АТГ: Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчлан шалгаж байна

2018/04/11
АТГ-аас өчигдөр орой 21.00 цагийн орчимд Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээ, офшор данс, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-дүгээр ангид цагдан хориод байгаа билээ.

Тэгвэл С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчлан саатуулсантай холбогдуулан АТГ-аас албан ёсоор мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд, “Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн байна.
 
Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна