гармагцаа тааралдсан өвөө бол тоймч, сэтгүүлч Б.Дашзэвгэ гуайн төрсөн дүү, өдгөө 74 настай Пүрэв. Хорих газраас 77 настай ахынхаа захидлыг барьсаар манай байрыг зорин иржээ. Шоронгоос бичсэн захидал... Өндөр настай аав, ээжийгээ анхааран халамжилж, харж байхгүй бол тэд маань хэнтэй ганцаардлаа хуваалцаж, хэний гэр бүлтэй нөхөрлөж, хэрхэн өтөлж буйг бид мэдэхгүй. Яг л учраа олохгүй бяцхан хүүхэд байхад минь орчлонгийн олон өнгийг таниулан хэл, хөлд оруулсантай нь адил, аав ээжийгээ асарч халамжлан, өтөлж хөгшрөн буй хүнд үеийг нь хамт туулалцах үүрэг үр хүүхдүүдэд нь ирдэг ажээ. Энэ тухай, Б.Дашзэвгэ гуайд тохиолдсон явдлаар жишээ аван бичсэнийг минь олж уншаад, ойлгох болов уу гэсэндээ энэхүү захиаг надад ирүүлсэн нь эдүгээ миний гар дээр байна. Тоймч Б.Дашзэвгэ хоёр хүү, нэг охинтой. Охин нь багш, докторант, хөвгүүд нь олон улсын харилцааны мэргэжилтэй. Түүний үйлдэхээр завдсан гэх хэргийг энд шүүх гэсэнгүй. Ямартай ч 9 жилийн хорих ял авсан түүний захидал "Тэр нэгэн өдөр тийм асуудал дэгдээгүй бол энэ настай хүн ингэж явах уу" хэмээсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлэв. Хэлмэгдсэн, эсвэл хэлмэгдээгүй...хэн ч, яаж ч нотлошгүй хэрэг...түүний дүү Пүрэв "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Ахтай минь олон жил зуслангийн хөрш явсан тэр хүмүүс миний ахаар олон ч удаа янз бүрийн аргаар архи авхуулж байсан юм билээ. Мөнгө ч бас нэхдэг.Тэр өдөр ч бас..." хэмээн өгүүлсэн байсан. Алдсан нэг нь яахав, шүүгдэх жамаараа шүүгддэг байж. Өтөл настай золгосон аав, ээжийгээ л хүүхдээсээ өөрцгүй харж хамгаалан, гуниг ганцаардлыг нь хуваалцаж, ярьж хөөрч, эрхлүүлж, эвийлж байгаарай, хүмүүс ээ. Ашиг хонжоо, арав таван цаас харсан хүмүүсийн золиос, тоглоом, доог тохуу болохоос нь хамгаалаарай...Олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвгэ 2017 оны 10 сарын 27-ны өглөө TV8 телевизэд " Дэлхийн тойм" 30 минутын нэвтрүүлэг бэлтгээд, мэдээллийн хөтөлбөрт "Өнөөдөр дэлхийд" 10 минутын тойм бичүүлээд, орой нь хоригдсон юм билээ. Дүү нь түүний тухай " Үндсэндээ сонсголгүй. Үүнээсээ болоод голдуу толгой дохих байдлаар асуултанд хариулдаг" гэж "Өдрийн сонин"-д тодорхойлон ярьсан байсан. Ирүүлсэн захидлаас нь хоёр шүлгийг энд ишлэн нийтлэв.



Хүүхдүүддээ...

Өнгөрсөн хойно минь
Өөнтөглөж муучлах хүн
Өдрийн од мэт цөөн шүү, хүү минь
Аав чинь арчаагүй хүн байсан гэж
Адлаж хэлэх хүн олдохгүй ээ, охин үр минь
Магтаалын минь үргэлжлэл
Магад та нар шүү
Сэтгэл зүрхний минь үргэлжлэл
Сэмэрч үлдсэн үрс минь шүү.

Төрсөн нутагтаа үлдээх шүлэг...

Хашгирахад хад чулуу нь
Дуу хоолойг минь шингээж үлдсэн
Өндөр өндөр уулсын орой
Өөрийг минь өлгийдсөн нутаг...
Булууны минь яс
Бурхан буудайд ивээс болно
Тоймчийн овооны чулуунд
Тойгны минь яс өнгө нэмнэ...
Ээж хайрхан энэхэн хүүгээ санаад
Нэгэнтээ өндөлзөнө
Төгрөг нуур нулимс болж
Нэгэнтээ мэлтэрнэ
Тосонгийн тал цээжээ агшаан
Нэгэнтээ санаа алдана....Б.Дашзэвгэ.
 
Р.Эмүжин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна