Моралтай ард түмэн, улс орон хөгждөг

Өчигдөр 11 цаг 45 минут
Бүтэлгүй юмыг ярих, бүтэлгүй юм хэлэх байтугай бүтэлгүй юм бодохоо ч таслан зогсоосон цагт монгол хүн, Монгол Улс хөгжих боломжтой болно.

Монголын нийгэм тэр чигээрээ бүтэлгүй нийгэм болж төлөвшиж байгаа нь харамсалтай хэрэг. Хаа сайгүй л Монгол хөгжихгүй, устан алга болно, бусдын колончлолд орно гэсэн бодол төлөвшиж байна.

Монгол хүн байж яагаад өөрийгөө бүтэхгүйгээр нь дуудаж, бүтэхгүй юм ярьж явах болов? Үүнд нэг учир шалтгаан бий.

Мэдлэггүй бол мэдэхгүй. Эрдэмгүй бол хүсэхгүй, зорилгогүй, зориглохгүй, бодохгүй, эв нэгдэлгүй, хатуужилгүй байх нь тодорхой. Мэдлэгийг (knowledge) сурч мэдэж байж л олно. Эрдмийг (virtue) “Этикс”, “Эстетикс” зэрэг философийн салбаруудаас л сурч авна.

Гэтэл монголын боловсролын тогтолцоонд Этикс болон Эстетиксийн талаарх мэдлэгийг заадаггүй учраас эрдэмтэй байх бололцоо даанч байхгүй юм.

Монголын ард түмний, нийтийн эрх ашгийн төлөө бодлого боловсруулж хэрэгжүүлэх, улмаар улс орныг хөгжил дэвшилд хүргэх эрдэм мэдлэгтэй, чин сэтгэл моралтай хүмүүс байхгүй тул монголын төр жижиг, сул дорой харагдана. Үүний улмаас Монгол хүн бүтэлгүй зүйл ярих, бүтэлгүй бодолд автах нь зуршил болж төлөвших хандлагатай болж байна.

Хүсэн мөрөөдөж, сэтгэн бодож, түүнийгээ боловсруулан, бүтээж чадвал энэ дэлхийд болохгүй зүйл үгүй юм. Энд хэдэн жишээнүүнээс дурдвал:
  • Байгалийн баялаггүй, хүн ам ихтэй, нутаг дэвсгэр багатай, байгалийн гамшиг үргэлж тохиолддог Япон Улсыг 100 хүрэхгүй жилийн дотор дэлхийн тэргүүний орон болгож хөгжүүлж чадсан.
  • Дэлхийн хамгийн их ядуу бөгөөд боловсролгүй хүн амтай байсан Дундад Улс 20 гаруй жилийн дотор дэлхийн хүн төрөлхтнийг гайхуулсан хурдаар хөгжсөн, хүчирхэг орон болж төлөвшиж байна. Хүн ам их гэдэг бол хөгжлийн маш хүнд дарамт хэдий ч Дундад Улс үүнийг даван туулж чадаж байна.
  • Элсэн цөл, тэмээний мах сүүнээс өөр юу ч үгүй, хүн ам цөөн Арабын Эмират Улсын Дубай 10 хүрэхгүй жилийн дотор дэлхийн хөгжлийн гайхамшиг болж хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн хэдэн зуун, мянган жилийн хөгжлийг 20 хүрэхгүй жилд бүтээж чадсан.
  • Мөнхөд оршин тогтоно гэж төсөөлж байсан ЗСБНХУ түүхийн тавцангаас арчигдсаны дараа нийгэм, эдийн засаг, улс төрийн гүн хямралд орсон ОХУ өнөөдөр хүйтэн дайны үетэй дүйцэхүйц хэмжээнд байр сууриа сэргээж байна.
  • Модны бизнес, Нокиа гар утаснаас өөр орлогогүй, тавхан сая хүн амтай, асар хүйтэн уур амьсгалтай Финланд Улс сүүлийн 10 гаруй жил хүрэхгүй хугацаанд дэлхийн мэдлэгийн хүчирхэг орон болж төлөвшсөн байна.
  • Хөлсний цэрэг борлуулах замаар амьжиргаагаа залгуулдаг, байгалийн баялаггүй, хөрш зэргэлдээ хүчирхэг улс гүрнүүдийн дарамтанд байсан Швейцарийн Холбооны Улс өнөөдөр дэлхийн санхүүгийн болон олон улсын улс төрийн энх тайвны, дэлхийн шинжлэх ухаан инженерчлэлийн төв болж төлөвшиж, баян чинээлэг амьдралыг зохиож чадсан.
  • Феодлын нийгэм хөгжиж, нийгмийн давхарга үүсээгүй, аж үйлдвэрийн хувьсгал явагдаагүй байсан малчин соёлтой Норвеги Улс “Эрх Тэгш”-ийг үндэсний үнэт зүйл болгож, хүн ам цөөхөнтэй сул талаа ухаарч, “нийт нь нэгний төлөө”, “нэг нь нийтийн төлөө” ухамсрыг улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарын амьдралын амин сүнс болгон хэрэгжүүлж, эрх тэгш нийгэм нь хамгийн хүчтэй нийгэм байдгийг хүн төрөлхтөнд үлгэр жишээ болгож чадсан.Норвеги Улс байгалийн баялгаас олсон орлогоо үндэсний баялгийн сан болгон зохион байгуулж, тус санг нь дэлхийн улс орнуудын нийтийн өмчит компаниудын хувьцааг саналын эрхтэйгээр худалдан авч засаглалд нь оролцохоос гадна дотоодын аж үйлдвэрийг дэлхийн түвшинд хөгжүүлэх сан болгон зохион байгуулж дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болж хөгжиж байна
 
Хүн ам цөөхөнтэйдөө гутрах шаардлагагүй. Хүн ам цөөхөн бол хөдөлмөрийн хүч хүрэлцэхгүй нь тодорхой. Гэхдээ дэлхийгээр дүүрэн хөдөлмөрийн хүч байгааг Чингисийн нүдээр олж харах хэрэгтэй.

Зөвхөн агуу зүйлийг хүсээрэй. Агууг хүссэний дараа учир нь олдоно. Хүсэхээс айж хүслийн ард битгий нуугд.

Агуу хүсэлтэй, мэдлэгтэй, эрдэмтэй, моралтай монгол хүн л Монголын баялаг.

Даяарчилсан оюуны сэтгэлгээгээр (Global mindset) дэлхийн манлайллыг (Global leadership) монгол үндэсний соёл болгож хөгжүүлэх нь монголын боловсролын тогтолцооны амин сүнс байх ёстой.

“Моралтай Монгол” Сан


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна